Хэвлэх DOC Татаж авах
ЭМИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 19 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

 

2006 оны 2 дугаар                                                                                                         Дугаар 06                                                                                                                     Улаанбаатар

сарын 20-ны өдөр                                                                                                                                                                                                                                                           хот

 

 

ЭМИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 19 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН

ЗАРИМ ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

 

Эмийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн зарим заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

1.Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д “байгууллагыг торгож, хууль бусаар олсон орлогыг нь хураах ба давтан үйлдвэл үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болгох” гэснийг дараахь байдлаар тайлбарласугай.

Хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2-т заасан “эмийн үйлдвэрлэл, хадгалалт, тээвэрлэлтийн технологийн шаардлагыг хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулсан байгууллага”, мөн зүйлийн 7.5-д заасан “улсын стандартын шаардлагыг хангаагүй эм хангамжийн байгууллагыг” тус тус торгож, хууль бусаар олсон орлогыг хураана.

“Хууль бусаар олсон орлого” гэдэгт эмийн үйлдвэрлэл, хадгалалт, тээвэрлэлтийн технологийн шаардлагыг хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулсны улмаас хүний болон мал, амьтны өвчнийг эмчлэх, оношлох, урьдчилан сэргийлэх зориулалтаар ашиглах боломжгүй болсон, чанарын баталгаа хангахгүй эмийн борлуулалт, үйлчилгээнээс олсон орлогыг хамааруулан ойлгоно.

Дээр дурьдсан эмийн үйлдвэрлэл, хадгалалт, тээвэрлэлтийн технологийн шаардлагыг хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулсан зөрчлийг хоёр ба түүнээс дээш гаргасан бол “давтан үйлдэл” гэж үзэх бөгөөд энэ нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болно.

Энэ заалтын “торгох”, “хууль бусаар олсон орлогыг хураах”, “зөвшөөрлийг хүчингүй болгох” арга хэмжээг зэрэг хэрэглэж болно.

2.Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т “эм болон хууль бусаар олсон орлогыг хураах”, “иргэн, албан тушаалтан, байгууллага, аж ахуйн нэгжийг торгох” гэдгийг дараах байдлаар ойлгож хэрэглэсүгэй.

Хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эмийг импортлохыг зөвшөөрнө”, мөн зүйлийн 8.3-т “зохих байгууллагын зөвшөөрөлгүй эм импортлохыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөн бол иргэн, албан тушаалтан, байгууллага, аж ахуйн нэгжийн оруулж ирсэн эм, түүний борлуулалтаас олсон орлогыг хураахын зэрэгцээ тэдгээрийг тус бүр торгох арга хэмжээ авна.

3.Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4 дэх заалтын “энэ хуулийн 9.2-ыг зөрчсөн бол хууль бусаар олсон орлогыг хурааж, зөрчил гаргасан иргэн, албан тушаалтан, байгууллага, аж ахуйн нэгжийг торгох” гэдгийг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан “эм нэвтрүүлэхээр тогтоосон хилийн боомтоос бусад боомтоор эм нэвтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн иргэн, албан тушаалтан, байгууллага, аж ахуйн нэгжид хамааруулахаас гадна хууль бусаар олсон орлогыг хураахын зэрэгцээ тэдгээрт торгох арга хэмжээ ногдуулна гэж ойлговол зохино.

Энэ заалтын “хууль бусаар олсон орлого” гэдэгт эм нэвтрүүлэхээр тогтоосон хилийн боомтоос бусад боомтоор нэвтрүүлсэн эм болон түүнийг борлуулсны орлогыг хамааруулан ойлгоно.

4.Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.5-д энэ хуулийн 10.1, 10.2, 11 дүгээр зүйлийн заалтыг “зөрчсөн тохиолдолд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хурааж улсын орлого болгох буюу устгах, худалдсан тохиолдолд хууль бусаар олсон орлогыг хурааж улсын орлого болгох” гэсэн заалтыг дараах байдлаар ойлгож хэрэглэсүгэй.

Хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан малын эм ба хүний эмийн үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй, мөн 10.2-т заасан эмийн үйлдвэрлэл эрхлэх үндсэн шаардлагыг хангаагүй эмийн үйлдвэрлэл эрхэлсэн, түүнчлэн хуулийн 11 дүгээр зүйлд заасан эмийн үйлдвэрлэл эрхлэхэд хориглох зүйлийг зөрчсөн байгууллагын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хурааж, улсын орлого болгох буюу устгана. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ худалдан борлуулсан бол үнийг хууль бусаар олсон орлогод тооцон хурааж, улсын орлого болгоно.

5.Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.5-д заасан “зөрчил гаргасан албан тушаалтан, байгууллагыг …торгох буюу эм, эмнэлгийн хэрэгслэлийн үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрлийг 6 сараас 1 жил, 6 сарын хугацаагаар хүчингүй болгох” гэдгийг малын эм ба хүний эмийн үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй, түүнчлэн эмийн үйлдвэрлэл эрхлэх талаар хуульд заасан үндсэн шаардлагыг хангахгүйгээр эмийн үйлдвэрлэл эрхэлсэн, эмийн үйлдвэр эрхлэхэд хуулиар хориглосон зүйлийг зөрчсөн тохиолдолд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хурааж, улсын орлого болгох, устгах, хууль бусаар олсон орлогыг хурааж улсын орлого болгохын зэрэгцээ, зөрчил гаргасан байгууллагыг торгох буюу эм, эмнэлгийн хэрэгслэлийн үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрлийг зургаан сараас нэг жил зургаан сарын хугацаагаар хүчингүй болгоно гэж ойлгоно.

Энэ заалтын “торгох” ба “эм, эмнэлгийн хэрэгслэлийн үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох” арга хэмжээг зөрчлийн шинж байдлаас шалтгаалан аль нэгийг нь сонгон хэрэглэнэ.

6.Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.8-д энэ хуулийн 7.7-г зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эм болон хууль бусаар олсон орлогыг хурааж, зөрчил гаргасан иргэн, албан тушаалтан, байгууллага, аж ахуйн нэгжийг торгох ба үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг 2 жил хүртэл хугацаагаар хүчингүй болгох” гэж заасныг дараахь байдлаар тайлбарласугай.

Хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д “хуурамч эм импортлох, үйлдвэрлэх худалдахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол “эм болон хууль бусаар олсон орлогыг хураах”, зөрчил гаргасан иргэн, албан тушаалтан, байгууллагыг “торгох”, “үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хоёр жил хүртэл хугацаагаар хүчингүй болгох” арга хэмжээг нь зэрэг хэрэглэнэ гэж ойлгоно.

 

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      С.БАТДЭЛГЭР

                                                ШҮҮГЧ                                               А.ДОРЖГОТОВ