Хэвлэх DOC Татаж авах
ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

 

2003 оны 2 дугаар                                                                                                             Дугаар 01                                                                                                                 Улаанбаатар

сарын 20-ний өдөр                                                                                                                                                                                                                                                          хот

 

 

ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ

ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

 

Шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг нэг мөр ойлгох, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

1.Шүүхийн тухай хуулийн 6.5-д “Иргэдийн төлөөлөгч ажил эрхэлдэг бол түүнийг шүүхэд ажиллах хугацаанд ажлаас нь чөлөөлж, цалинг тухайн аж ахуйн нэгж, байгууллага олгоно” гэдгийг тухайн хугацаанд ажил олгогчоос захиргааны чөлөө олгож, түүний авах үндсэн болон нэмэгдэл цалинг, тогтмол цалингүй бол дундаж цалин тодорхойлох журмын дагуу тооцсон дундаж цалинг олгоно гэж ойлгохоос гадна энэ хуулийн 6.3-т заасан иргэдийн төлөөлөгчөөр шүүхэд ажилласан хөлсийг мөн хугацаагаар тооцож шүүхээс олгоно гэж ойлговол зохино

2.Хуулийн 9.1-т заасан “…өмгөөлөгчөө чөлөөтэй сонгон авах…” эрхийг Өмгөөллийн тухай хуулийн 3.1.2 дугаар зүйлийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 2003 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаар тогтоолын 2 дугаар заалтын дагуу тайлбарлан ойлгосугай.

3.Хуулийн 9.4-т “Төлбөрийн чадваргүй иргэний өмгөөллийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ…” гэснийг Өмгөөллийн тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 2003 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаар тогтоолын 9 дүгээр заалтын дагуу тайлбарлан ойлгосугай.

4.Хуулийн 10.2-т заагдсан “…орчуулагч, хэлмэрч авах эрх” монгол хэл мэдэхгүй хүнд хамаарахаас гадна монгол хэлийг хэрэглэж чадахгүй хэлгүй, дүлий, сохор хүмүүст мөн адил хамаарахыг заасугай.

5.Хуулийн 11.3-т “Шүүх тухайн хэрэг, маргааны онцлогоос шалтгаалж шүүх хуралдааныг хаалттай явуулж болно” гэснийг хуульд хаалттай хянаж шийдвэрлэхээр зааснаас бусад хэрэг, маргааныг хүмүүжил, ёс суртахууны хэм хэмжээ, хүмүүсийн хувийн амьдралын болон бизнесийн зэрэг асуудлуудыг хөндөх тохиолдолд хэргийн оролцогчдын хүсэлтийг үндэслэн шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж шүүх хуралдааныг хаалттай явуулахыг хэлнэ.

6.Хуулийн 12.4-т зааснаар тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль нь Үндсэн хуульд нийцэхгүй байна гэж үзвэл шүүх тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, гаргасан саналыг Улсын Дээд шүүх нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэж, тогтоол гарган, Үндсэн хуулийн цэцэд хүсэлт тавина.

7.Хуулийн 15.4-т “Шүүхийн мэргэжлийн удирдлага нь хуулийг тайлбарлах, сургалт явуулах, шүүхийн практикийг нэгтгэн судалж, зөвлөмж гаргах хэлбэртэй байна” гэснийг:

а/Улсын Дээд шүүхээс хуулийн албан ёсны тайлбар гаргахаас гадна шинжлэх ухааны, онолын, сэдэвчилсэн, үзэл баримтлалын тайлбар гаргах;

б/Онол, практик, хууль хэрэглэх арга зүйн асуудлаар төвлөрсөн, бүсчилсэн, зайны, газар дээрх гэх мэт сургалт явуулах;

в/Шүүхийн практикийг статистик мэдээнээс, шүүхээс гарсан эрхийн актаас, тодорхой төрлийн хэрэг, маргаанаас судалж, цаг үеийн шаардлагатай асуудлаар зөвлөмж, тойм, судалгаа гаргах зэрэг арга хэрэгслийг ашиглаж болохыг хэлнэ.

Анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүн таслах үйл ажиллагааг бүрэн хэмжээгээр шалгах явцад дээрх гурван хэлбэрийн ажиллагааг заавал явуулах, сэдэвчилсэн буюу хэсэгчилсэн шалгалтын явцад аль нэг хэлбэрийн ажиллагааг явуулж байвал зохино.

8.Хуулийн 15.5, 16.6-д заасан “Улсын дээд шүүхийн шийдвэрээр” гэдгийг Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны тогтоолоор, “Ерөнхий шүүгч батална” гэдгийг Ерөнхий шүүгч захирамжаар батална гэж тус тус ойлгоно.

9.Хуулийн 15.6.9-д “цаазаар авах ял оногдуулсан шүүхийн шийдвэртэй хэргийг гомдол, эсэргүүцэл гарсан эсэхээс үл хамааран хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэх” гэдгийг Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэнэ гэж ойлговол зохино.

Гэхдээ гомдол, эсэргүүцэл гарсан бол түүнийг эхэлж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 347.1-д заасны дагуу шийдвэрлээд дараа нь хуулийн энэ заалтыг мөрдөнө.

10.Хуулийн 20.5-д “Улсын дээд шүүхийн шүүгчдийн хуралдаан нь нийт шүүгчдийн гуравны хоёроос доошгүй …” гэснийг 8-аас доошгүй шүүгч хүрэлцэн ирснийг, “…хуралдаанд оролцогчдын олонхийн саналаар…” гэснийг хуралдаанд оролцож буй шүүгчдийн 50 хувиас дээш санал авахыг тус тус ойлгоно.

11.Хуулийн 20.6-д “…өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй” гэдгийг:

а/Аймаг, нийслэлийн шүүхийн хувьд:

-Тухайн шүүгч урьд өмнө анхан болон хяналтын шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэж байсан бол давж заалдах шатны журмаар тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй. Харин урьд давж заалдах шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэж байсан нь тухайн хэргийг давж заалдах шатны журмаар дахин хянан шийдвэрлэхэд саад болохгүй.

б/Улсын Дээд шүүхийн хувьд:

-Урьд нь уг хэргийг тухайн шүүгч өөр шатны шүүхэд ажиллаж байхдаа анхан болон давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэж байсан бол хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэж болохгүй.

-Урьд /2002 оны 9 дүгээр сарын 01-нээс өмнө/ хэргийг Улсын Дээд шүүхийн давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэж байсан шүүгч хяналтын шатны журмаар уг хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд оролцохгүй.

Харин урьд хяналтын шатны журмаар уг хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч хэргийг дахин хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болно гэж тус тус ойлговол зохино.

12.“Улсын дээд шүүхийн шийдвэрийг” “Дээд шүүхийн мэдээлэл” сэтгүүлд нийтэлж болно” гэсэн хуулийн 21.4 дүгээр зүйлийг хэрэгжүүлэхдээ маргааны төрөл, онцлогоос хамааран шүүхийн практикийг нэгтгэх, хуулийн зүйл, заалтыг нэг мөр ойлгоход ач холбогдолтой зарим тогтоолыг нийтэлнэ.

13.Хуулийн 27.1-д заасан “…хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ” гэдгийг улс орон даяар тардаг өдөр тутмын хэвлэл, радио, телевизийн мэдээллийн хэрэгслийг ашиглахыг хэлнэ.

14.Хуулийн 28.1.2-т “ял шийтгүүлж байгаагүй” гэснийг урьд өмнө огт ял шийтгүүлж байгаагүй гэж ойлгох ба Эрүүгийн хуулийн 78.2-т заасан ялгүй болох хугацаа үүнд хамаарахгүй.

15.Хуулийн 28.2, 28.3-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчид:

а/тухайн шүүхийн Шүүгчдийн зөвлөлгөөнөөс нэр дэвшүүлнэ.

б/шүүгч өөрөө нэрээ дэвшүүлнэ.

