Хэвлэх DOC Татаж авах
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

 

2006 оны 4 дүгээр                                                                                                       Дугаар 21                                                                                                                        Улаанбаатар

сарын 24-ний өдөр                                                                                                                                                                                                                                                            хот

 

ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТУХАЙ

 

Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх төрийн онцгой үйл ажиллагааны эцсийн үр дүн бөгөөд зөрчигдсөн эрхийн хамгаалалтын илэрхийлэл болсон шүүхийн шийдвэрийг хууль хэрэглээний эрх зүйн актын хувьд хууль зүйн үндэслэлтэй, шударга ёсонд нийцсэн, процессийн болон материаллаг эрх зүйн зарчим, хэм хэмжээнд зохицсон агуулга, хэлбэртэй байлгах, эрүү, иргэн, захиргааны шүүн таслах ажиллагаанд бүх шатны шүүхээс гарч буй аливаа шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцүүлэх, шүүхийн шийдвэрийн боловсруулалтыг сайжруулж, шүүхийн шийдвэрийн талаар Эрүүгийн байцаан шийтгэх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад туссан зохицуулалтыг нэг мөр, зөв ойлгож хэрэглэх явдлыг хангах зорилгоор Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.3-т заасныг удирдлага болгон Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ НЬ:

1.Шүүхийн шийдвэр ба түүний төрлүүд

Шүүхийн шийдвэрийн төрлүүдийг Шүүхийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар ангилна. Үүнд:

-эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж гаргасан шийтгэх, эсхүл цагаатгах тогтоол;

-иргэний болон захиргааны эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэж гаргасан шийдвэр;

-баривчлах, цагдан хорих албадлагын арга хэмжээ авахад гаргасан шүүгчийн захирамж;

-захиргааны зөрчлийг хянан хэлэлцэж гаргасан шүүгчийн шийтгэвэр;

-давж заалдах шатны шүүхийн магадлал;

-хяналтын шатны шүүхийн тогтоол;

-хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж

хамаарна.

Шийтгэвэр, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолоос бусад шийдвэр нь хэрэг маргааны талаар дүгнэлт бүхий шийдлийг агуулдаг, хууль хэрэглээний эрх зүйн актын нэг төрөл болох албан ёсны бичиг баримт юм.

Шүүхийн шийдвэр нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч эрх бүхий төрийн байгууллагаас гаргадаг, эрх зүйн харилцааг тодорхойлох, түүнийг зохицуулсан хэм хэмжээг хэрэглэх хэлбэрээр тухайн хэрэг маргаанд хамааралтай этгээдэд хуулиар тодорхойлогдсон төрийн хүсэл зоригийг илэрхийлдэг акт юм.

Шүүхийн шийдвэр нь:

-ерөнхий утгаараа нэг удаагийн үйлчлэлтэй;

-төрийн хүсэл зоригийг илэрхийлсэн эрх бүхий байгууллагын баримт бичгийн хэлбэртэй;

-хууль зүйн нэгдмэл үйл ажиллагааны эцсийн бүрэлдэхүүн хэсэг болдгийн хувьд тодорхой хууль зүйн үр дагавар үүсгэдэг;

-эрх зүйн хэм хэмжээний зохицуулалтаар тодорхой хүрээний этгээдүүдийн зан үйлийн зохих хэмжээ, хязгаарыг тодорхойлдог;

-тодорхой хэрэг, маргааны талаархи хууль хэрэглээний үр дүнг хэлбэржүүлсэн;

- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд тавигдсан шаардлагад нийцсэн;

-төрийн албадлагыг амьдралд хэрэгжүүлэх арга хэрэгсэл мөн.

Шүүхийн шийдвэр нь зөрчигдсөн буюу маргаантай эрхийг сэргээх, түүнийг зохих ёсоор хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч болон нийт иргэдэд хүмүүжлийн үр нөлөө үзүүлэх зорилготой болно.

2.Шүүхийн шийдвэрт тавигдах шаардлага

Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2., Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3.-т тус тус зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

2.1.Хэрэг, маргааны талаар материаллаг болон процессийн эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, шүүхээс оновчтой, зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн хууль ёсны байх шаардлага хангагдана.

Шүүх нь Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хууль, Монгол Улсын соёрхон баталж, нэгдэн орсон олон улсын гэрээг хэрэглэхээс гадна Үндсэн хуульд харшлахгүй бол олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг төсөөтэй хэрэглэж болно.

