Хэвлэх DOC Татаж авах
ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 145 ДУГААР ЗҮЙЛИЙН ЗАРИМ ХЭСЭГ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН

 ТОГТООЛ

 

2006 оны 5 дугаар                                                                                                                                                                                                                                              Улаанбаатар

сарын 29-ний өдөр                                                                                                       Дугаар 28                                                                                                                             хот

 

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 145 ДУГААР ЗҮЙЛИЙН

ЗАРИМ ХЭСЭГ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

 

Эрүүгийн хуулийн 7 дугаар хэсэг, 19 дүгээр бүлгийн 145 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг дор дурьдсанаар тайлбарласугай:

1.1.Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг ойлгоно.

1.2.“Хулгайлах” гэмт хэргийн субъект нь 14 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй Монгол Улсын иргэн, гадаад улсын харъяат, харъяалалгүй этгээд байж болно.

1.3.Бага буюу өндөр настай, сэтгэцийн болон бусад хүнд өвчтэй, согтуурсан, мансуурсан буюу унтаж байсан, хөгжлийн бэрхшээлтэй /сохор, дүлий/ зэрэг бусад байдлаас шалтгаалан тухайн үед болж байгаа үйл явдлыг мэдрэхгүй, ойлгож мэдэхгүй, илчлэх чадваргүй байдлыг далимдуулан тэдний дэргэд эд хөрөнгийг авсан үйлдлийг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг гэж үзвэл зохино.

1.4.Бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр авч байх үед дэргэд нь байгаа этгээд тухайн үйлдлийн шинж чанарыг ойлгож мэдээгүй, эсхүл гэмт этгээдтэй холбоотой /найз, танил, төрөл садан гэх мэт/ тул түүний зүгээс хориглох, эсэргүүцэх явдал гаргахгүй гэж тухайн этгээд тооцон бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан үйлдлийг хулгайн гэмт хэргээр зүйлчлэх нь зүйтэй.

Харин гэмт хэрэг үйлдэх үед дэргэд нь байсан этгээд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авах үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ авсан бол гэм буруутай этгээдийн үйлдлийг бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэргээр зүйлчилбэл зохино.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах үед өмчлөгч буюу эзэмшигч уг үйлдлийг харсан /мэдсэн/ талаар гэмт этгээд ойлгосон атлаа авсан эд зүйлээ өөрийн эзэмшилд үлдээх зорилгоор уг үйлдлээ үргэлжлүүлсэн бол түүний үйлдлийг бусдын эд хөрөнгийг булаах, харин хохирогчийн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэсэн, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон бол бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргээр тус тус зүйлчилнэ.

1.5.Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “давтан үйлдэх” гэдэгт хулгайн гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэн байхыг ойлгоно.

Гэхдээ гэмт хэрэг үйлдэх санаа нь тус тусдаа үүссэн, тус бүрдээ бие даасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй байх бөгөөд уг үйлдэлдээ ял шийтгүүлсэн буюу ял шийтгүүлээгүйн аль аль нь хамаарна.

Харин хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн, ялгүй болсон, ялгүйд тооцогдсон этгээдийн дахин шинээр үйлдсэн гэмт хэрэг нь давтан үйлдсэн гэмт хэрэгт тооцогдохгүй.

1.6.Мөн зүйлийн 145.2, 145.3, 145.4 дэх хэсэгт заасан “бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн” гэдгийг Улсын Дээд шүүхийн 2003 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 10 дугаар тогтоолд тайлбарласнаар ойлгоно.

1.7.Мөн зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, мотоцикль, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх, буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зэрэг зориулалттай машин механизмууд хамаарна.

Машин механизмыг хэрэглэсэн” гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно.

Харин хулгайлах үйлдэл төгссөний дараа түүнийг зөөж тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизм ашигласныг энэ ойлголтод хамааруулахгүй.

1.8.Мөн зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл” гэдэгт хулгайн гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн буюу ашигласан бэхэлгээ, хамгаалалтыг эвдэх зориулалт бүхий биеийн хүч нэмэгдүүлэх, үйлдлийг хялбаршуулахад хэрэглэсэн бүх төрлийн багаж хэрэгсэл, тэсэлж дэлбэлэх болон химийн, үйлдвэрлэлийн, цэргийн зориулалттай тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулан ойлгоно.

