Хэвлэх DOC Татаж авах
ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ,  ЗААЛТЫГ ХЭРЭГЛЭХ ЖУРМЫН ТУХАЙ

 

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН

ТОГТООЛ

 

2002 оны 9 дүгээр                                                                                                                                                                                                                                              Улаанбаатар

сарын 4-ний өдөр                                                                                                         Дугаар 275                                                                                                                              хот

 

 

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ,

ЗААЛТЫГ ХЭРЭГЛЭХ ЖУРМЫН ТУХАЙ

 

2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх шинэ хуулийн /цаашид Эрүүгийн байцаан шийтгэх хууль гэнэ/ зарим зүйл, хэсэг, заалт болон “Хуулийн зарим заалтыг дагаж мөрдөх журмын тухай” 2002 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Монгол Улсын Хуулийн 3 дугаар заалтыг нэг мөр ойлгож, 2002 оны 9 дүгээр сарын 1-нээс зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Монгол Улсын Шүүхийн тухай шинэ хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

1.Бүх шатны шүүх шинээр батлагдсан Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг 2002 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх бөгөөд энэ өдрөөс өмнө анхан шатны журмаар аймаг, нийслэлийн шүүхээр хянан шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийг Улсын Дээд шүүх давж заалдах журмаар хянан шийдвэрлэнэ.

Харин аймаг, нийслэлийн шүүх 2002 оны 9 дүгээр сарын 1-нээс өмнө хүлээн авч, шүүхээр уг хэргийг хянах ажиллагааг нэгэнт эхэлж, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамж гарч, шүүх хуралдааны товыг нэгэнт зарласан бол тухайн шүүх анхан шатны журмаар хэргийг шинээр батлагдсан хуулийг баримтлан шийдвэрлэнэ.

Энэ шийдвэрт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд заасан давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд гомдол, эсэргүүцэл гаргавал уг хэргийг Улсын Дээд шүүхэд давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр хүргүүлнэ.

Хэрэв яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 222.1-д заасны дагуу шүүгчийн захирамжаар хэргийг харъяалах сум, сум дундын болон дүүргийн шүүхэд нь шилжүүлнэ.

2.2002 оны 9 дүгээр сарын 1-нээс өмнө шийдвэрлэгдэж таслан шийдвэрлэх тогтоол нь хүчин төгөлдөр болсон хэргийг Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар хянуулахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342.1-д зааснаар гомдол, эсэргүүцэл гарвал уг гомдол, эсэргүүцэл нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303.1, 342.1-д заасан заалт болон 320, 321 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан хяналтын шатны гомдол, эсэргүүцэл мөн эсэхийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч хянаж, хэргийг Улсын Дээд шүүхэд явуулах эсэхийг шийдвэрлэнэ.

Аймаг, нийслэлийн хяналтын шатны шүүхэд 2002 оны 9 дүгээр сарын 1-нээс өмнө эсэргүүцэл, дүгнэлт бичигдсэн ч хэлэлцэгдээгүй байгаа хэргийг Улсын Дээд шүүхэд хүргүүлнэ.

3.2002 оны 9 дүгээр сарын 1-нээс өмнө таслан шийдвэрлэх тогтоол нь хүчин төгөлдөр болсон хэрэг Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар урьд нь хянагдаж байгаагүй бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 347.1-д зааснаар Улсын Дээд шүүх уг хэргийг хяналтын журмаар 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд энэ нь эцсийн шийдвэр байна.

Харин Улсын Дээд шүүх урьд нь хэргийг хянаад өгсөн хариу, эсхүл Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар нэг удаа хэлэлцэж гарсан тогтоол болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 347.1-д зааснаар Улсын Дээд шүүхийн 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хэлэлцэж гаргасан тогтоолыг хуульд харшилсан гэж үзвэл энэ хуулийн 347.2-т зааснаар Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар зохих албан тушаалтны дүгнэлтийг үндэслэн хянан хэлэлцэж болно.

4.Шүүхийн тогтоол, магадлалд давах болон хяналтын журмаар гарсан гомдол, эсэргүүцлийг уг хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхэд гаргана. Ийм тохиолдолд анхан шатны болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 305, 344 дүгээр зүйлд зааснаар оролцогч бусад талуудад гомдол, эсэргүүцэл бичигдсэн талаар болон хариу тайлбар бичих эрхтэй болохыг нь мэдэгдэнэ.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлд “Шийтгэх ба цагаатгах тогтоол уншиж сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болно” гэснийг, мөн 306.1, 345.1-д “…тогтоолын биелэлт түдгэлзэнэ” гэснийг дараахь байдлаар ойлгож, хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй:

а/”Шийтгэх, цагаатгах тогтоол уншиж сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болно” гэж хуульд нэгэнт заасан тул анхан шатны шүүх гэм буруутай этгээдэд хорих, баривчлах ял оногдуулсан тохиолдолд таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорихоор авах бөгөөд гомдол, эсэргүүцэл хуульд заасан хугацаанд гараагүй бол шийтгэх тогтоол биелүүлэх ажиллагааг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 330 дугаар зүйлд зааснаар зохион байгуулна.

Харин давж заалдах болон хяналтын шатанд гомдол, эсэргүүцэл бичигдвэл тогтоолын биелэлт түдгэлзэнэ.

б/Давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гарсан үед “тогтоолын биелэлтийг түдгэлзэнэ” гэсэн нь урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх ойлголт биш, харин торгууль тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах, эд хөрөнгө хураах, албадан ажил хийлгэх ялыг биелүүлэх болон хохирол, төлбөрийг албадан гүйцэтгэхийг дээд шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хойшлуулна гэсэн ойлголт болно.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342.1-д зааснаар хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргахад 2002 оны 9 дүгээр сарын 1-нээс өмнө шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн хувьд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304.1-д заасан “10 хоног”-ийн хугацаа хамаарахгүй, зөвхөн 2002 оны 9 дүгээр сарын 1-нээс хойно шийдвэрлэгдсэн хэрэгт хамаарахыг тайлбарласугай.

7.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим /Д.Батсайхан/-д даалгасугай.

 

                                                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ч.ГАНБАТ

                                                                                             ШҮҮГЧ                                       М.ДАМИРАНСҮРЭН