Шүүх Үндсэн хуульд нийцээгүй хууль, олон улсын гэрээг хэрэглэхгүй бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль Үндсэн хуульд нийцэхгүй байна гэж үзвэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 8 дугаар зүйлийн 8.4., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2., Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.-д заасан журмын дагуу саналаа Улсын Дээд шүүхэд гаргана.

Тухайн харилцааг зохицуулсан хуулийн зүйл, заалт хоорондоо зөрчилтэй байвал шүүх нарийвчилсан зохицуулалттай хэм хэмжээг хэрэглэнэ. Нарийвчилсан зохицуулалт гэдэг нь хэлэлцэж буй тухайн асуудлын ерөнхий зарчим, онцлог, ухагдахууныг тодорхойлсон хэм хэмжээг хэлэх ба энэхүү зохицуулалтын үйлчлэл нь тухайн асуудалтай холбоотой тохиолдол бүрт хамаарна. Жишээлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 25 дугаар зүйлийн 25.1.-д заасан гэм буруугийн хэлбэрийн талаархи зохицуулалт мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн төрөл бүрт хамаарна. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.-д заасан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх хэлцлийн дагуу үүсэх үндэслэл өмчлөх эрх шилжих гэрээний үүргийн төрөл бүрт нарийвчилсан зохицуулалт болно.

Иргэний болон захиргааны эрх зүйн маргаантай харилцааг зохицуулсан хууль байхгүй бол шүүх төсөөтэй харилцааг зохицуулж байгаа хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ. Харин эрүүгийн эрх зүйн харилцаанд хуулийг төсөөтэй хэрэглэх зарчим үйлчлэхгүй.

Тухайн маргаантай харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ байхгүй, эсхүл байгаа нь тодорхой бус, түүнчлэн хуулийн зүйл, заалт хоорондоо зөрчилтэй, шударга ёсонд нийцэхгүй байна гэсэн үндэслэлээр шүүх хуулийн хэм хэмжээг хэрэглэхээс, хэргийг шийдвэрлэхээс татгалзаж болохгүй.

Хэрэг, маргааныг шийдвэрлэж буй шүүх Үндсэн хуулиас бусад хуулийн талаархи Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбарыг хуулийн зүйл, заалтыг оновчтой зөв тайлбарлан хэрэглэхэд ашиглах ба харин тэрхүү тайлбарыг хэрэг, маргааны талаар шийдвэр гаргах үндэслэл болгож баримтлахгүй.

2.2.Хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэрэгт авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шүүхээр судлан шинжлэгдсэн нотлох баримтаар хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал тогтоогдсон хийгээд эдгээр нөхцөл байдлын талаар шүүхийн бүрэн, бодитой дүгнэлтийг агуулсан шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангана.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас шийдвэрийн үндэслэл болж буй баримт болон тэдгээрийг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэн өөрийн хууль зүйн дүгнэлт бүхий үнэлгээг шийдвэртээ тусгаснаар шүүхээс гарч буй эрхийн актын үндэслэлийг тодорхойлно.

2.2.1.Шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай байх гэдэг нь нэхэмжлэлийн шаардлага болон түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлыг, эрүүгийн гэмт хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан, нөхцлийг тогтооход ач холбогдолтой бөгөөд шалтгаант холбоотой байх шинжийг илэрхийлнэ.

2.2.2.Хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 11,12 дугаар бүлэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр бүлэг, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр бүлэгт заасан журмын дагуу хуулиар зөвшөөрөгдсөн арга хэрэгсэл, хэлбэрээр гаргасан, цугларсан, бүрдсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжтой болно. Хуулиар зөвшөөрөгдөөгүй арга хэрэгслээр олж авсан, хуульд заасан хэлбэрээр бэхжүүлэгдээгүй, гэрчлэгдээгүй баримтыг шүүх нотлох баримт гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгож болохгүй.

2.2.3.Дахин нотлох шаардлагагүй баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болж болно. Энэ нь “шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тооцогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэсэн зарчимд харшлахгүй.

