Хэвлэх DOC Татаж авах
ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ, ДУНДЫН ӨМЧЛӨЛИЙН ОРОН СУУЦНЫ ТУХАЙ ХУУЛИУДЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ, ДУНДЫН ӨМЧЛӨЛИЙН ОРОН СУУЦНЫ ТУХАЙ ХУУЛИУДЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


1997 оны 2 дугаар сарын 6-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 13



Орон сууц хувьчлах тухай болон Дундын өмчлөлийн орон сууцны тухай хуулиудыг баталсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.Орон сууц хувьчлах бэлтгэл ажлын хүрээнд 1997 оны 1 улиралд багтаан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /М.Энхсайхан/-т даалгасугай:


1/Засгийн газар болон төрийн захиргааны төв байгууллагаас орон сууцны талаар гаргасан одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа шийдвэрүүдийг орон сууц хувьчлахтай холбогдсон хуулиудад нийцүүлэх, хуульд заасан журам, дүрмийг батлан мөрдүүлэх;


2/орон сууцны дундын эзэмшлийн эд хөрөнгө сууц өмчлөгчдийн дундын өмчлөлд шилжихтэй холбогдон орон сууц,нийтийн аж ахуйн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах;


3/орон сууцны дундын эзэмшлийн эд хөрөнгөөс сууц өмчлөгчдийн дундын өмчлөлд шилжих болон төрийн өмчлөлд үлдэх эд хөрөнгийг тогтоох, үнэлэх, шилжүүлэх аргачлал, журмыг батлан гаргах;


4/сууц өмчлөгчдийн холбоо байгуулж, дундын өмчлөлийн эд хөрөнгө холбооны мэдэлд шилжин ирэх хүртэл эдгээр эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, цэвэрлэгээ, үйлчилгээг орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагаар хариуцуулан гүйцэтгүүлэх;


5/сууц өмчлөгчдийн холбоог үүсгэн байгуулах, үйл ажиллагаагаа хэвийн явуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгийг сууц өмчлөгчид дундаа хамтран өмчлөхтэй холбогдсон асуудлаар сууц өмчлөгчдөд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулах;


6/хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн ягаан тасалбарыг үнэтэйгээр хувьчлах сууцны үнийн төлбөрт оруулан тооцохтой холбогдуулан хөрөнгийн биржид бүртгэлтэй байгаа хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн ягаан тасалбарыг иргэд хоорондоо арилжаалах, шилжүүлэхтэй холбогдсон журмыг эрх бүхий байгууллагаар батлуулан мөрдүүлэх;


7/аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх төрийн өмчийн орон сууцыг тухайн орон нутгийн өмчид шилжүүлэх асуудлыг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;


8/Орон сууцны байшин дахь сууцыг түрээсийн гэрээгээр эзэмшиж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын судалгааг гаргаж эдгээр сууцыг хуульд заасны дагуу зориулалтаар нь ашиглах асуудлыг шийдвэрлэх.


2.Орон сууц хувьчлах тухай хууль хүчин төгөлдөр болсноос хойшхи хугацаанд төрийн өмчид шилжиж ирсэн буюу шинээр ашиглалтад орсон төрийн өмчийн орон сууцыг хувьчлахдаа орон сууцны талаар явуулах төрийн нэгдсэн бодлоготой уялдуулан хуульд заасан хувьчлах арга хэлбэрүүдийг сонгон шийдвэрлэж байхыг Засгийн газар /М.Энхсайхан/-т даалгасугай.


3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төсөв, санхүү, эдийн засгийн бодлогын байнгын хороо /Д.Ганболд/-нд даалгасугай.


4.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан Улсын Их Хурлын 1996 оны 1О дугаар сарын 25-ны өдрийн 53 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.


ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