Хэвлэх DOC Татаж авах
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ХЭСЭГ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

 

 

2007 оны 11 дүгээр                                                                                                                                                                                                                                              Улаанбаатар

сарын 29-ний өдөр                                                                                                           Дугаар 43                                                                                                                            хот

 

 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛИЙН

ЗАРИМ ЗҮЙЛ, ХЭСЭГ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /цаашид хууль гэх/ зарим зүйл, хэсэг, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ НЬ:

1.Хуулийн 10 дугаар зүйлд заасан гүйцэтгэх баримт бичгийн талаарх зарим зохицуулалтыг дараах байдлаар тайлбарласугай:

1.1.Энэ зүйлийн 10.1.1-д заасан “иргэний хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр” гэдэгт иргэний болон захиргааны хэргийн талаар гарсан анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хамаарна.

Мөн хэсгийн “шүүгчийн захирамж” гэдэгт зохигчдын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжаас гадна хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 106 дугаар зүйл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42, 43 дугаар зүйлд заасан шүүгчийн захирамж, шийдвэрийг хамааруулан ойлгоно.

1.2.Мөн зүйлийн 10.1.3-т заасан “шүүхээр баталгаажуулсан гэж арбитрын шийдвэр, нотариатын мэдэгдэх хуудас, эрх бүхий албан тушаалтны шийтгэвэр, цэргийн анги байгууллагын захирагч /дарга/-ийн тушаал зэргийг албадан гүйцэтгүүлэх талаар шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184 дүгээр зүйлийн 184.3-т зааснаар шүүгчийн захирамж гаргасан байхыг хэлнэ.

1.3.Мөн зүйлийн 10.1.4-т заасан “торгох, эд хөрөнгө хураах ял ногдуулсан болон эд хөрөнгө, зардал гаргуулах, хохирол төлүүлэх” тухай асуудал нь эрүүгийн хэргийн талаар гарсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн магадлал, тогтоолд туссан байхын зэрэгцээ эдгээр нь шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид заагдсан байж болно.

1.4.Мөн зүйлийн 10.1.5-д заасан “албан тушаалтны шийдвэр”-ийг хуулийн 48 дугаар зүйлийн 48.9-д заасан албадан дуудлага худалдаа эрхлэн хөтлөгч гаргах бөгөөд энэ нь бичгийн хэлбэртэй байна.

1.5.Мөн зүйлийн 10.3, 11 дүгээр зүйлд заасан ”гүйцэтгэх баримт бичиг” гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 187, 188 дугаар зүйлд заасан “гүйцэтгэх хуудас” гэж ойлгоно.

2.Хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т заасан “хөрөнгө битүүмжилсэн буюу хураасан акт, нэхэмжлэлийн үнийн дүнтэй тэнцэх хэмжээгээр иргэн, хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, харилцах дансны зарлагын гүйлгээг хаасан баримт бичиг, тодорхойлолт гэдэгт шүүхээс гарах шийдвэрийг бодитойгоор гүйцэтгэх боломжийг хангахын тулд шүүхийн шийдвэр гарахаас өмнө нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр эд хөрөнгийг бүгдийг буюу зарим хэсгийг битүүмжлэх, банкин дахь мөнгөн хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг зогсоох, тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгах, эд хөрөнгөө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тухайлбал, эд хөрөнгийг худалдах, бусдад шилжүүлэх, эд хөрөнгийн бусад үүрэг биелүүлэхийг хориглох талаар гаргасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын тогтоол, тэдгээрийн дагуу гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан акт, тэмдэглэл болон бусад холбогдох бичгийн баримтууд хамаарна.

3.Хуулийн 15 дугаар зүйлд заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэлийн талаарх зохицуулалтыг дараах байдлаар тайлбарласугай:

3.1.Энэ зүйлийн 15.1.3-т заасан “хүсэлт гарсан бол түүнийг дахин шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарах хүртэл” гэснийг хүсэлт гарсан тохиолдолд түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 181, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 362 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэх хүртэл гэж ойлгоно.

