A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ТАТВАРЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2003 оны 06 дугаар сарын 20-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 38

Татварын хууль тогтоомжийн биелэлт, татварын хэрэг шийдвэрлэлтийн байдлыг Үндэсний татварын ерөнхий газар, Нийслэлийн татварын газарт шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд ТЭМДЭГЛЭХ нь:

Шалгалтын дүнгээс үзэхэд зарим татвар төлөгчид татвар ногдох орлогоо нуух , тоо хэмжээг бууруулан мэдээлэх зэрэг арга хэлбэрээр албан татвар төлөхөөс зайлсхийх явдал байсаар байна.

Татвартай холбоотой хэргийн шийдвэрлэлтэд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурор, шүүхийн байгууллага анхаарал хайхрамжгүй ханддаг, эдгээр байгууллагын ажилтнуудын санхүү, эдийн засгийн мэдлэг сул, зөвхөн магадлагч-нягтлан бодогчдын дүгнэлтээр шийдвэр гаргадаг хандлага давамгайлах болсон байна.

Санхүү, эдийн засгийн яам, Yндэсний татварын ерөнхий газар татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, татварын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, татвар төлөгчдөд туслах, үйлчлэх үйл ажиллагаа дутагдалтай байсан нь шалгалтаар илэрчээ.

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгах нь :

1/ Улсын Их Хурлын ажлын хэсгийн танилцуулгад дурдагдсан зөрчил, дутагдалд дүгнэлт хийж, татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдлыг нарийвчлан авч үзэж, холбогдох арга хэмжээ авах;

2/ аж ахуйн нэгж байгууллага, хүн амын орлогын албан татварын хувь хэмжээг бууруулах асуудлыг судлан үзэж, саналаа Улсын Их Хурлын 2003 оны намрын чуулганд танилцуулах;

3/ улсын төсөв бүрдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж, хууль тогтоомжийн дагуу татварын орлогоо үнэн зөв тодорхойлж, хэвшсэн аж ахуйн нэгж, байгууллагуудад урамшуулал, дэмжлэг үзүүлэх санал боловсруулан танилцуулах;

4/ татварын улсын байцаагч нарын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг сайжруулах, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиулж, хууль ёсны дагуу шударгаар ажиллах нөхцөл бүрдүүлэх 

5/ магадлагч-нягтлан бодогч нарыг сонгон шалгаруулах, тэднээс гаргасан дүгнэлтийг баталгаажуулах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох

6/ хуулийн байгууллагад шилжүүлсэн татварын хэрэг, маргааны шийдвэрлэлтийн байдлыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороонд мэдээлж байх

7/ шүүх-нягтлан бодох бүртгэлийн дүгнэлт гаргахдаа татвараас зайлсхийсэн татвар төлөгчдийн үйл ажиллагааг хамгаалж, хохирол учруулсан гэж үзэж болохоор зарим магадлагч-нягтлан бодогч нарын үйл ажиллагааг хууль хяналтын байгууллагад шилжүүлж, шалгуулах

2. Улсын Их Хурлын шалгалтын танилцуулгад дурдагдсан татвар төлөхөөс зайлсхийсэн, татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөний улмаас онц их хэмжээний төлбөр, торгууль тавигдсан боловч хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурорын хяналт , шүүхийн шатанд хэрэгсэхгүй болгогдсон, төлбөр, торгуулийн хэмжээ эрс буурсан татварын хэргийг хянаж, татварын хэргийг бүртгэх, мөрдөн байцаах, хянах, шийдвэрлэхэд хуулийн заалт, шаардлагыг чанд мөрдөж ажиллахыг Монгол Улсын Дээд шүүх /Ч.Ганбат/, Монгол Улсын ерөнхий прокурорын газар /М.Алтанхуяг/-т зөвлөж, Цагдаагийн ерөнхий газар /Д.Сандаг-Очир/-т даалгасугай.

/Энэ заалтад Монгол Улсын Ерөнхийлөгч 2003 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хориг тавьсан тул уг хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцэж шийдвэрлэтэл хуулийн энэ заалт дагаж мөрдөгдөхгүй болно/.

3. Зарим асуудлыг нэмж шалгах шаардлагатай байгаа тул шалгалтын ажлыг үргэлжүүлж , дүнг Улсын Их Хурлын 2003 оны намрын чуулганд танилцуулахыг Ажлын хэсэг /Ц.Шаравдорж/ -т даалгасугай.

4. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо /Ц.Шаравдорж/, Эдийн засгийн байнгын хороо /Т.Очирхүү/, Төсвийн байнгын хороо /Н.Баяртсайхан/ -нд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР