A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • МОНГОЛ УЛСЫН 1993 ОНЫ УЛСЫН ТӨВЛӨРСӨН ТӨСВИЙН ТӨСЛИЙН ТАЛААР ГАРСАН САНАЛЫН ДАГУУ АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

МОНГОЛ УЛСЫН 1993 ОНЫ УЛСЫН ТӨВЛӨРСӨН ТӨСВИЙН ТӨСЛИЙН ТАЛААР ГАРСАН САНАЛЫН ДАГУУ АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1993 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 8

Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 1993 оны улсын төвлөрсөн төсвийн төслийг хэлэлцэх явцад Байнгын хороод болон гишүүдээс төсвийн санхүүжилтийг багасгах талаар гаргасан саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Салбарын болон орон нутгийн удирдлагын зохистой уялдааг хангаж, илүү шат дамжлагагүй цомхон, чадварлаг аппарат бүхий төрийн удирдлагын бүтцийг бүрдүүлэх үндсэн дээр удирдлагын зардлыг хямдруулах, төсвийн нийт зарлагад түүний эзлэх хувийг бууруулах чиглэл баримтлах нь зүйтэй гэж үзсүгэй.

2.Энэ тогтоолын 1-д заасан асуудлаар тодорхой санал боловсруулах ажлын хэсэг байгуулж ажиллуулахыг Улсын Их Хурлын дарга н.Багабанди, Ерөнхий сайд П.Жасрай нарт үүрэг болгосугай.

3.Дор дурдсан арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар (П.Жасрай)-т даалгасугай:

1)боловсролын тогтолцоог боловсронгуй болгох, сургуулийн байршил, бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоох, аж ахуй эрхлэх үйл ажиллагааг нь дэмжих, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын ажлын уялдааг сайжруулан зохистой бүтэц бий болгох, соёл, боловсрол, эрүүл мэндийн салбарын үйлчилгээний хүрээнд зах зээлийн харилцааны зарчмыг үе шаттайгаар нэвтрүүлэх замаар эдгээр салбарын санхүүжилтийн төсвийн болон төсвийн бус эх үүсвэрийн зохистой харьцааг тогтоох, төсвийн хөрөнгийн ашиглалтыг сайжруулах асуудлыг судлан боловсруулж энэ оны нэгдүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

2)улс орны батлан хамгаалах үйл ажиллагааг нэгдмэл бодлогоор зохион байгуулж явуулах хууль зүйн баталгаагНбий болгох, цэргийн байгууллагуудыг нэгдсэн удирдлага, бүтэц, зохион байгуулалтад оруулах талаар иж бүрэн санал боловсруулж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлдд танилцуулан энэ оны нэгдүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

3)нийгэм хангамжийн өнөөгийн тогтолцоог зохих үе шаттайгаар өөрчилж зах зээлийн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулах шаардлагыг үндэслэн холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж энэ оны гуравдугаар улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

4)аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар орон нутгийн төсвийг хэлэлцэж баталсан байдал болон "Эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөр", "Эдийн засгийн бүтцийг тохируулан өөрчлөх төсөл"-ийн талаар олон улсын санхүүгийн байгууллагатай хийх хэлэлцээрийн дүнг харгалзан Монгол улсын 1993 оны улсын төвлөрсөн төсвийн биелэлтийн явц, цаашид авах арга хэмжээний талаар энэ оны 4 дүгээр сард Улсын Их Хуралд танилцуулах.

ДЭД ДАРГА Ж.ГОМБОЖАВ ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИчГИЙН ДАРГА Н.РИНЧИНДОРЖ