Хэвлэх DOC Татаж авах
ТӨРӨӨС ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2010 оны 6 дугаар сарын 24-ний өдөр                                                                                                                                                                                   Улаанбаатар хот

Дугаар 32

 

ТӨРӨӨС ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО БАТЛАХ ТУХАЙ

 

Төмөр замын тээврийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг хавсралтаар баталсугай.

2.Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай:

1/Монгол Улсын экспортын ачааны тээвэрлэлтийг ОХУ болон БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэхэд тухайн улсын төмөр замын байгууллагаас ижил төрлийн ачааны тээвэрлэлтэд үзүүлж байгаа тээврийн болон вагон ашиглалтын хамгийн доод хөлс, ачаа хүргэх хугацаа, бусад төлбөр, хураамжтай дүйцэх буюу илүү хөнгөлөлттэй нөхцөлийг урт хугацаанд мөрдөхөөр тохиролцож, “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д тусгагдсан тухайн чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барьж байгуулах арга хэмжээ авах;

2/эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой шинээр барих төмөр замын суурь бүтцийг Төмөр замын тээврийн тухай хуулийн 6.2-т заасны дагуу төрийн өмчид байлгах;

3/“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д заасан зорилтыг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусган хэрэгжүүлэх;

4/Даланзадгад-Таван толгой-Зүүнбаян, Сайншанд-Баруун-Урт-Чойбалсан чиглэлд хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг 2010 онд багтаан эхлүүлэх;

5/энэ тогтоолын 2 дахь заалтын 4 дэх дэд заалтад заасан чиглэлтэй уялдуулан хөндлөн болон баруун босоо чиглэлд тавих төмөр замын замнал /маршрут/-ыг нарийвчлан тодорхойлж Улсын Их Хуралд танилцуулах;

6/Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн тээврийн хүчин чадал, техник, технологийн түвшинг өмч хамтран эзэмшиж байгаа талын болон бусад улсын эдийн засгийн дэмжлэг, туслалцааг авах замаар хөгжлийн шинэ шатанд гаргах.

3.Энэ тогтоолын хэрэгжилтэд байнгын хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн байнгын хороо /Ц.Баярсайхан/-нд үүрэг болгосугай.

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                       Д.ДЭМБЭРЭЛ