А.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т зааснаар нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. Нийтэд илэрхий үйл баримт гэдэг нь шүүхэд болон хэргийн оролцогчдод илэрхий байхаас гадна тухайн үйл баримтын талаар мэдээлэлтэй байх боломжтой тодорхой хүрээний хүмүүст илэрхий байхыг хэлнэ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлаж байсан “Бөмбөгөр” худалдааны төв шатсан гэх үйл баримтыг нотлох шаардлагагүй юм. Мөн жил бүрийн 7 дугаар сарын 11-нээс 13-ны өдрийн хооронд Нийслэлд баяр наадмын үйл ажиллагаа зохион байгуулагддаг болохыг нотлох шаардлагагүй болно.

Б.Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4., Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.4.-т зааснаар өөр хэрэгт дахин нотлох шаардлагагүй.

-Хүчин төгөлдөр болсон эрүүгийн хэргийн шийтгэх болон цагаатгах тогтоолын гэмт хэрэг гарсан эсэх, холбогдох этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэсэн хэсэг нь иргэний болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэж буй шүүхэд дахин нотлох шаардлагагүй зүйлд хамаарна. Энэ утгаараа эрүүгийн хэргээс үүдэн гарсан нэхэмжлэлтэй иргэний болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд  хариуцагчийн гэм буруугийн асуудлыг шүүх хянан хэлэлцэхгүй ба харин учирсан  хохирлын хэмжээний асуудлыг л хэлэлцэнэ.

-Иргэний болон захиргааны хэргийн талаар гаргасан хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг иргэний болон захиргааны өөр хэргийг шийдвэрлэхэд нотлогдсон гэж тооцно. Гэхдээ эдгээр үйл баримт нь түрүүчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон этгээдийн хувьд өөр хэрэгт хэргийн оролцогчоор орж байгаа тохиолдолд нотлогдсон гэж үзнэ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй этгээдийн хувьд хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдсон үйл баримтын талаар өөр хэрэгт маргах эрх нь нээлттэй ба шүүх тухайн хэрэгт цугларсан баримтыг хянан хэлэлцэж, шийдвэр гаргана.

-Арбитрын хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт нотлогдсон үйл баримтыг тухайн этгээдүүдийн оролцоотой иргэний болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дахин нотлохгүй.

-Иргэний болон захиргааны хэргийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг эрүүгийн хэрэгт дахин нотлох шаардлагагүй.

2.2.4.Шинжээчийн дүгнэлт нь нотлох баримтын бусад төрлийн адил хүчин чадалтай ба шүүх хэрэгт цугларсан бусад нотлох баримттай тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр түүнийг үнэлнэ. Шинжээчийн дүгнэлт бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй, тэдгээрээр үгүйсгэгдэж байгаа тохиолдолд түүнийг нотолгооны бусад хэрэгслээс илүүд авч үзэх үндэсгүй юм. Шинжээчийн дүгнэлтийн талаархи шүүхийн дүгнэлт бүхий үнэлгээ шийдвэрт бүрэн тусгагдсан байх ёстой. Ингэхдээ шинжээчийн дүгнэлт юунд тулгуурласан, шинжилгээнд гаргаж өгсөн бүх баримт судлагдсан эсэх, шүүхээс тавигдсан асуулт бүрт хариу өгөгдсөн эсэхийг шүүх дүгнэлтэндээ тусгасан байвал зохино.

2.2.5.Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт нь хуульд заасан журмын дагуу бэхжигдэж, гэрчлэгдсэн байхаас гадна хуулиар зөвшөөрөгдсөн хэлбэрээр хэрэгт авагдсан байна. Хэрэгт авагдаагүй нотлох баримтанд үндэслэгдсэн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй гэж үзнэ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй нотлох баримт шүүх хуралдаанаар заавал хянан хэлэлцэгдсэн байна. Хэрэгт авагдсан боловч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдээгүй нотлох баримт шийдвэрийн үндэслэл болсон байвал шүүх хуралдааныг шууд явуулах шүүн таслах ажиллагааны үндсэн зарчмын нэг зөрчигдсөнд тооцно.

3.Шүүхийн шийдвэрийн агуулга.

Шүүхийн шийдвэрийн агуулгыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 35 дугаар бүлэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйл, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд зааснаар тодорхойлно. Хуулийн эдгээр зүйл, заалт нь шийдвэрийн хэлбэрийг мөн тодорхойлсон гэж үзнэ.