Шүүгчдийн зөвлөлгөөнөөс өөрийн шүүхийн болон адил шатны шүүхийн шүүгчийн нэрийг дэвшүүлж болно.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчид нэрээ дэвшүүлж байгаа шүүгч нь тухайн шүүхийн болон өөр шүүхийн шүүгч байж болно. Шүүгчдийн зөвлөлгөөнөөс Ерөнхий шүүгчид тухайн шүүгчийн нэрийг дэвшүүлээгүй нь уг шүүгч өөрийнхөө нэрийг дэвшүүлэхэд саад болохгүй.

16.Хуулийн 29.1-д заасан “…тухайн шүүхийн тамгын хэлтэс…” гэдэг нь шүүгчийн орон тоо гарсан шүүхийн тамгын хэлтсийг хэлнэ.

17.Хуулийн 30.4-т “Мэргэшлийн хорооны гишүүдийн зургаа нь шүүгч байна” гэсэн нь давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шүүгчид байх ба тэдгээрийг энэ хуулийн 67.3.3-т заасны дагуу Шүүгчдийн зөвлөл сонгоно.

Мэргэшлийн хорооны 3 гишүүн нь энэ хуулийн 30.3-т зааснаар эрх зүйн өндөр боловсролтой, хууль зүйн ухааны эрдмийн цол зэрэгтэй, мэргэжлийн өндөр дадлага, туршлагатай хуульчид байх ба тэдгээрийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны санал болгосноор Шүүхийн ерөнхий зөвлөл баталж, Шүүгчдийн зөвлөлөөс сонгогдсон 6 шүүгч, гишүүдийн хамт мэргэшлийн хороог энэ хуулийн 30.2-т зааснаар байгуулна.

18.Хуулийн 30.7.2 дахь дүгнэлтийг Мэргэшлийн хороо энэ хуулийн 30.7.3-т заагдсан субъектуудын шийдвэр, хүсэлтээр гаргана. Энэ дүгнэлт нь шүүгчийг мэргэшлийн түвшин, ажил хэргийн чадварын хувьд албан тушаалдаа тэнцэх эсэхийг тодорхойлох ба шүүгчийг албан тушаал бууруулах, чөлөөлөх эсэх тохиолдолд гарна.

19.“Шүүгчид нэр дэвшигчийн эрх зүйн мэдлэг, ажил хэргийн чадварын талаар гаргасан дүгнэлт нэг жилийн хугацаанд хүчинтэй байна” гэж хуулийн 30.8-д заасныг:

а/ шүүгчид нэр дэвшигчийн талаар “шүүгчийн албан тушаалд тэнцэхгүй” гэсэн дүгнэлт гарсан бол нэг жилийн хугацаанд тухайн этгээд дахин шүүгчийн сонгон шалгаруулалтад орох эрхгүй.

б/“шүүгчийн албан тушаалд тэнцэнэ” гэсэн дүгнэлт гарсан хэдий ч шүүгчээр томилогдоогүй бол нэг жилийн хугацаанд дахин шалгалт өгч, дүгнэлт гаргуулахгүйгээр шүүгчийн сонгон шалгаруулалтад хамрагдах эрхтэй гэж тус тус ойлгоно.

Мэргэшлийн хорооны дүгнэлт нэг жилийн хугацаанд хүчинтэй байх нь зөвхөн шүүгчид нэр дэвшигчийн эрх зүйн мэдлэг, ажил хэргийн чадварын талаарх дүгнэлтэд үйлчлэх ба харин шүүгчийн мэргэшлийн түвшин, ажил хэргийн чадварын талаарх дүгнэлтэд хамааралгүй юм.

20.Хуулийн 32.4 дүгээр зүйлд “…зургаан жилийн хугацаагаар томилно” гэдгийг Ерөнхий шүүгчийг томилох тухай бүрт зургаан жилээр томилно гэж ойлгоно. Нэг шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдсон шүүгчийг бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байхад нь өөр шүүхийн Ерөнхий шүүгчээр томилсон тохиолдолд 6 жилийн хугацааг сүүлчийн томилгооноос тооцно.

