Хэвлэх DOC Татаж авах
ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 22 ДУГААР БҮЛГИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН

ТОГТООЛ

 

2008 оны 6 дугаар                                                                                                                                                                                                                                            Улаанбаатар

сарын 25-ны өдөр                                                                                                          Дугаар 29                                                                                                                           хот

 

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 22 ДУГААР БҮЛГИЙН ЗАРИМ

ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

 

Хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн талаар заасан Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн /цаашид хуулийн гэх/ 22 дугаар бүлэгт заасан ”Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис” гэдгийг ”Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар ойлгоно.

2.Хуулийн 192 дугаар зүйлийн зарим заалтыг дор дурдсанаар тайлбарласугай.

2.1.”Бэлтгэсэн” гэж байгальд ургадаг мансууруулах бодис бүхий ургамлыг түүж цуглуулсан, цэвэршүүлснээс гадна мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг дахин боловсруулж, хувирган өөрчилсөн, тун орцыг нэмэгдүүлсэн буюу багасгасан, бэлэн бүтээгдэхүүн, түүхий эдийн хэлбэрээр гаргаж авсан зэргийг хэлнэ.

2.2.”Олж авсан” гэдэгт мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хуулийн 194 дүгээр зүйлийн 194.1-д зааснаас бусад аргаар өөрийн эзэмшлийнх болгоход чиглэгдсэн аливаа идэвхтэй үйлдэл хийхийг ойлгоно.

2.3.”Хадгалсан” гэж мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг биедээ авч явах, эсхүл орон байр, агуулах сав, түүнчлэн тусгайлан бэлтгэсэн нуувч зэрэг газарт байлгахыг хэлнэ.

2.4.”Тээвэрлэсэн” гэдэгт мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр нэг газраас нөгөөд бүх төрлийн тээврийн хэрэгслээр ил буюу далд хэлбэрээр зөөвөрлөхөөс гадна уг ажиллагаанд бүх талын дэмжлэг үзүүлэхийг ойлгоно.

2.5.”Илгээсэн” гэдэгт мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг шуудан буюу тээшийн илгээмжийн журмаар эсхүл бусад аргаар нэг газраас нөгөөд шилжүүлэх, уг ажиллагаанд бүх талын дэмжлэг үзүүлэхийг ойлгоно.

2.6.”Борлуулсан” гэж мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг худалдах, арилжих, солилцох, бэлэглэх эсхүл ямар нэгэн үүргийн гүйцэтгэлд тооцох (өрөнд өгөх г.м) зэргээр аливаа хэлбэрээр бусдад шилжүүлэхийг хэлнэ.

Хэрэв бусдын мөнгө, эд хөрөнгийг хууль бусаар авах зорилгоор мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисын оронд өөр зүйл борлуулсан бол уг үйлдлийг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэргээр зүйлчилнэ.

Энэ тохиолдолд худалдан авагчийн үйлдлийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар олж авахыг завдсанаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

3.Хуулийн 194 дүгээр зүйлийн 194.1-д заасан ”...завших...” гэдэгт санамсаргүй олдсон, түүнчлэн хадгалуулсан буюу бусад зорилгоор итгэмжлэн өгсөн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар, үнэ төлбөргүй, өөрийн мэдэлд шилжүүлэн авахыг хэлнэ.

4.Мөн зүйлийн 194.2.2-т заасан ”мэргэжлийн болон албан тушаалын байдлаа ашиглах” гэдэгт мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг бэлтгэх, үйлдвэрлэх, боловсруулах, хуваарилах, худалдах, хадгалах, бүртгэх, тээвэрлэх, устгах, Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, тус улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрүүлэх, мөн дээрх эм, бэлдмэл, бодисыг эмчилгээ, шинжилгээ, сургалт судалгааны зорилгоор ашиглах, хэрэглэх, түүнчлэн эдгээр ажиллагаанд хяналт тавих чиглэлээр хууль тогтоомж буюу эрх бүхий байгууллагын гаргасан шийдвэрийн дагуу өөрт нь олгогдсон албаны хийгээд бусад бүрэн эрхийг санаатайгаар харш ашигласан явдлыг хамааруулж үзнэ.

