Хэвлэх DOC Татаж авах
НҮБ-ЫН БАГА ХУРЛААС ДЭВШҮҮЛСЭН ЗОРИЛТЫГ ДЭМЖИХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

НҮБ-ЫН БАГА ХУРЛААС ДЭВШҮҮЛСЭН ЗОРИЛТЫГ ДЭМЖИХ ТУХАЙ


1993 оны 6 дугаар сарын 15-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 43



Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.Бразиль улсын Рио-де-Жанейро хотноо 1992 оны 6 сард "Хүрээлэн буй орчин ба хөгжил"-ийн асуудлаар болсон НҮБын Бага Хурлаас гаргасан "Хүрээлэн буй орчин ба хөгжлийн тухай Рио-де-Жанейрогийн тунхаглал", "Хорин нэгдүгээр зууны мөрийн хөтөлбөр"-ийг дэмжсүгэй.


2.НҮБ-ын Бага хурлаас гаргасан тунхаглал, мөрийн хөтөлбөрт заасан тогтвортой хөгжлийн чиг баримтлалын үзэл санааг Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт тусгаж байх нь зүйтэй гэж үзсүгэй.


3.Дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:


1)НҮБ-ын Бага хурлаас дэлхийн улс гүрнүүд, олон улсын байгууллагуудад хандаж гаргасан "Тайлбарлах бичиг"-т дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх;


2)Бага хуралаас гаргасан "Хорин нэгдүгээр зууны мөрийн хөтөлбөр"-т заасан тогтвортой хөгжлийн чиг баримтлалын үзэл санааг Монгол улсын үндэсний хөгжлийн үзэл баримтлалд тусгаж, Байгаль орчныг хамгаалах үндэсний хөтөлбөрийг 1993 онд багтаан боловсруулах;


3)байгаль, орчныг хамгаалах, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон арга хэмжээг хэрэгжүүлэхэд төрийн захиргааны болон олон нийтийн үүсгэл санаачилгын байгууллагуудын үйл ажиллагааг чиглүүлж, уялдуулан зохицуулах;


4)Монгол орны экологийн талаархи мэдээлэл, сурталчилгааг гадаад, дотоодод өргөтгөх зорилгоор байгаль орчныг хамгаалах төрийн захиргаа, олон нийтийн болон хэвлэл, мэдээллийн байгууллагын хүчийг нэгтгэн зохион байгуулах.


ДАРГА Н.БАГАБАНДИ ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.РИНЧИНДОРЖ