Хэвлэх DOC Татаж авах
ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ХЭСЭГ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН

ТОГТООЛ

 

2006 оны 2 дугаар                                                                                                          Дугаар 07                                                                                                                    Улаанбаатар

сарын 20-ны өдөр                                                                                                                                                                                                                                                           хот

 

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН

 ЗАРИМ ЗҮЙЛ, ХЭСЭГ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг нэг мөр ойлгох, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Монгол Улсын Дээд Шүүхээс ТОГТООХ нь:

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль (цаашид “хууль”-гэх)-ийн зарим зүйл, хэсэг, заалтыг дор дурьдсанаар тайлбарласугай.

1.Хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6-д <<Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан>> гэдэгт Хуулийн этгээдийн өөрийн үйл ажиллагааг явуулахад ашиглах оноосон нэр нь бичвэр, хэлбэр авиан дуудлагын хувьд Улсын татварын Ерөнхий газрын дэргэдэх Улсын бүртгэлийн албаны Хуулийн этгээдийн нэрийн нэгдсэн жагсаалтанд бүртгэгдсэн бусад хуулийн этгээдийн нэртэй ижил байхыг ойлгоно.

2.Хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т <<Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хууль тогтоомжийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн>> гэсний <<удаа дараа>> гэдгийг энэ хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д заасан хууль, тогтоомжийн актанд заасан шаардлагыг Хуулийн этгээд үл биелүүлэн гурав буюу түүнээс дээш зөрчснийг, <<ноцтой зөрчсөн>> гэдгийг Хуулийн этгээдийг үүсгэн байгуулах баримт бичиг, өөрийн хөрөнгө болон улсын бүртгэлийн жагсаалтыг хуурамчаар бүрдүүлсэн, эсхүл үүсгэн байгуулах баримт бичигт заасан үйл ажиллагааны зорилгоос гажсан, мөн бусдад төлөх өр төлбөрөөс зайлсхийж, хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах зэргээр төр, иргэд, хуулийн этгээдэд их хэмжээний хохирол учруулсан буюу учруулж болох зөрчлийг ойлгоно.

3.Хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т зааснаар хууль хүчин төгөлдөр болсноос хойш арван найман сарын буюу 2005 оны 4 дүгээр сарын 1-ний дотор Хуулийн этгээд нь хуульд заасан баримт бичгийг бүртгэх байгууллагад ирүүлээгүй бол тухайн хуулийн этгээдийг татан буулгах эсэх асуудлыг бүртгэх эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэнэ.

Шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 32 дугаар зүйлд заасан журмын дагуу ажиллагаа хийхийг бүртгэх байгууллагуудад даалгасан байвал зохино.

Хуулиар тусгайлан харьяалуулсан тул Улс төрийн намыг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгахтай холбоотой асуудлыг Улсын Дээд шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ.

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      С.БАТДЭЛГЭР

                                                ШҮҮГЧ                                               Д.ТУНГАЛАГ