5.Хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-д заасан ”...тарьсан...” гэдэгт Байгалийн ургамалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-д зааснаар байгаль орчин, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хамтран баталсан жагсаалтад дурьдсан мансууруулах бодис бүхий бүх төрлийн ургамлын үр цацах, суулгах, таримал ургамал ашиглах зэргээр өөрийн болон бусдын газарт тариалах ажиллагаа хийснийг ойлгох бөгөөд уг гэмт хэрэг энэхүү үйлдлийг хийснээр төгс үйлдэгдсэнд тооцогдоно.

Харин Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, Байгалийн ургамлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2-т заасан эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсны дагуу мансууруулах бодис бүхий ургамлыг тарьсан, ургуулсан, хурааж авсныг гэмт хэрэг гэж үзэхгүй.

6.Мөн зүйл, хэсэгт заасан ”...ургуулсан...” гэдэгт мансууруулах бодис бүхий ургамлын үр, суулгацыг тарьсны дараахь боловсрох хүртэл услах, бордох, хортон шавьж, хог ургамлыг устгах, тэдгээрээс хамгаалах зэргээр зориудаар тарьж ургуулахад чиглэгдсэн аливаа үйл ажиллагааг ойлгоно.

7.Мөн зүйл, хэсэгт заасан ”...хурааж авсан...” гэдэгт зориудаар тарьж ургуулсан мансууруулах бодис бүхий ургамлыг түүж цуглуулсан үйлдлийг ойлговол зохино.

8.Хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д заасан ”Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэх байр байгуулсан” гэж мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хэрэглэх, бусдад хэрэглүүлэхийн тулд өөрийн буюу бусдын орон байрыг ашиглах, мөн тодорхой ажил үйлчилгээ, аж ахуйн нэгж, байгууллагын нэрээр халхавчлан тусгай газар бий болгосныг хэлнэ.

Энэхүү газрыг зохион байгуулсан этгээд нь уг газарт ирсэн хүнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулсан бол нийлмэл гэмт хэрэг гэж үзэж, давхар зүйлчилнэ.

9.Хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д заасан “Мансууруулахаас бусад хүчтэй үйлчлэх болон хорт бодис” гэдгийг байгаль орчин, эрүүл мэнд, үйлдвэр худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан журамд зааснаар ойлгоно.

10.Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисын хэмжээ нь хуулийн 192 дугаар зүйлийн 192.1, 192.2, 193, 194 дүгээр зүйлийн 194.1, 195, 196 дугаар зүйлд заасан гэмт хэргийг зүйлчлэхэд нөлөөлөхгүй болохыг анхаарвал зохино.

Мөн хуулийн 200 дугаар зүйлд заасан гэмт хэргийг зүйлчлэхэд дээрх заалт нэгэн адил хамаарна.

11.Хуулийн 192 дугаар зүйлийн 192.1, 193, 195, 196 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэнийг тэдгээрт ял шийтгүүлсэн эсэхээс үл хамааран “давтан” гэж үзнэ.

12.Хуулийн 192 дугаар зүйлийн 192.1, 193, 195 дугаар зүйл, 196 дугаар зүйлийн 196.1-д заасан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн бол мөн хуулийн 35, 36 дугаар зүйлүүдийн аль тохирох хэсгийг журамлан хэргийг зүйлчилнэ.

13.Хуулийн 192 дугаар зүйлийн 192.1, 193, 194, 195, 196 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдэхдээ насанд хүрээгүй хүнийг татан оруулсан бол мөн хуулийн 114 дүгээр зүйлээр давхар зүйлчилж, нийлмэл гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

14.Хуулийн 194 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэний дараа мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан бол нийлмэл гэмт хэрэг гэж үзэж, мөн хуулийн 192 дугаар зүйлийн аль тохирох хэсгээр давхар зүйлчилнэ.

 

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      С.БАТДЭЛГЭР

 

                                                        ШҮҮГЧ                                         Б.БАТ-ЭРДЭНЭ