A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

1995 оны 6 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 159

Улаанбаатар хот

                                                       ШҮҮХ, ШҮҮГЧДИЙГ МЭРГЭЖЛИЙН УДИРДЛАГААР ХАНГАХ АЖЛЫГ САЙЖРУУЛАХ ТУХАЙ

Хэвлэх

 

Сум дундын болон дүүpгийн шүүх, шүүгчдийг мэpгэжлийн удиpдлагааp хангах талааp зохиож байгаа ажлын тухай Төв аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Раашзэвэг, Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Пүрэвдорж нарын сонсголыг хэлэлцээд Монгол Улсын Дээд шүүхээс тэмдэглэх нь:

Улс орон төр төвтэй улс төрийн тогтолцоонд зах зээлийн зохицуулалттай эдийн засагт шилжиж, төрийн тогтолцоонд шүүхийн эзлэх байр суурь өөрчлөгдөн, хууль тогтоомж бүхэлдээ өөрчлөгдөж байгаа нөхцөлд шүүх, шүүгчдийг мэргэжлийн удирдлагаар хангах,түүний дотор хуулийг нэг мөр ойлгон зөв хэрэгжүүлэх, шүүхийн баримт бичиг боловсруулах ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах явдал нэн чухал зорилт болж байна.Тиймээс ч Монгол Улсын Дээд шүүхийн 1993 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 55 дугаар тогтоолоор шүүхийг мэргэжлийн удирдлагаар хангах журмыг батлан гаргаж, түүнийг хэрэгжүүлэхийг зохих шатны шүүх, тэдгээрийн ерөнхий шүүгчдэд даалгасан билээ.

Шүүхийг мэргэжлийн удирдлагаар хангах журам батлагдан гарснаас хойшхи хугацаанд Төв аймгийн шүүх шүүгчдийн нэгдсэн семинарыг улирал бүр зохион явуулах, сум дундын шүүхийн ажлыг хэсэгчлэн шалгах, Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулсан семинарт зарим шүүгчдийг оролцуулах, сум дундын шүүхээр шийдвэрлэсэн эрүү, иргэний хэргийг жил бүр судлан ярилцлага зохиох,зөвлөмж,тойм гаргах зэргээр ажиллаж иржээ. Нийслэлийн шүүх шүүн таслах ажиллагаанд зөрчил,дутагдал гаргасан шүүгчдийг давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцуулах ноцтой зөрчил гаргасан шүүгчдэд сахилгын арга хэмжээ авах, хууль тогтоомжийн тодорхой асуудлаар санал солилцох,дүүргийн шүүхийн ажлыг хэсэгчлэн шалгах, Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулсан семинарт зарим шүүгчдийг хамруулах зэрэг ажил хийжээ.

Гэвч Төв аймгийн болон нийслэлийн шүүхээс сум дундын болон дүүргийн шүүхүүдийг мэргэжлийн удирдлагаар хангах талаар зохиосон ажил шаардлагын хэмжээнд хүрээгүй байна. Тухайлбал, анхан шатны шүүхийг шалган туслах ажлыг тодорхой хугацаанд иж бүрнээр буюу хэсэгчлэн шалгах систем тогтоогоогүй, хийж буй шалгалт нь өнгөцхөнөөс шүүх, шүүгчдийн гаргаж буй зөрчил дутагдлыг бүрэн илрүүлэн арилгаж чаддаггүй, шүүгчдийн сургалтыг тогтмол чанартай явуулдаггүй, шүүхийн практик нэгтгэн судлах ажил тогтмолжоогүй, Нийслэлийн шүүх, дүүргийн шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол, шийдвэр, магадлалыг хянах ажил хийгээгүй мэргэжлийн удирдлагаар хангах бололцоо хэлбэрийг эрж хайх, хуучин хэрэглэж ирсэн хэлбэрийг ашиглах талаар анхаараагүй ,байршлынхаа давуу талыг ашиглаж чадаагүй байна.