3.2.Мөн зүйлийн 15.2.3-т заасан “төлбөрийн шаардлага хангахуйц эд хөрөнгө” гэж төлбөр төлөгч төлбөрт авахаас татгалзсан эд хөрөнгөөс өөр, төлбөрийг барагдуулахад хүрэлцэхүйц эд хөрөнгийг хэлнэ.

3.3.Мөн зүйлийн 15.2.4-т заасан “эрүүгийн журмаар хэргийг шалгаж байгаа” гэдэгт тухайн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгааг ойлгоно.

3.4.Мөн зүйлийн 15.2.7-д заасан “шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон гүйцэтгэх баримт бичгийн талаар гомдол гаргасан нь үндэслэлтэй бол” гэж энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүхэд, эсхүл дээд шатны албан тушаалтанд гаргасан гомдлыг шүүх, эсхүл тухайн эрх бүхий этгээд үндэслэлтэй гэж үзсэн талаар шийдвэр, албан ёсны бичгийн баримт гаргасан байхыг хэлнэ.

3.5.Мөн зүйлийн 15.4-т заасан “мэдэгдэх” гэдэгт шийдвэр гүйцэтгэгч нь энэ хуулийн 15.1, 15.2-т заасан үндэслэл илэрсэн талаар бичгийн хэлбэртэй албан ёсны мэдэгдлийг шүүхэд, эсхүл ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасан байхыг ойлгоно.

4.Хуулийн 16 дугаар зүйлд заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох зохицуулалтыг дараах байдлаар тайлбарласугай:

4.1.Энэ зүйлийн 16.1.1-д заасан “төлбөр авагч нь төлбөр авахаас татгалзвал, мөн хуулийн 17.1.1-д заасан “төлбөр авагч хүсэлт гаргасан гэдэгт гүйцэтгэх баримт бичигт заасан биелэгдээгүй төлбөрөөс, эсхүл тодорхой үйл ажиллагаа явуулахыг, түүнчлэн тодорхой үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгасныг гүйцэтгүүлэхээс бүрэн хэмжээгээр татгалзана гэж ойлговол зохино.

Мөн заалтын “хүсэлт”, энэ зүйлийн 16.1.3-т заасан “тодорхойлолт” гэдэгт төлбөр авагч, эсхүл төлбөр төлөгч иргэний хүсэл зоригоо бичгийн хэлбэрээр илэрхийлж, гарын үсгээр баталгаажуулсан баримт, төлбөр авагч, эсхүл төлбөр төлөгч хуулийн этгээдийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээдийн гарын үсэг, тамга, тэмдэг бүхий албан ёсны баримтыг тус тус ойлгоно.

4.2.Мөн зүйлийн 16.1.4-т заасан “төлбөр төлөгч-иргэн, эсхүл төлбөр авагч-иргэн нас барсан гэж зарлагдсан” гэдэгт Иргэний хуулийн 24 дүгээр зүйлд заасан үндэслэлээр иргэнийг нас барсан гэж зарласан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээс гадна, нас барсныг Иргэний бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу бүртгүүлснийг мөн хамааруулна.

Мөн заалтын “төлбөр-төлөгч хуулийн этгээд татан буугдсан гэдэгт хуулийн этгээдийг Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-32.1.5-д заасан үндэслэлээр татан буулгах шийдвэр гарч, татан буулгах комиссын ажиллагаа дуусгавар болж, бүртгэх байгууллага тухайн хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хассан тухай нийтэд зарласан байхыг ойлгоно.

Харин “төлбөр төлөгч өөрчлөн байгуулагдсан” гэдэг нь хуулийн этгээдийг Иргэний хуулийн 31 дүгээр зүйлд заасан үндэслэлээр нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах замаар өөрчлөн байгуулсан тохиолдолд хамаарахгүй.

Мөн заалтын “тэдгээрийн эрх, үүрэг эрх залгамжлагчид шилжээгүй” гэж Иргэний хуулийн 123, 124, 520, 522 дугаар зүйлүүдэд зааснаар төлбөр төлөгч, эсхүл төлбөр авагчийн эрх, үүргийг залгамжлан авах этгээд байхгүй, түүнчлэн эрх залгамжлан авбал зохих этгээд энэхүү эрх, үүргээс татгалзсан байхыг хэлнэ.