Шүүхийн шийдвэр нь удиртгах, тодорхойлох, үндэслэх, тогтоох гэсэн дөрвөн хэсгээс бүрдэнэ. Бүх шатны шүүхээс гарч буй шийдвэр ийм бүтэцтэй байх бөгөөд анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхүүдийн бүрэн эрхийн дагуу хянан шийдвэрлэгдсэн асуудал тус бүр шийдвэрийн агуулгад тусгагдсан байна.

3.1.Шийдвэрийн удиртгал хэсэгт шийдвэр гаргасан он, сар, өдөр, газар, шийдвэрийг гаргаж буй шүүхийн нэр, шүүх бүрэлдэхүүн, шүүгчийн нэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, хэргийн болон шүүх хуралдааны оролцогчид, тэдгээрийн төлөөлөгчид, маргааны зүйл болон шаардлага, хэлэлцэгдэж буй эрүүгийн хэргийн зүйлчлэл тусгагдсан байна.

Шийдвэрийн удиртгал хэсэг нь хэзээ, хаана, хэн, ямар асуудлыг хэлэлцэж байгааг

товч илэрхийлсэн байх учиртай ба эдгээр асуудлууд тодорхой бус, эргэлзээтэй, буруу тусгагдсан тохиолдолд шүүхийн шийдвэрийн үндэслэл ойлгомжгүй болно.

3.2.Шийдвэрийн тодорхойлох хэсэгт эрх зүйн маргааны болон эрүүгийн хэргийн талаар тусгасан байна.

3.2.1.Нэхэмжлэлийн шаардлага, шаардлагын талаар нэхэмжлэгч болон түүний төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн татгалзал, татгалзлын талаар хариуцагч болон түүний төлөөлөгчийн гаргасан тайлбар, гуравдагч этгээдийн тайлбарыг шүүх анхааралтай судалсны эцэст тэдгээрийн агуулгыг шийдвэрт тусгана.

Шаардлага, татгалзал, тайлбаруудад дурьдагдаагүй зүйлийг шийдвэрт нэмж бичих, тэдгээрийн агуулгыг зөв тодорхойлохгүй байх нь шүүхийн алдаанд тооцогдоно.

Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг шүүх хуралдааны тэмдэглэлд үгчлэн тусгах тул шийдвэрийн тодорхойлох хэсэгт шаардлага, татгалзал, тайлбарын агуулгыг илэрхийлээгүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хамааралгүй илүү зүйл тусгахыг хориглоно.

Нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэлийн өргөдөлд байгаа агуулгаар шийдвэрт тусгана. Хэрвээ нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон зүйлийг өөрчилж, шаардлагын хэмжээг нэмэгдүүлсэн эсхүл багасгасан бол энэ талаар шийдвэрийн тодорхойлох хэсэгт тусгана. Нэхэмжлэлийн шаардлагын талаар гаргасан хариуцагчийн татгалзал, бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээн зөвшөөрсөн тайлбар зэргийг мөн агуулгаар нь тодорхойлох хэсэгт дурьдана.

Шүүх хуралдаанд оролцоогүй боловч өөрийн шаардлага, татгалзал бүхий тайлбарыг шүүхэд гаргаж өгсөн хэргийн оролцогчийн шүүх хуралдаанаас өмнө гаргасан тайлбарын агуулгыг шийдвэрийн тодорхойлох хэсэгт тусгана.

3.2.2.Эрүүгийн хэргийн талаар гаргасан шийтгэх болон цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлд зааснаар үндсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Үүнд:

-яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулгыг тусгасан хэсэг

-шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрийн талаархи шүүхийн дүгнэлтийн хэсэг хамаарна.

Шүүхийн шийтгэх болон цагаатгах тогтоол нь иргэний болон захиргааны хэргийн талаар гаргасан шийдвэрээс бүтцийн хувьд өөр байхаар хуульд заасан хэдий ч тогтоолын тодорхойлох хэсэг нь зайлшгүй дээрх хоёр хэсгээс бүрдсэн байхыг шаардана.

Яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулгыг тусгахдаа шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн цаг, газар, арга, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хэмжээ, гэмт хэргийн шалтгаан нөхцөл зэргийг зааснаар эрүүгийн хэрэгт холбогдсон этгээдийн үйлдсэн гэх гэмт хэргийн бүрэлдэхүүний тодорхойлолтыг гаргаж байгаа болно.

