A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зари
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2009 оны 4 сарын 16 өдөр

Дугаар 31

Төрийн ордон, Улаанбаатар хот

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан улсын төсвөөс гаргах нэмэгдэл зардлыг Монгол Улсын 2009 оны батлагдсан төсөвт нэмж тусган хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газар /С.Баяр/-т даалгасугай.

2.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн талаархи архивын материалыг түргэн хугацаанд хянан боловсруулах үүднээс Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажлын албанд гэрээт ажилтан авч ажиллуулах асуудлыг судлан үзэж, холбогдох зардлыг Монгол Улсын 2009 оны батлагдсан төсөвт нэмж тусган хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газар /С.Баяр/-т үүрэг болгосугай.

3.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд хуульд заасны дагуу олгож байгаа нөхөх олговрын хэмжээг эдийн засаг, нийгмийн өнөөгийн түвшинд нийцүүлэх асуудлыг судлан үзэж, санал, дүгнэлтийн хамт Улсын Их Хуралд танилцуулахыг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс /Н.Энхболд/-т даалгасугай.

4.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн биелэлтийг Улсын Их Хурлын 2011 оны намрын ээлжит чуулганд танилцуулахыг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс /Н.Энхболд/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