Мөн хуулийн 32.6-д “…нэг удаа улируулан томилж болно” гэдгийг зөвхөн тухайн шүүхэд гэж ойлгон, өөр шүүхэд Ерөнхий шүүгчээр томилогдсоныг “улируулан томилох” ойлголтод хамааруулахгүй.

Мөн хуулийн 32.7-д зааснаар Улсын Дээд шүүх, Нийслэлийн шүүхийн танхимын тэргүүнийг улируулан томилоход хуулиар хязгаарлалт тогтоогоогүй тул хэдэн ч удаа томилж болно гэж ойлгоно.

21.Хуулийн 42.1-д зааснаар “…шүүгчийг…адил шатны шүүхэд өөрийнх нь зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулж болно” гэдгийг мөн хуулийн 62.1.4 дэх заалтын дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийг сэлгэн ажиллуулах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, энэ хуулийн 42.3-т зааснаар шүүгчийг сэлгэн ажиллуулах шийдвэрийг Ерөнхийлөгч гаргана гэж ойлгоно.

Ерөнхий шүүгчдийг хуулийн дээрх заалтын дагуу сэлгэн ажиллуулсан тохиолдолд бүрэн эрхийн хугацааг нь тэдний анх Ерөнхий шүүгчээр томилогдсон үеэс тоолно.

22.Хуулийн 48.1.2-т заасан “… шалгах ажиллагааг …”Сахилгын хорооны гишүүд болон мөн хорооны ажлын албаны ажилтнууд явуулах бөгөөд шалгах ажиллагаа нь шүүгч, гомдол, хүсэлт гаргагч, тухайн асуудлын талаар мэдэх этгээдээс тайлбар авах, шүүгчийн ажил байдлын тодорхойлолтыг гаргуулж, шүүн таслах ажилтай нь танилцах, шаардлагатай бол тодорхой асуудлаар шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах зэргээр явагдана. Харин шүүгч, гомдол, хүсэлт гаргагч, тухайн асуудлыг мэдэх этгээдээс Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар хууль сануулж мэдүүлэг авах, нүүрэлдүүлэн байцаах зэргээр мөрдөх ажиллагаа явуулж болохгүй.

23.Хуулийн 49.1-ийн “…иргэн…” гэдэгт иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээдийг,

“…албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага…гэдэгт Төр, захиргааны болон төрийн бус байгууллагууд, дотоодын болон гадаадын хуулийн этгээдтэй хамтран байгуулсан компани, нөхөрлөл, хоршоо зэрэг хуулийн этгээдүүд, тэдгээрийн эрх бүхий албан тушаалтнуудыг тус тус хамааруулан ойлгоно.

Мөн заалтын дагуу шүүгчид сахилгын хэрэг үүсгүүлэх тухай бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн хүсэлт, иргэдийн гомдлыг энэ хуулийн 54.2-т заасан хугацаанд Сахилгын хороонд холбогдох материалын хамт бичгээр ирүүлнэ.

24.Хуулийн 53.1.1-д заасан сахилгын шийтгэлийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байгаа тохиолдолд оногдуулна.

25.Хуулийн 54.2-т заасан “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш зургаан сар…өнгөрсөн …”гэдэгт тухайн шүүгчид холбогдуулан гомдол, хүсэлт гаргаснаас хойш, уг хэргийг Сахилгын хорооны анхан шатны хуралдаанаар хэлэлцэх хүртэл, шүүгчид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш тус тус зургаан сарын хугацаа өнгөрсөн байхыг хамааруулж ойлгоно.

Мөн заалтын “…зөрчил гаргаснаас хойш нэг жилээс илүү хугацаа өнгөрсөн…” гэдгийг шүүгч энэ хуулийн 34.3, 44-т заасан хориглосон ажил, албан тушаал эрхэлсэн, үйл ажиллагаа явуулсан, шүүгчийн ёс зүйн дүрмийн хэм хэмжээг зөрчсөнөөс хойш нэг жилийн дотор уг зөрчил илрээгүй буюу шүүгчид сахилгын хэрэг үүсгээгүй, зөрчил мэдэгдээгүй өнгөрсөн байхыг ойлгоно.

