Хэвлэх DOC Татаж авах
ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 113 ДУГААР ЗҮЙЛИЙН  ЗАРИМ ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН

ТОГТООЛ

 

2008 оны 3 дугаар                                                                                                                                                                                                                                             Улаанбаатар

сарын 26-ны өдөр                                                                                                           Дугаар 12                                                                                                                            хот

 

 

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 113 ДУГААР ЗҮЙЛИЙН

ЗАРИМ ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

 

Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлийн зарим заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

Нэг.Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлийн зарим заалтыг дор дурьдсанаар тайлбарласугай.

1.1.“Хүн худалдаалах” гэдэгт тодорхой төлбөртэйгөөр (мөнгө авах, эд хөрөнгө болон түүнийг өмчлөх эрхээр солилцох г.м) эсхүл ямар нэгэн үүргийн гүйцэтгэлд тооцож (өрөнд өгөх г.м) хүнийг бусад хүмүүсийн мэдэлд бүр мөсөн буюу тодорхой хугацаагаар шилжүүлэхийг ойлгоно.

1.2.“Ашиг олох зорилгоор” гэж хүн худалдаалах замаар өөртөө болон бусад этгээдэд эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус ашигтай байдал, орлого бий болгохыг хэлнэ.

1.3.“Хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн” гэдгийг Улсын Дээд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 41 дүгээр тогтоолын 1.4-т зааснаар ойлгоно.

1.4.“Хууран мэхэлсэн” гэж үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдүүлэхийг хэлнэ.

Энэ нь гадаад улсад ажиллах, суралцах, аялах, гэрлэхэд зуучлах зэргээр худал амлах хэлбэрээр илэрнэ.

1.5.“Эмзэг байдлыг нь далимдуулсан” гэдэгт хохирогчийн эдийн засаг, эрүүл мэнд болон хөгжлийн бэрхшээлтэй байдал, гэр бүлийн таагүй орчин, түүнчлэн амьдрал ахуйн бусад хүнд байдал зэргийг ашигласан байхыг ойлгоно.

1.6.“Элсүүлсэн” гэж хүнийг худалдаалах зорилгоор тухайн болон бусад этгээдийг айлган сүрдүүлэх, тулган шаардах, ятгах замаар гэмт ажиллагааны оролцогч болгох аливаа үйлдлийг хэлнэ. Хүн худалдаалах гэмт хэргийг үйлдэхдээ бусдыг татан оролцуулахаас гадна хохирогчийн биеэ хамгаалах чадваргүй болон эрхшээлдээ байгаа байдал зэргийг далимдуулан зөвшөөрүүлэх явдал нь энэ ойлголтод нэгэн адил хамаарна.

1.7.“Тээвэрлэсэн” гэдэгт хүн худалдаалж байгааг мэдсэн этгээд худалдаалагдаж буй хүнийг нэг газраас нөгөөд бүх төрлийн тээврийн хэрэгслээр ил болон далд хэлбэрээр зөөвөрлөхөөс гадна уг ажиллагаанд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэхийг ойлгоно.

Хүн худалдаалж байгаа этгээд өөрөө тээвэрлэсэн бол энэ нь түүний гэмт үйлдлийн нэг хэсэг болно.

1.8.“Дамжуулсан” гэж хүн худалдаалж байгааг мэдсэн этгээд хүнийг гуравдагч улсын нутаг дэвсгэрээр дамжуулан хил нэвтрүүлэх, нэг этгээдээс нөгөөд хүнийг шилжүүлэх болон уг ажиллагаанд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хэлнэ.

1.9.“Орогнуулсан” гэдэгт хүн худалдаалж байгааг мэдсэн этгээд худалдаалагдаж буй хүнийг хүлээн авах этгээдэд шилжих хүртэл түр хугацаагаар өөрийн, эсхүл бусдын орон байранд хяналттай болон хяналтгүйгээр нуугдуулан байрлуулахыг ойлгоно.

1.10.“Хүлээн авсан” гэж худалдаалагдсан хүнийг өөрийн мэдэлд байлгаж, ашиглахаар шилжүүлэн авахыг ойлгоно.

1.11.“Эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдэгт хууль тогтоомж буюу эрх бүхий байгууллагын гаргасан шийдвэрийн дагуу өөрт нь олгогдсон албаны болон бусад бүрэн эрхийг санаатайгаар харш ашигласан явдлыг хамааруулж үзнэ.

1.12.“Эрхшээлдээ байгаа” гэдэгт эд хөрөнгийн болон бусад нөхцөл байдлын улмаас тухайн этгээдээс хараат байхыг ойлгоно.

1.13.“Хил давуулан” гэдэгт хүнийг худалдаалахын тулд улсын хилийг нууцаар, эсхүл хуурамч буюу хууль ёсоор олж авсан баримт бичиг ашиглан илээр нэвтрүүлэхийн аль аль нь хамаарна.

Хүнийг хил давуулан худалдаалахдаа хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн бол Эрүүгийн хуулийн 89 дүгээр зүйлээр давхар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

1.14.“Хүнд хор уршиг учирсан” гэдэгт хүнийг худалдаалахтай шууд холбоотойгоор амь нас нь хохирсон, амиа хорлоход хүргэсэн, бие махбодид нь хүнд гэмтэл учирсан, сэтгэцийн болон бусад хүнд өвчнөөр өвчилсөн, түүнчлэн эд хөрөнгийн хувьд хохирол учирсан зэрэг үр дагавар бий болсныг ойлгоно.

Хоёр.Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлийн тайлбарын 1 дэх хэсгийн зарим заалтыг дор дурьдсанаар тайлбарласугай.