Яллах дүгнэлтэнд тусгагдсан дээрхи байдлын талаар хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтыг тал бүрээс нь, бүрэн, бодитойгоор харьцуулан шинжлэн судалсны эцэст шүүх тэдгээрийг хэрхэн үнэлж, ямар дүгнэлт хийснээ, энэхүү дүгнэлт нь Эрүүгийн хуулийн ямар хэм хэмжээнд тулгуурлаж байгаа талаар тогтоолын тодорхойлох хэсгийн хоёр дахь хэсэгт дэлгэрэнгүй, тодорхой заасан байвал зохино.

3.2.3.Захиргааны хэргийн талаар гарч буй шийдвэрийн тодорхойлох хэсэгт Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-т зааснаар

нэхэмжлэлийн шаардлагын агуулга, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, прокурорын болон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт тусгагдсан байна.

Захиргааны хэргийн талаар гарч буй шийдвэрийн тодорхойлох хэсэг иргэний хэргийн шийдвэрээс ялгаатай ба иргэний хэргийн шийдвэрт нотлох баримт, түүний үнэлгээг үндэслэх хэсэгт заадаг бол захиргааны хэргийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт гэрчийн мэдүүлгийг тусгахаар заажээ. Гэхдээ хуулийн энэхүү заалтын агуулгаас өмгөөлөгч, прокурор, иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтийг шийдвэрийн тодорхойлох хэсэгт тусгахаар ойлгогдож байгаа тул гэрчийн мэдүүлгийн хувьд мөн шүүх хуралдаан дээр гаргасан тохиолдолд хамааралтай гэж ойлговол зохино.

3.3.Шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4., Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.4.-т зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй нотлох баримтуудын хууль зүйн болон бодит үндэслэлийг зааж, тэдгээрийн талаар шүүхийн хийж буй дүгнэлтийг тусгана.

Шийдвэрийн үндэслэх хэсэг нь шүүхээр хэлэлцэгдэж буй эрх зүйн маргааны талаар шүүх ямар дүгнэлт гаргаж байгаа, энэхүү дүгнэлт нь ямар бодит нөхцөл байдалд тулгуурлаж, хуулийн ямар зүйл, заалтанд үндэслэсэн гэдгийг илэрхийлдэг тул чухал ач холбогдолтой юм.

Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлага тус бүрийн талаар дүгнэлт өгөх үүрэгтэй ба хариуцагчаас гарсан шаардлагыг сөрөг нэхэмжлэл гэж үзсэн тохиолдолд түүний талаар мөн дүгнэсэн байвал зохино. Шүүхэд гаргаагүй шаардлага, үндэслэлийн талаар шүүх дүгнэлт хийх эрхгүйн зэрэгцээ шаардлагын үндэслэл, зүйлээс өөр үндэслэл, зүйлийг шийдвэрлэх, шаардлагын хэмжээнээс илүү хэмжээгээр шийдвэр гаргах эрх шүүхэд байхгүй болно.

Хэргийн оролцогчид шаардлага гаргаагүй асуудлаар шүүх зөвхөн хуульд заасан үндэслэлээр дүгнэлт хийх эрхтэй. Тухайлбал, хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэх, хэргийн оролцогч биш бусад этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд хэргийн оролцогчдоос тавигдаагүй асуудлаар шүүх дүгнэлт хийх бүрэн эрхтэй юм.

Шүүхийн дүгнэлт нь зөвхөн хуулиар зөвшөөрөгдсөн, хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтанд тулгуурласан байх учиртай бөгөөд нотлох баримтаар тогтоогдоогүй үйл баримтыг шүүх тогтоогдсон гэж үзэх, хэрэгт цугларсан баримтаар хангалттай бүрэн тогтоогдсон үйл баримтыг тогтоогдоогүй гэж үзэх нь шийдвэрийн үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчиж буй явдал мөн.

3.4.Шүүхийн шийдвэр нь хэрэг, маргааныг эцэслэн шийдвэрлэж буй шүүх эрх мэдлийн акт учир түүний тогтоох хэсэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5., Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.5.-д зааснаар шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдсан дүгнэлтийн үр дагаварыг тусгахаас гадна шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой, биелэгдэх боломжтой байх бүх нөхцлийг заасан байвал зохино.