4.3.Мөн зүйлийн 16.1.6-д заасан “гүйцэтгэх баримт бичиг хүчингүй болсонд тооцогдсон” гэдэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд байгаа шүүхийн шийдвэр нь дээд шатны шүүхийн, бусад шийдвэр нь эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хүчингүй болсныг тус тус ойлгоно.

4.4.Худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөртөө авахаас татгалзсан тохиолдолд төлбөр төлөгч уг эд хөрөнгөнөөс өөр эд хөрөнгө, банкинд мөнгөн хадгаламж болон харилцах дансанд мөнгөн хөрөнгө, орлогогүй болохыг шийдвэр гүйцэтгэгч холбогдох баримтаар тогтоосон бол энэ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 39 дүгээр зүйлийн 39.8, 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу төлбөр авагчид гүйцэтгэх баримт бичгийг буцаана.

5.Хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т заасан “эрэн сурвалжилж болно” гэдгийг энэ зүйлийн 18.1-д заасан ажиллагаа хийгдсэн боловч олдохгүй байгаа төлбөр төлөгч болон түүний эд хөрөнгийн байгаа газрыг илрүүлэхийн тулд төлбөр авагч өөрийн санаачилгаар, хувийн журмаар сураглаж, хайхыг хэлнэ. Ийнхүү эрэн сурвалжлахдаа төлбөр авагч нь шийдвэр гүйцэтгэх болон цагдаагийн байгууллагын бүрэн эрхэд хамаарах ажиллагааг явуулж болохгүй.

6.Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан “бүх ажиллагаа” гэдэгт энэ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан ажиллагааг ойлгоно.

7.Хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 67 дугаар зүйл, 68 дугаар зүйлийн 68.1, 75 дугаар зүйлийн 75.2-т тус тус заасан “хариуцагч“ гэдэгт хариуцагчаас гадна гүйцэтгэх баримт бичигт заагдсан төлбөр төлөгч мөн хамаарна.

8.Хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд”, 34 дүгээр зүйлийн 34.4-т “гуравдахь этгээд”, 47 дугаар зүйлийн 47.2.2-т “бие даасан шаардлага гаргах эрхтэй өмчлөгч”, “нотолж чадах гуравдагч этгээд”, 15 дугаар зүйлийн 15.1.2, 39 дүгээр зүйлийн 39.6, 71 дүгээр зүйлийн 71.1-д “бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд” гэж тус тус заасныг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзэж байгаа төлбөр төлөгч болон төлбөр авагчаас бусад этгээдийг ойлгоно.

9.Хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасан ”шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд бие даан оролцож болно” гэдгийг 14-18 хүртэлх насны этгээд Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцоход түүний хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрлийг авах шаардлагагүй гэж ойлгоно.

10.Хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан “эрх залгамжлан авбал зохих этгээд гэдэгт төлбөр төлөгч иргэн нас барсан бол түүний эд хөрөнгийг өвлөн авсан этгээд, харин хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд татан буулгах комисс харилцагчдын шаардлагыг хангасны дараа үлдсэн эд хөрөнгө болон тодорхой эрхийг авсан этгээдийг гэж тус тус ойлговол зохино.

11.Хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасан “хуульд тусгайлан заасан” гэдгийг Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т зааснаар шүүхээр эрх зүйн бүрэн чадамжтай гэж тогтоогдсон, эсхүл мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар бусдыг итгэмжлэлээр төлөөлж байгаа 18 нас хүрээгүй иргэнд хамааруулж хэрэглэнэ.

12.Хуулийн 34 дүгээр зүйлд шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааны төрлийг зохицуулсан хэсэг, заалтыг дараах байдлаар тайлбарласугай:

12.1. Энэ зүйлийн 34.1.1-д заасан “албадан барьцаалах /цаашид “барьцаалах” гэх/” гэдэг нь Иргэний хуулийн 13 дугаар бүлэгт заасан барьцааны эрхийн ойлголтод хамаарахгүй.

