A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

2003 оны 7 дугаар сарын 09-ний өдөр

 

Дугаар 24

Улаанбаатар хот

                                                                        ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 175 ДУГААР ЗҮЙЛИЙГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

Хэвлэх

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

Нэг. Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийг дор дурьдсанаар тайлбарласугай.

1.Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан "Хориглосон эд зүйл" гэдэгт Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын тогтоол, Олон улсын гэрээ, Засгийн газрын шийдвэрээр улсын хилээр гаргах, оруулах, эсхүл зөвхөн гаргахыг буюу оруулахыг, түүнчлэн дамжин өнгөрүүлэхийг хориглосон бараа, түүхий эд, эд зүйлийг хамааруулна.

2.Мөн зүйл, хэсэгт заасан "хязгаарласан эд зүйл" гэдэгт Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын тогтоол, Олон улсын гэрээ, Засгийн газрын шийдвэрээр улсын хилээр нэвтрүүлэхийг тарифын болон тарифын бус аргаар хязгаарласан бараа бүтээгдэхүүн, түүхий эд, эд зүйлс хамаарна.

Тарифын аргаар хязгаарласан гэдэг нь Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын тогтоол, Олон Улсын гэрээ, Засгийн газрын шийдвэрээр улсын хилээр нэвтрүүлэх тодорхой нэр төрлийн бараанд албан татварын хувь хэмжээг зориудаар онцлон тогтоохыг хэлнэ.

Тарифын бус аргаар хязгаарласан гэдгийг "Гаалийн болон гаалийн тарифын тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай" Улсын Дээд Шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 439 дүгээр тогтоолын 1.3 дахь хэсэгт зааснаар тодорхой болзол хангасан, тоон хязгаарлалт, нэмэгдэл татвар тогтоосон, эсхүл эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр улсын хилээр оруулах, гаргах, дамжин өнгөрүүлэхээр хууль, Улсын Их Хурлын тогтоол, Олон улсын гэрээ, Засгийн газрын шийдвэрт заасан барааг ойлгоно.

3.Хууль бусаар хил нэвтрүүлсэн буюу нэвтрүүлэхийг завдсан, хориглосон буюу хязгаарласан эд зүйлсийн үнийн дүн нь хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш бол гэмт хэрэгт тооцогдох бөгөөд энэ хэмжээнээс доош бол мөн төрлийн зөрчилд хамаарна.

4.Мөн зүйл, хэсэгт заасан "ховор амьтан" гэдэгт Амьтны аймгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад зааснаар тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтныг хамааруулан ойлгоно. Ховор амьтанд Засгийн газрын 2001 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 264 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан дараахь хөхтөн амьтан, шувуу, загас хамаарна. Үүнд: аргаль, янгир, хулан, хар сүүлтий, халиун буга, зэгсний гахай, говийн шилүүс, хадны суусар, цоохондой, эрээн хүрнэ, ойн булга, гозоорой зурам, алтайн хойлог, манхин галуу, хээрийн галуу, хошуу галуу, одой галуу, хуруут хун, гунгар хун, байгалийн нугас, ухаа шумбуур, халзан ангир, ямаан сүүлт, усны бух шувуу, цасч дэглий, халбаган хошуут, дорнын өрөвтас, хар өрөвтас, хонин тоодог, азийн цууцал, хилэн жигүүрт, эгэл хүрзгэнэ, цагаан шонхор, идлэг шонхор, амарын шонхор, цагаан амар, давх зэрэг амьтад хамаарч болно.