2.1.“Биеийг нь үнэлүүлэх” гэж хохирогчийн хүсэл зоригоос гадуур түүнийг бусадтай бэлгийн харьцаанд төлбөртэй оруулахыг хэлнэ.

“Бэлгийн хүчирхийлэлд оруулах” гэдэгт биеийг нь үнэлүүлэхээс гадна тулган шаардах, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж садар самууныг сурталчлахад татаж оруулсан, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан аливаа үйлдэл хийсэн зэргийг ойлгоно.

Өрийн дарамтад оруулах зэргээр биеийг нь үнэлүүлсэн болон бусад хэлбэрээр бэлгийн хүчирхийлэлд оруулсан бол үүнд нэгэн адил хамаарна.

2.2.“Албадан хөдөлмөр хийлгэх” гэдэгт хүний хүсэл зоригоос гадуур түүгээр аливаа ажил үйлчилгээг төлбөргүйгээр гүйцэтгүүлэхийг хэлнэ.

2.3.“Боолчлох” гэдэгт эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус өмчлөх эрхэд хамаарах бүх, эсхүл зарим эрхийг хүн дээр хэрэгжүүлж, түүний төрөлхийн болон жам ёсны бүх эрхийг хориглох буюу хязгаарлахыг ойлгоно.

2.4.“Боолчлолтой ижил төстэй нөхцөлд байлгах” гэж хуульд харшилсан зан заншил, уламжлал, шашин шүтлэг зэрэгтэй холбоотойгоор хүний төрөлхийн болон жам ёсны бүх эрхийг хориглох буюу хязгаарлах явдлыг хэлнэ.

2.5.“Эд эрхтнийг нь авч ашиглах” гэдэгт хүний цус, нөхөн үржихүйн эд (өндгөвч, төмсөг, өндгөн эс, сүн, ураг)-ээс бусад эд эрхтнийг ашиг олох зорилгоор, хууль бусаар авсан үйлдлийг хамааруулж үзнэ.

Гурав.Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2.3-т заасан хүн хулгайлах хэрэг нь хүнийг худалдаалах зорилготой байдгаараа мөн хуулийн 108 дугаар зүйлд заасан гэмт хэргээс ялгагдана.

Хүнийг худалдаалах зорилгоор хулгайлсан нь энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн тул энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн 108 дугаар зүйлээр давхар зүйлчлэхгүй.

Дөрөв.Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлийн тайлбарын 1 дэх хэсгийн “биеийг нь үнэлүүлэх” гэдэг нь мөн хуулийн 124 дүгээр зүйлд заасан “биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах” гэмт хэргээс дараах шинжээр ялгагдана.

4.1.Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлд заасан “биеийг нь үнэлүүлэх” гэдэг нь хохирогчийн хүсэл зоригоос гадуур, тулган шаардаж, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, түүнийг бэлгийн харьцаанд оруулдаг бол мөн хуулийн 124 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний хувьд энэ нь заавал байх шинж биш болохыг анхаарвал зохино.

4.2.Хүнийг худалдаалах гэмт хэргийн хохирогчийг бусад хүмүүсийн мэдэлд бүрмөсөн буюу тодорхой хугацаагаар, төлбөртэйгөөр эсхүл ямар нэгэн үүргийн гүйцэтгэлд тооцож шилжүүлдэг бол биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулсан, зохион байгуулсан, зуучилсан гэмт хэргийн хувьд ийм шинж байдаггүйгээр ялгагдана.

4.3.Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хохирогчийн биеийг нь үнэлүүлсэн болон бусад хэлбэрээр бэлгийн хүчирхийлэлд оруулсны орлого бүхэлдээ гэмт этгээдийн ашиг болдог бол мөн хуулийн 124 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хувьд ашиг, орлогын тодорхой хэсэг нь гэмт этгээдийн мэдэлд шилжинэ.

Түүнчлэн биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулсан, зохион байгуулсан, зуучилсан гэмт хэргийн хохирогчид биеэ үнэлсний орлогын зарим хэсэг үлддэг бол Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хувьд ийм шинж байдаггүйгээр ялгагдана.

4.4.Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хувьд хохирогчийн эрх, эрх чөлөө гэмт этгээдээс бүрэн хамааралтай, боолчлогдох шинжтэй бол мөн хуулийн 124 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн тухайд биеэ үнэлж байгаа этгээд нь гэмт этгээдээс ямар нэгэн байдлаар хараат байх боловч эрх, эрх чөлөө нь бүрэн хязгаарлагдсан шинжгүй байна.

4.5.Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирогч “биеийг нь үнэлүүлэх”-ийг урьдчилан мэдээгүй байдаг бол мөн хуулийн 124 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хувьд биеэ үнэлж байгаа этгээд үүнийг урьдчилан мэдсэн байдгаараа ялгагдана.

4.6.Биеийг нь үнэлүүлэх болон бусад хэлбэрээр бэлгийн хүчирхийлэлд оруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлээр давхар зүйлчлэхгүй.

Тав.Хүн худалдаалах тухай хэлцэл (амаар болон бичгээр) хийгдсэн болон талууд үүргээ гүйцэтгэсэн эсэхээс үл хамааран хүнийг худалдаалахаар элсүүлсэн, тээвэрлэсэн, дамжуулсан, орогнуулсан, хүлээн авсан, эсхүл дээрх үйлдлүүдэд бэлтгэсэн, завдсан бол хүн худалдаалах гэмт хэргийг төгс үйлдэгдсэнд тооцно.

 

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      С.БАТДЭЛГЭР

 

                                                                                                                     ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Д.БАТСАЙХАН