Хэвлэх DOC Татаж авах
Санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай


2009 оны 03 сарын 03 өдөр                                                                


Төрийн ордон, Улаанбаатар хот


Дугаар 22



Санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах зорилгоор Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.“Санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний төлөвлөгөө”-г 1 дүгээр хавсралтаар, “Нэн тэргүүнд боловсруулж, батлуулах шаардлагатай хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн жагсаалт”-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.


2.Санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах чиглэлээр дараахь арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газар /С.Баяр/, Монголбанк /Л.Пүрэвдорж/-нд үүрэг болгосугай:


1/Санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг нэн даруй зохион байгуулах;


2/энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад тусгагдсан банк, санхүү, төсөв, бодит салбарын үйл ажиллагааг дэмжих, тогтворжуулахад шаардагдах 1.5 их наядаас доошгүй төгрөгтэй тэнцэхүйц хөрөнгийг гадаад, дотоод эх үүсвэрээс нэн даруй олох арга хэмжээг авч ажиллах;


3/санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулахтай холбогдуулж нэн тэргүүнд боловсруулж батлуулах хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг Улсын Их Хуралд яаралтай өргөн мэдүүлэх;


4/санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний явц, үр дүнгийн талаар Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулганд танилцуулах;


5/зээлийн хөрөнгөөр зөвхөн эргэн төлөгдөх нөхцөлтэй, экспортыг урамшуулсан, импортыг орлосон төслүүдийг санхүүжүүлэх.


3.Эдийн засгийн өсөлтийг хангах, бодит салбарын хөгжлийг дэмжих зорилгоор 2009 онд олон улсын бондын зах зээлд 1.2 тэрбум хүртэл ам. доллартай тэнцэхүйц үнийн дүн бүхий Засгийн газрын бонд гаргах эрхийг Засгийн газар /С.Баяр/-т олгосугай.


4.Энэ тогтоолыг Улсын Их Хурлаар хэлэлцэх явцад Монгол Улсын Ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналуудыг уг тогтоолыг хэрэгжүүлэх дэлгэрэнгүй төлөвлөгөөнд тусгаж ажиллахыг Засгийн газар /С.Баяр/, Монголбанк /Л.Пүрэвдорж/-нд тус тус даалгасугай.


5.Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс нь буюу 2009 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