5.Мөн зүйл, хэсэгт заасан "валют" гэдэгт Валютын зохицуулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсын үндэсний валют, гадаад валют, мөнгөжсөн алт зэргийг;

"Валютын үнэт зүйл" гэдэгт Валютын зохицуулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан мөнгөжсөн алттай адилтгах үнэт металл, эрдэнийн чулууг;

"эрдэнэс" гэдэгт Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан түүхий эд, хайлш, химийн нэгдэл, бүтээгдэхүүн, түүх, соёлын дурсгалт зүйл зэрэг ямар ч байдалд байгаа үнэт металл, эрдэнийн чулууг;

"эрдэс" гэдэгт газрын гүнд буюу гадарга дээр физик-химийн процессын явцад бүрэлдэн тогтсон, химийн найрлага, физикийн шинж чанараараа нэг төрөл болох байгалийн биетийг;

"байгалийн төрц" гэдэгт Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан 400,0 граммаас дээш жинтэй буюу 3,0х2,0 сантиметрээс дээш хэмжээтэй, түүнээс бага боловч онцгой чамин дүрс хэлбэртэй байгалийн тогтоц, дүрс хэлбэрээрээ олдсон үнэт металл, эрдэнийн чулууг хамааруулна.

Энэ тайлбарт дурьдсан үнэт металл гэдэгт Засгийн газрын 1997 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 245 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан дараахь үнэт металл: Алт, мөнгө, платина /Платины бүлгийн металлууд: Палладий, иридий, родий, рутений, осмий/-ийг;

Эрдэнийн чулуу гэдэгт доржпалам, маргад, бадмаараг, индраанил, сувд, хувилгаан эрдэнэ, улбар шар, ногоон, нил ягаан сапфир, эрдэнийн гэрэлт чимид, эрдэнийн жадеит, демантоид, шпинель, эрдэнийн опал, усан биндэрьяа, молор, родолит, галтмар, хризолит /перидот/, циркон, биндэрьяа, кунцит, оюу, нил эрдэнэ, пироп /анар/, альмандин /анар/, саран чулуу, хризопраз, шаргал болор, ягаан болор хамаарна. Энэ жагсаалт ангилалд нэр дурьдагдаагүй чулууг ижил төрлийн чулууны адилаар тооцож болно.

6.Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан "…түүнчлэн их хэмжээ"-ний валют, валютын үнэт зүйл, эрдэнэс, эрдэс" гэдэгт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун хорин таваас хоёр зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгийн өртөг бүхий эд зүйл, валют хамаарна. Гадаад валютийг гэмт хэрэг үйлдэх үеийн Монгол банкны албан ёсны ханшийн мэдээг үндэслэн төгрөгт шилжүүлэн тооцно.

Харин мөн зүйлийн 175.1 дэх хэсэгт "…ховор амьтан… түүнчлэн байгалийн төрцийг" гэж тусгайлан нэрлэж заасан тул эдгээр нэрлэж заасан амьтан, эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх нь тэрхүү эд зүйлийн тоо, хэмжээ, үнийн дүнгээс үл хамааран гэмт хэрэгт тооцогдоно.

7.Мөн зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан "улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн" гэдэгт зохих зөвшөөрөлгүйгээр, гаалийн үзлэгээс гадуур, хилийн боомтгүй газраар, эсхүл гаалийн үзлэгээс нуун далдлах, тухайн эд зүйлийн нэр, төрөл, тоо хэмжээ, хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчлөх, түүнчлэн гаалийн баримт бичиг болон гаалийн лац ломбыг хуурамчаар үйлдэх, засварлах, гаалийн мэдүүлэгт бичихгүй орхих буюу худал бичих зэрэг аргаар энэ зүйлд тухайлан заасан эд зүйлсийг улсын хилээр эсвэл Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын "…гаалийн хяналтын талбайн хил нь тухайн хэсэгтээ гаалийн хилд тооцогдоно" гэсэн заалтад хамаарах гаалийн хяналтын талбайн хилээр гаргасан, оруулсан, дамжин өнгөрүүлсэн үйлдэл /эс үйлдэхүй/ хамаарна.