12.2. Энэ зүйлийн 34.1.4-т заасан “бусдад байгаа өмч хөрөнгө гэдэгт төлбөр төлөгчийн өмчлөлийн боловч түүний биш, харин өөр этгээдийн эзэмшил, ашиглалтад байгаа эд хөрөнгийг ойлгоно.

Мөн заалтын “хуульд заасан журмын дагуу” гэж хууль ёсны эзэмшигч, ашиглагчид байгаа төлбөр төлөгчийн эд хөрөнгийг зөвхөн хуульд заасан үндэслэл, зохицуулалтыг баримталж шаардахыг хэлнэ.

12.3.Мөн зүйлийн 34.2-т заасан үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн гэдэгт шүүхийн шийдвэрт тухайлан заасан үүргийн гүйцэтгэлийг хангах барьцааны эд хөрөнгийг төлбөр төлөгч өөр этгээдэд шилжүүлснийг ойлгоно.

13.Хуулийн 37 дугаар зүйлд заасан эд хөрөнгө үнэлэх тухай зарим зохицуулалтыг дараах байдлаар тайлбарласугай:

13.1.Энэ зүйлийн 37.1-д заасан үнэлж“ гэдэг нь хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар эд хөрөнгө битүүмжлэх, барьцаалах, хураах ажиллагаа явуулахдаа шийдвэр гүйцэтгэгч эд хөрөнгийн чанар, хэрэгцээ, элэгдлийн байдал, төлбөр төлөгчийн санал, орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханш зэргийг харгалзсан үнэлгээг акт /тэмдэглэл/-д тусгахыг хэлнэ.

13.2.Мөн зүйлийн 37.3-т заасан үнэлгээ тогтоосон өдрөөс хойш” гэдгийг эд хөрөнгийг энэ зүйлийн 37.1-д зааснаар шийдвэр гүйцэтгэгч үнэлсэн тохиолдолд тэмдэглэл үйлдсэн үеэс, 37.2-т зааснаар шинжээч үнэлсэн тохиолдолд үнэлгээ гаргасан өдрөөс хойш гэж тооцно. Гомдол гаргах 7 хоногийн хугацааг үнэлгээ хийгдэхэд төлбөр төлөгч болон төлбөр авагч байлцсан бол энэ өдрөөс, байлцаагүй бол хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-т зааснаар мэдсэн өдрөөс хойш тоолно.

14.Хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т заасан “хүнсний болон хурдан гэмтэж муудах зүйлийг нэн даруй худалдана” гэдгийг хадгалалтын тусгай нөхцөл шаарддаг, хадгалах хугацаа богино, амархан муудаж, чанараа алддаг хүнсний болон бусад барааг шийдвэр гүйцэтгэгч шууд хураан авч, тухайн зүйлийг эрүүл ахуйн шаардлагыг хангаж байгаа эсэхийг мэргэжлийн байгууллагаар хянуулж, баталгаажуулан энэ зүйлийн 39.1-д заасан хугацааг харгалзахгүйгээр худалдан борлуулах ажиллагаа хийхийг ойлгоно.

15.Хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1-д заасан “анхны үнэ” гэж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасан журмын дагуу тогтоосон үнийг хэлнэ.

16.Хуулийн 48 дугаар зүйлд заасан албадан дуудлага худалдаа зохион байгуулах зарим зохицуулалтыг дараах байдлаар тайлбарласугай:

16.1.Энэ зүйлийн 48.1-д заасан “эд хөрөнгийн үнэ” гэдэгт хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1-д заасан үнийг ойлгох бөгөөд хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан үнэ үүнд хамаарахгүй.

16.2.Мөн зүйлийн 48.7-д заасан “албадан дуудлага худалдаа” гэдэгт анхны болон хоёр дахь дуудлага худалдааны аль аль нь хамаарна. Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй эд хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгохдоо дуудлага худалдаанд оруулсан үнийн дүнгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад гарсан зардлыг хасаж тооцно.