1.9.Мөн зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “орон байр” гэдэгт хүн байнга буюу түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно. Орон байр нь хөдөлгөөнтэй, түр шинжтэй байж болно.

1.10.Мөн зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “агуулах сав” гэдэг нь эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, пин, амбаар, илүү гэр, гэрийн болон тээврийн чингэлэг, бүх төрлийн агуулах, зоорь, автомухлаг, хөргөх ба эд бараа зөөх төхөөрөмжтэй автомашин, граж, албан тасалгаа, үйлдвэрлэлийн эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байр, түүнчлэн хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын автомашины кабин, багаж, онгоц, галт тэрэг, далайн хөлгийн ачаа хадгалах сав зэргийг хамааруулан ойлгоно.

Мал, гэрийн тэжээвэр амьтныг бусдын халдлагаас хамгаалж зориулалтын цоож, бэхэлгээ хийсэн хашаа, байр, савыг “агуулах сав” гэдэгт хамааруулж болно.

Харин мал болон гэрийн тэжээвэр амьтны зөвхөн өөрийнх нь хөдөлгөөнийг хорих, салхи, жавар, бороо, цаснаас нөмөрлөх зориулалтын хашаа, хороо, саравчийг энэ тайлбарын 1.10 дахь заалтын 2 дахь хэсэгт заасан шинжгүй бол “агуулах сав” гэдэг ойлголтод хамааруулахгүй.

1.11.Мөн зүйлийн 145.2 дахь хэсгийн “орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн” гэдгийг түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад нь сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орохыг ойлгоно. Мөн тодорхой хугацаанд байх эрх бүхий этгээд өөр цаг хугацаанд үйлдвэрлэлийн байр, албан тасалгаа зэрэгт зөвшөөрөлгүйгээр орсон байвал орон байр, агуулах саванд нэвтэрсэн гэж үзнэ.

Харин нийтийн үйлчилгээний газар /дэлгүүр, музей, үзэсгэлэнгийн танхим гэх мэт/-т хууль ёсоор нэвтэрч орсны дараа хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг орон байр, агуулах саванд нэвтэрсэн гэж үзэхгүй.

1.12.Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 145.3, 145.4 дэх хэсгүүдэд заасан “үлэмж, их, онц их хэмжээний хохирол” гэдгийг Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар тодорхойлно.

Харин Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд хохирлын хэмжээг харгалзахгүй.

1.13.Мөн зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “олон тооны мал хулгайлсан” гэдэгт нэг буюу хэд хэдэн удаагийн үйлдлээр 8 бод эсхүл 25 бог, түүнээс дээш тооны мал хулгайлсан байхыг ойлгоно.

1.14.Мөн зүйлийн 145.3 дахь хэсэгт заасан “хохирогчийг амьдралын эх үүсвэрээс нь салгасан” гэдэг ойлголт нь хулгайлсан зүйлийн хэмжээ, үнээр бус, хохирогчийн амьдралд уг зүйлийн гүйцэтгэж байсан эдийн засгийн ач холбогдлыг шалган тогтоосон хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчээс өгөх үнэлэмжээр тодорхойлогдоно.

1.15.Мөн зүйлийн 145.3 дахь хэсэгт заасан “нийтэд учирсан гамшигт байдлыг далимдуулж” гэдгийг байгалийн болон ослын гамшиг тохиолдсон, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн, гоц халдварт өвчин дэлгэрсэн зэрэг онцгой нөхцөл байдлын улмаас нийтийн анхаарал сарнисныг далимдуулж хулгайн гэмт хэрэг үйлдэхийг ойлгоно.

1.16.Мөн зүйлийн 145.4 дэх хэсгийн “хулгайн гэмт хэрэгт хоёр буюу түүнээс дээш удаа, эсхүл булаах, дээрэмдэх, уулгалан довтлох гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд” гэдгийг урьд энэ төрлийн гэмт хэрэгт шүүхээр ял шийтгүүлснээс хойш Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүйд тооцох буюу ялгүй болох хугацаа өнгөрөөгүй байхыг ойлгоно

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Улсын Дээд шүүхийн “Эрүүгийн хуулийн 1231 дүгээр зүйлийг тайлбарлах тухай” 1997 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 74 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      С.БАТДЭЛГЭР

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Д.БАТСАЙХАН

                                     ШҮҮГЧ                                                Ч.ГАНБАТ