8.Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт заасан "түүх соёлын дурсгалт зүйл, музейн үзмэр, эртний амьтан, ургамлын үндэс, үнэт олдвор, археологийн ба палентологийн олдвор, эд өлгийн зүйл" гэдэгт Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан эд зүйлсийг хамааруулан ойлгохын гадна эдгээр эд зүйлсийг хууль бусаар хил нэвтрүүлэх нь тухайн нэрлэсэн зүйлийн тоо, хэмжээ, үнийн дүнгээс үл хамааран гэмт хэрэгт тооцогдоно гэж ойлговол зохино.

9.Мөн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг "давтан үйлдсэн" гэдэгт урьд нь эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлсэн буюу шийтгүүлээгүйн аль аль нь хамаарах ба гэмт хэрэг үйлдсэн этгээд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 72, 73, 76, 78 дугаар зүйлд заасан журмын дагуу эрүүгийн хариуцлага болон ялаас чөлөөлөгдөөгүй байна.

10.Мөн зүйл, хэсэгт заасан "бүлэглэж үйлдсэн" гэдэг нь хоёр буюу түүнээс дээш этгээд урьдчилан тохиролцсон буюу тохиролцоогүй боловч нэг санаа зорилгоор энэ зүйлд тухайлан заасан эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлсэн буюу нэвтрүүлэхээр завдсан байхыг хэлнэ.

11.Мөн зүйл, хэсэгт заасан "албан тушаалынхаа байдлыг ашиглаж үйлдсэн" гэдэгт албан тушалатан өөрт олгогдсон албаны бүрэн эрх, зохих хууль тогтоомжийн дагуу гаалийн үзлэг шалгалтаас чөлөөлөгдсөн байдал, түүнчлэн гаалийн үзлэг шалгалт хийх, түүнд хяналт тавих, зохион байгуулах, улсын хилээр бараа бүтээгдэхүүн, түүхий эд гаргах, оруулах зэрэг албан тушаалынхаа байдлыг ашиглаж энэ зүйлд заасан эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлсэн, эсхүл ийм үйлдэлд туслалцаа үзүүлсэн байхыг ойлгоно.

Албан тушаалтны ийм гэмт үйлдэл, эс үйлдэхүйг Эрүүгийн хуулийн хорин наймдугаар бүлгийн албан тушаалын гэмт хэргээр давхар зүйлчлэх шаардлагагүй гэж ойлгох нь зүйтэй.

12.Мөн зүйлийн 175.3 дахь хэсэгт заасан "онц аюултай гэмт хэрэгтэн" гэдэг нь гэмт этгээд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 24 дүгээр зүйлд заасны дагуу шүүхийн шийтгэх тогтоолоор онц аюултай гэмт хэрэгтнээр нэгэнт тооцогдсон этгээд эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн байхыг хэлнэ.

13.Мөн зүйлийн 175.3 дахь хэсэгт заасан "зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл" гэдгийг Монгол Улсын Дээд шүүхийн 2003 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 10 дугаар тогтоолд тайлбарласнаар ойлгож хэрэглэнэ.

14.Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт заасан эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэргийг "онц их хэмжээтэй үйлдсэн" гэдэгт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуугаас дээш дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгийн өртөг бүхий энэ зүйлд дурьдсан эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлсэн байхыг ойлгоно.

15.Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн зэвсэг, хэрэгсэл, гэмт үйлдлийн замаар олсон орлого, түүнтэй адилтган үзэх бусад эд зүйлийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсгийн заалт болон Гаалийн тухай хуулийн зохих зүйл, заалтын дагуу заавал хурааж улсын орлого болговол зохино.

16.Мөн зүйлийн 175.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд "эд хөрөнгийг хураах ял" заавал хэрэглэхийг заасугай.
Хоёр. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Эрүүгийн хуулийн 74, 1721 дүгэр зүйлийг нэг мөр ойлгон зөв хэрэглэх тухай" Улсын Дээд шүүхийн Бүгд хурлын 1994 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 180 дугаар тогтоолын энэ тогтоолоор тайлбарласанд хамаарах заалтуудыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ГАНБАТ
ЭРҮҮГИЙН ТАНХИМЫН ТЭРГҮҮН Н.ТӨРБАТ