Төв аймгийн болон Нийслэлийн шүүх шүүхийг мэргэжлийн удирдлагаар хангах журмыг хэрэгжүүлэх ажлыг хангалтгүй зохион байгуулж байгааг буруушаан тэмдэглэж Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

Нэг.Аймаг, нийслэлийн шүүхээс сум буюу сум дундын дүүргийн шүүх, шүүгчдийг мэргэжлийн удирдлагаар хангах гол хэлбэр нь тодорхой хэрэг хянан шийдвэрлэх, шалган туслах, шүүхийн шийдвэрийг хянах, сургалт явуулах, шүүхийн практикийг нэгтгэн судалж зөвлөмж, тойм гаргах явдал гэж үзсүгэй.Түүнчлэн нийтлэл бичих,онол-практикийн хурал хийх, ярилцлага, лекц зохион байгуулах,үзүүлэх шүүх хуралдаан хийх,харилцан туршлага солилцуулах,залуу шүүгчдийг туршлагатай шүүгчдэд хариуцуулан сургаж дадлагажуулах ажил тогтмол зохион байгуулах нь аймаг, нийслэлийн шүүхээс шүүхийг мэргэжлийн удирдлагаар хангах ажлын салшгүй хэсэг гэж үзсүгэй.

Хоёр.Төв аймгийн шүүхийн ерөнхий шүүгч Ц.Рашзэвэг,Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Пүрэвдорж нарт даалгах нь:

1.Сум дундын буюу дүүргийн шүүх,шүүгчдийг мэргэжлийн удирдлагаар хангах ажилд оршиж байгаа дутагдлыг арилган энэ ажлыг тус тусын шүүхийн ажлын төлөвлөгөөнд тусгайлан тусгаж хэрэгжүүлж байх.

2.Шүүхийг мэргэжлийн удирдлагаар хангах ажлыг сайжруулах, энэ тогтоолд заасан дутагдлыг арилгах талаар авсан арга хэмжээний дүнг 1995 оны 12 дугаар сард багтааж Дээд шүүхэд илтгэх.

Гурав.Аймаг, нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгчдэд үүрэг болгох нь:

1.Монгол Улсын Дээд шүүхийн 1993 оны 55 дугаар тогтоолоор баталсан шүүхийг мэргэжлийн удирдлагаар хангах журмыг аймаг, нийслэлийн шүүхийн бүх шүүгчээр дахин судлуулж, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээг шүүхийн ажлын төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж байх.

2.Шүүхийг мэргэжлийн удирдлагаар хангах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэхдээ аймаг, нийслэлийн шүүхээс анхан шатны болон давж заалдах, хяналтын шатны шүүн таслах ажиллагааг үлгэр жишээ болгох; сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн ажлыг 1-2 жил тутамд иж бүрэн шалган туслах журам тогтоох, тэдгээрийн таслан шийдвэрлэх тогтоол, шийдвэр, магадлал, захирамжийг нэг бүрчлэн хянаж алдаа, дутагдлыг тухай бүрд нь арилгах арга хэмжээ авах, тодорхой хэлбэрийн ялангуяа шинэ хуулийг нэг мөр ойлгон зөв хэрэглэх, сургалтыг тогтмол явуулах, жил бүр шүүхийн практикийг тодорхой асуудал, хэргийг төрөл, шүүхээр нэгтгэн судалж зөвлөмж, тойм гаргах ажлыг сайжруулах.

3.Шүүхийг мэргэжлийн удирдлагаар хангахад шаардлагатай материаллаг баазыг бий болгох,тухайлбал номын сан, дүрс бичлэгийн сан бий болгох, шаардлагатай ном хэвлэл, гарын авлага, техник хэрэгслээр хангах арга хэмжээ авах.

Дөрөв.Дээд шүүхийн номын сан,шүүхийн мэдээллийн нэгдсэн сүлжээ байгуулах ажлыг 1996 оны 1 дүгээр улиралд багтаан эхний ээлжийг ашиглалтад оруулах арга хэмжээ авахыг Шүүхийн тамгын газар /Ч.Дашням/-т үүрэг болгосугай.

Тав.Аймаг, нийслэлийн шүүхийг шалган туслах явцад энэ тогтоолын хэрэгжилтийг шалгаж шаардлагатай туслалцаа үзүүлж биелэлтэд нь хяналт тавьж байхыг Танхимын тэргүүн шүүгч Ч.Ганбат, Р.Жамъянчойжил, Шүүхийн тамгын газрын дарга /Ч.Дашням/ нарт даалгасугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
ШҮҮГЧ Н.ТӨРБАТ