26.Хуулийн 56.1-д заасан “Шүүгч сахилгын шийтгэл хүлээсэн өдрөөс хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл дахин хүлээгээгүй…”, 59.1.2-т заасан “сахилгын шийтгэл хүлээсэн шүгч нэг жилийн дотор сахилгын шийтгэл дахин хүлээсэн” гэдэг нь хугацааны хувьд нэг ойлголт бөгөөд шүүгч сахилгын шийтгэл хүлээсэн өдрөөс хойш хуанлийн нэг жил бүтэн өнгөрснийг хэлнэ.

Харин мөн хуулийн 59.1.1-д заасан “шүүгчээс огцруулах тухай Сахилгын хорооны шийдвэр хүчин төгөлдөр болсон” гэдгийг Сахилгын хорооны тогтоолыг сахилгын хэрэгт холбогдсон шүүгч давж заалдаагүй бол уг тогтоол гарсан өдрөөс, хэрэв уг тогтоолд давж заалдах гомдол гаргасан бол хэрэг Сахилгын хорооны бүх гишүүдийн хурлаар хэлэлцэгдэж, тогтоол хэвээр батлагдсан өдрөөс, тогтоолд өөрчлөлт орсон бол магадлал гарсан өдрөөс хүчин төгөлдөр болно гэж тус тус ойлгоно.

27.Хуулийн 57.1-д зааснаар шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн шалтгаан арилмагц түдгэлзүүлэх шийдвэр гаргасан Ерөнхийлөгч, Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийн бүрэн эрхийг сэргээх, эсхүл энэ хуулийн 58, 59-д заасны дагуу шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх, огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

28.Хуулийн 58, 59-д заасан “Шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх, огцруулах” тухай заалтыг Үндсэн хуулийн тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалттай нийцүүлэн ойлгож, эдгээрээс өөр үндэслэлээр шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх, огцруулахыг хориглоно гэж ойлгоно.

29.Хуулийн 67.3.2-т зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд сонгогдсон шүүгч нь ямар нэгэн байгууллага, албан тушаалтнаас баталгаажилт шаардахгүйгээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний бүрэн эрхээ сонгогдсон үеэс хэрэгжүүлнэ.

Харин 67.3.3-т зааснаар Мэргэшлийн хорооны бүрэлдэхүүнд орохоор сонгогдсон шүүгч нь энэ хуулийн 62.1.6-д заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл мэргэшлийн хороог байгуулсан үеэс бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлнэ.

Мөн хуулийн 67.3.4-т зааснаар Сахилгын хорооны бүрэлдэхүүнд сонгогдсон шүүгч энэ хуулийн 46.4 дүгээр зүйлийн дагуу Ерөнхийлөгч Сахилгын хорооны бүрэлдэхүүнийг баталсан үеэс эхлэн бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.

30.Хуулийн 77.5-д заасан хязгаарлалтыг Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын сонгуулиас бусад сонгуульд хамааруулан хэрэглэж болохгүй.

31.Хуулийн 83.1-д заагдсан “…эрүүл мэндийн даатгалаас хэтэрсэн зардал…” гэдэгт Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлөөс тогтоосон тусламж үйлчилгээний зардлын дээд хязгаараас давсан хэсгийг ойлгоно.

Мөн зүйлийн “…тахир дутуу болсон..” гэдэгт өвчин, осол гэмтлийн улмаас хэвийн нөхцөлд хөдөлмөрлөх чадваргүй болсон нь тухайн иргэний оршин суугаа аймаг, сум, дүүргийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоор тогтоогдсон байхыг хамааруулна.

32.Хуулийн 86.6-д заасан “…бие хамгаалах тусгай хэрэгсэл…” гэдэгт цахилгаан бороохой, нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буу буюу шүршүүр, резинэн ба хуванцар сумтай буу зэргийг ойлгоно.

Бие хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэх журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл батална.

 

 

                                                                                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ч.ГАНБАТ

                                                                                                                          ШҮҮГЧ                               Ц.АМАРСАЙХАН

                                                                                                                                                                      О.ЗАНДРАА