16.3.Мөн зүйлийн 48.9-д заасанөмчлөх эрхийг шилжүүлсэн… тухай шийдвэр” гэж энэ хуульд заасан журмын дагуу явагдсан албадан дуудлага худалдаанд хамгийн өндөр үнэ амласан худалдан авагчийн буюу дуудлага худалдааны ялагчийн нэр, дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнэ, эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн тухай болон өмчлөх эрх үүсэх үндэслэлийг тусгасан албадан дуудлага худалдааг эрхлэн хөтлөгчийн гарын үсэг бүхий бичгээр үйлдсэн баримтыг хэлнэ.

Дуудлага худалдааны ялагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг хуульд заасан 2 долоо хоногийн хугацаанд бүрэн төлөөгүй бол түүнд эд хөрөнгийг шилжүүлэх, улмаар өмчлөх эрх үүсэх үндэслэлгүй талаар шийдвэрт тусгана.

Албадан дуудлага худалдаагаар борлогдсон эд хөрөнгийн үнийг бүрэн төлөөгүй тохиолдолд дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрх үүсэхгүй.

Мөн заалтын “албадан дуудлага худалдааг эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг тухайн албадан дуудлага худалдааны үед… танилцуулна” гэдэг нь дуудлага худалдааны ялагч эд хөрөнгийн үнийг тэр дор нь төлсөн тохиолдолд албадан дуудлага худалдаа эрхлэн хөтлөгчөөс гарсан шийдвэрт хамаарна

Харин “албадан дуудлага худалдааг эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг… товлон тогтоосон өөр хугацаанд танилцуулна” гэдэг нь дуудлага худалдааны ялагч эд хөрөнгийн үнийг тодорхой хугацааны дараа төлсөн тохиолдолд албадан дуудлага худалдаа эрхлэн хөтлөгчөөс гарсан шийдвэрт хамаарна. Энэхүү хугацааг дуудлага худалдааны ялагч болон албадан дуудлага худалдаа эрхлэн хөтлөгч хоёр харилцан тохиролцох боловч энэ хугацаа хуульд заасан 2 долоо хоногоос хэтрэхгүй байна.

Мөн заалтын “энэ хугацаа” гэдгийг албадан дуудлага худалдаа эрхлэн хөтлөгчөөс шийдвэрийг танилцуулах болон дуудлага худалдааны ялагчаас эд хөрөнгийн үнийг төлөх хугацаа гэж ойлгоно.

16.4.Мөн зүйлийн 48.10-т заасан эрх нь албадан дуудлага худалдаа болсон өдөр буюу албадан дуудлага худалдаа эрхлэн хөтлөгчийн шийдвэр гарснаар үүсээгүй бол энэ зүйлийн 48.9-д заасан хугацаанд бий болно.

16.5.Мөн зүйлийн 48.11-д “гомдол гаргаагүй бол худалдан авагч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болно” гэж заасны дагуу албадан дуудлага худалдаа эрхлэн хөтлөгчийн шийдвэр гарч, эд хөрөнгийн үнийг төлсний дараа албадан дуудлага худалдааны ялагч Иргэний хуулийн 110 дугаар зүйлд зааснаар өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлсний дараа өмчлөгч болно. Харин тухайн шийдвэрт гомдол гарсан бол гомдлыг шийдвэрлэтэл худалдан авагчид өмчлөх эрх үүсэхгүй.

17.Хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан “төлбөр авагчийн шаардлага” гэдгийг хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5-д заасан шаардлага гэж ойлгоно.

18.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлж болохоор хуульд тусгайлан заасан бол уг тусгай зөвшөөрлийг шийдвэр гүйцэтгэгч хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.5-д заасны дагуу битүүмжилж болно.

19.Хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасан “тухайн байгууллага” гэж төлбөр төлөгч-хуулийн этгээдийн эрх, үүргийг залгамжлан авсан хуулийн этгээдийг хэлнэ.

20.Хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасан “хэсэгчлэн” гэдгийг их хэмжээний буюу төлбөрийг бүрэн төлөх чадваргүй этгээдийн эд хөрөнгийн байдалд үзлэг хийж, түүний эд хөрөнгө, мөнгө нь төлбөрийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй байгаа тохиолдолд тухайн жилд гүйцэтгэж болох ажиллагааны хэмжээг тогтоож болохыг ойлгоно.