3.4.1.Иргэний болон захиргааны хэргийн талаар гаргасан шийдвэрийн тогтоох хэсэгт тусгагдах асуудлын хүрээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.5-д тодорхой заажээ.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг, сөрөг нэхэмжлэл гаргасан бол сөрөг шаардлагыг шүүх хэрхэн шийдвэрлэсэн, хэн ямар үйлдлийг хэнд ашигтайгаар гүйцэтгэх үүрэгтэйг, мөн маргаантай байсан эрхийг хэн эдлэх талаар шийдвэрийн тогтоох хэсэгт тодорхой тусгасан байна.

Шүүх эдгээр болон хуульд заасан бусад асуудлыг шийдвэрийн тогтоох хэсэгт тусгахдаа тухайн шийдвэрийг биелүүлэхэд ямар нэгэн хүндрэл учруулахгүй байхад онцгой анхаарвал зохино.

Хэргийн оролцогчдын шаардлагыг бүхэлд нь эсхүл заримыг нь хэрэгсэхгүй болгож байгаа бол шүүх хэнд хамааралтай, хэний, ямар шаардлагыг хэрэсэхгүй болгож байгааг тодорхой заахаас гадна хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлана. Тогтоох хэсэгт шийдвэрийг биелүүлэх арга, журам, хугацааг зөвхөн шаардлагатай тохиолдолд заана.

Шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн харилцаа үүссэн эсэх, тодорхой эрхийг хүлээн зөвшөөрөх эсэхийг тогтоож байгаа бол шүүх энэхүү тогтоосны эрх зүйн үр дагаварыг мөн тогтоох хэсэгт заана. Тухайлбал, гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн бол гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн бол энэ талаархи улсын бүртгэлийг хүчингүй болгох г.м.

3.4.2. Эрүүгийн хэргийн талаар гаргасан шийтгэх болон цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт тусгагдах асуудлын хүрээг Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлд тодорхой заасан ба тэдгээрийг нэгтгэж тодорхойлбол:

А.Тухайн гэмт хэрэгт хамаарах асуудлууд:

-шүүгдэгчийн үйлдсэн гэх гэмт үйлдэл гарсан эсэх;

-энэхүү үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй эсэх, бүрэлдэхүүнтэй бол Эрүүгийн хуулийн ямар зүйл, заалтад хамаарах;

-уг хэргийг шүүгдэгч үйлдсэн эсэх;

-шүүгдэгчийн гэм буруугийн асуудал;

Б.Ял шийтгэлд хамаарах асуудлууд:

-шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэгтээ ял шийтгүүлэх үндэслэлтэй эсэх;

-шүүгдэгчид ямар төрөл, хэмжээний ял оногдуулах, түүнийг биечлэн эдлүүлэх эсэх;

-шүүгдэгчийг онц аюултай гэмт хэрэгтэн гэж тооцох үндэслэл байгаа эсэх;

-ялыг ямар дэглэмтэй хорих ангид эдлүүлэх;

В.Эрүүгийн хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэлд хамаарах асуудлууд:

-нэхэмжлэлийг хангах эсэх;

-нэхэмжлэл гараагүй хохирлын асуудлыг шийдвэрлэх эсэх;

-эдийн бус хохиролын талаар нэхэмжлэлийн шаардлага гарсан бол түүнийг хэрхэх;

Г.Бусад асуудал:

-эд мөрийн баримтыг хэрхэх;

-шүүхийн зардлыг хэн хариуцах;

-шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэрхэх

зэрэг асуудлууд болно.

4.Шүүхийн шийдвэрийн агуулга, хэлбэр, бүтцийн талаар хуульд заасан шаардлагуудыг бүх шатны шүүхийн шүүгчид хэлбэрэлтгүй баримталж, шүүхээс гарч буй аливаа эрхийн актын боловсруулалт, найруулгад онцгой анхаарч ажиллахыг нийт шүүхүүдэд үүрэг болгон, шүүхийн шийдвэр боловсруулах аргачлалын талаар шүүн таслах ажиллагааны чиглэл тус бүрээр зөвлөмж гаргахыг Улсын Дээд шүүхийн эрүү, иргэн, захиргааны хэргийн танхимуудад даалгасугай.

 

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      С.БАТДЭЛГЭР

                                                                                                                       ИРГЭНИЙ ХЭРГИЙН

                                                                                                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Ц.АМАРСАЙХАН

                                                                                                                      ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН

                                                                                                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Д.БАТСАЙХАН

                                                                                                                      ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

                                                                                                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             О.ЗАНДРАА