Хэвлэх DOC Татаж авах
ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 139 ДҮГЭЭР  ЗҮЙЛИЙГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН

ТОГТООЛ

 

2007 оны 12 дугаар                                                                                                                                                                                                                                            Улаанбаатар

сарын 21-ний өдөр                                                                                                         Дугаар 51                                                                                                                             хот

 

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 139 ДҮГЭЭР

ЗҮЙЛИЙГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

 

Эрүүгийн хуулийн 139 дүгээр зүйлийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн /цаашид “хуулийн” гэх/ 139 дүгээр зүйлийн зарим заалтыг дор дурдсанаар тайлбарласугай:

1.1.Хуулийн 139 дүгээр зүйлийн 139.1-д заасан “Өөрийн болон бусдын ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээлэл…” гэдэгт тухайн этгээдийн өөрт нь болон бусдад холбоотой тодорхой асуудал, сэдвийн дагуу нийтэд мэдээлэхээр сэтгүүлчээс бэлтгэсэн аливаа бүтээлийг ойлгоно.

1.2.Мөн зүйл, хэсэгт заасан “…сэтгүүлчийн хуульд нийцсэн мэргэжлийн үйл ажиллагаа…” гэж Үндсэн хууль болон бусад хуулиар хамгаалагдсан төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотойгоос бусад мэдээллийг хайх, хүлээн авах, цуглуулах, боловсруулах, нийтлэх ажиллагааг хэлнэ.

1.3.Мөн зүйл, хэсэгт заасан “…саад хийсэн…” гэдэгт сэтгүүлчээс хуульд нийцсэн мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй байдалд хүргэсэн, эсхүл үндэслэл бүхий шалтгаангүйгээр хүндрэл учруулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.

Энэ нь сэтгүүлчийн үйл ажиллагааг хууль бусаар хязгаарлах, зогсоох, хяналт тогтоох, мэдээлэл олох боломжийг хаах, олсон мэдээллийг хууль бусаар хурааж авах, устгах, өөрт нь болон ойр дотны хүмүүст хүч хэрэглэх, нэр төр, алдар хүндийг нь гутаасан мэдээ баримт тараах буюу эд хөрөнгийг нь устгахаар заналхийлэх, албан тушаал бууруулах буюу ахиулах амлалт өгөх, мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг зогсоох буюу хаах зэргээр илэрч болно.

Сэтгүүлч болон түүний ойр дотны хүмүүст хүч хэрэглэхээр заналхийлэх явцад тэдгээрийн эрүүл мэндэд хор уршиг учирсан бол нийлмэл гэмт хэрэг гэж үзэж, хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн аль тохирохоор давхар зүйлчилнэ.

1.4.Мөн зүйл, хэсэгт заасан “…нийтэд тараах…” гэж Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллийг олон нийтэд түгээхийг хэлнэ.

1.5.Мөн зүйл, хэсэгт заасан “…тараалгахгүй байх…” гэдэгт сэтгүүлчээс аливаа мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түгээхийн өмнө түүний хууль ёсны үйл ажиллагаанд бусдын зүгээс хууль бусаар аливаа саад үзүүлснийг ойлгоно.

2.Хуулийн 139 дүгээр зүйлийн 139.2-т заасан “…албан тушаалын байдлаа ашиглан үйлдсэн…” гэж сэтгүүлчийн хууль ёсны мэргэжлийн үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн эрх бүхий албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, урвуулах болон албаны нэр хүндээ ашиглан саад учруулсан байхыг хэлнэ.

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      С.БАТДЭЛГЭР

                                               ШҮҮГЧ                                       Ч.ГАНБАТ