21.Хуулийн 83 дугаар зүйлд заасан зохицуулалт нь мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т заасан гүйцэтгэх баримт бичгийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамаарахгүй.

22.Хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т “шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш” гэдгийг “шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш” гэж ойлгоно.

23.Мөн зүйлийн 91.7-д заасны дагуу шүүхээс хойшлуулсан 6 сарын хугацаа дуусахад торгуулийг төлөөгүй бол торгох ялыг хуулийн 92 дугаар зүйлд заасан журмын дагуу гүйцэтгэнэ.

24.Хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасан “албадан гаргуулах” ажиллагааг Эрүүгийн хуулийн 76 дугаар зүйлд заасан хугацаанд хийж гүйцэтгэнэ.

25.Хуулийн 95 дугаар зүйлийн 95.2-т заасан “түүний үнийг хуульд заасан журмын дагуу нөхөн төлүүлнэ“ гэдгийг хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар ойлгож хэрэглэнэ.

26.Хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1.3-т заасан "...ялтны тодорхойлолт..." гэж ялтны хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээ, хугацааг тогтоохтой холбогдсон түүний өвчин, эмгэгийн байдал, анатоми, морфологи, үйл ажиллагааны өөрчлөлт, алдагдал, бие махбод, мэдрэлийн системийн онцлогийн талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Тогтоол гүйцэтгэх газрын нэгдсэн эмнэлгийн эмч нарын зөвлөгөөнөөс гаргасан шийдвэрийг хэлнэ.

Мөн заалтын "...эрүүл мэндийн зохих байгууллага..." гэдэгт өвчтэй тухайн ялтны ял эдэлж байгаа хорих ангийн харьяалагдах аймаг, нийслэл, сум, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх "эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс"-ийг ойлгоно.

27.Хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.8-д заасан "...бусад тэтгэвэр, тэтгэмжээ үргэлжлүүлэн авах" гэдэгт шүүхийн шийтгэх тогтоол гарч, хорих ял эдлэхээс өмнө ялтан Нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасан болзол, журмын дагуу нийгмийн даатгалд даатгуулж, шимтгэл төлсөн, тэтгэвэр, тэтгэмж авах эрх нь үүссэн, тэтгэвэр, тэтгэмжээ авч байсныг хамааруулна.

Мөн заалтын "...бусад тэтгэвэр..." гэдэгт Нийгмийн даатгалын сангаас авах тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны, ахмад настны халамжийн, дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх /50 насанд хүрсэн эцэг/-ийн халамжийн тэтгэвэр тус тус хамаарна.

Мөн заалтын "...бусад тэтгэмж" гэдэгт Нийгмийн даатгалын сангаас олгох оршуулгын, хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, мөн нийгмийн халамжийн сангаас хөхүүл хүүхэдтэй эхэд олгох, түүнчлэн жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүсээгүй эхэд олгох жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг тус тус хамааруулан ойлгоно.

28. Хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.6, 119 дүгээр зүйлийн 119.1-д тус тус заасан ”төрөл, садан” гэдгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.11-д зааснаар ойлгоно.

29.Хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасан “харуул хамгаалалтгүй ажиллуулах” гэж хорих анги, тэдгээртэй адилтгах байгууллага, цагдан хорих байрны аж ахуйн үйлчилгээнд хамгаалалтын бүсээс алслагдсан, харуул хамгаалалтын байнгын хяналт тавих боломжгүй хорих байгууллагын өөрийн объектод ажиллуулахыг хэлнэ.

30.Хуулийн 127 дугаар зүйлийн 127.6-д заасан “жил” гэдгийг сахилгын шийтгэл анх хүлээсэн өдрөөс хойш 12 сар гэж ойлгоно.

31.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Монгол Улсын Дээд шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 11, 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 35 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

 

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      С.БАТДЭЛГЭР

                                                   ШҮҮГЧ                                       Б.УНДРАХ