Хэвлэх DOC Татаж авах
ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 23 ДУГААР БҮЛГИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН

ТОГТООЛ

 

2008 оны 6 дугаар                                                                                                                                                                                                                                            Улаанбаатар

сарын 25-ны өдөр                                                                                                          Дугаар 30                                                                                                                            хот

 

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 23 ДУГААР БҮЛГИЙН

ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

 

Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийн тухай Эрүүгийн хуулийн 23 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн нэг дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ НЬ:

1.Эрүүгийн хуулийн /цаашид “Хуулийн” гэх/ 202 дугаар зүйлийн 202.1-д заасан “Хортой бодис” гэж агаар мандлыг бохирдуулах болон хүн, мал, амьтан, ургамал, тэдгээрийн үр удамд хортой нөлөө үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэл, мөхөлд хүргэх үйлчилгээтэй биологийн ба химийн бодис, тэдгээрийн нэгдлийг хэлнэ.

2.Хуулийн 203 дугаар зүйлийн 203.1-д заасан “Хориглосон арга, зэвсэг хэрэгсэл” гэдгийг Ан агнуурын тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар ойлгоно.

Энэ зүйл, хэсэгт заасан “Ховор ан амьтан”-ы жагсаалтыг Амьтны аймгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д зааснаар Засгийн газар батлана.

Мөн зүйл, хэсэгт заасан “Хориотой үед” гэдгийг Ан агнуурын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2-т тус тус тодорхойлсон хугацаанаас гадна уг зүйлийн 13.4, 13.5-д зааснаар төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон хугацааг зөрчсөнийг ойлгоно.

3.Мөн зүйлийн 2-т заасан “Нэн ховор ан амьтан” гэдэгт Амьтны аймгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан амьтан хамаарна.

4.Хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасан “Аюултай хог хаягдал” гэдгийг Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2-т тус тус зааснаар ойлгох бөгөөд мөн зүйлийн 3.3-т зааснаар аюултай хог хаягдлын ангилал, зэрэглэлийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох мэргэжлийн албадтай хамтран тогтооно.

Мөн зүйл, хэсэгт заасан “Бусад хог хаягдал” гэж хэрэглээний болон үйлдвэрлэл, үйлчилгээний явцад үүсэн бий болж, цаашид ямар нэгэн зориулалтаар хэрэглэгдэхгүй болсон бөгөөд аюултай хог хаягдлын ангилал, зэрэглэлд ороогүй эд юмсыг хэлнэ.

5.Хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасан “Үйлдвэрлэлийн хортой хог хаягдал” гэдэгт энэ тогтоолын 4-т заасан аюултай хог хаягдлаас гадна Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан хог хаягдлыг ойлгоно.

Энэ зүйл, хэсэгт заасан “Биологийн болон химийн бодис” гэдэгт эдгээр бодисоос гадна тэдгээрийн нэгдлүүд нэгэн адил хамаарна.

Мөн зүйл, хэсэгт заасан “Учирч болох байсан” гэдгийг тухайн нөхцөл байдалд ямар үр дагавар гарах байсныг шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтын хэмжээнд үнэлж дүгнэнэ.

6.Хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д заасан “Ан амьтан, шувуу, загас олноор үхсэн болон бусад их хэмжээний хохирол учирсан” гэдэгт үхсэн ан амьтан, шувуу, загасны экологи, эдийн засгийн нийт үнэлгээ Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлд тодорхойлсон хохирлын “их хэмжээн”-д хүрсэн байхаас гадна усны болон түүний орчмын ургамал, амьтан өвчлөх, загасны нөөц хомсдох, тэдгээрийн бүтэц өөрчлөгдөх (ховор үүлдрийн загасны нөөц багасах, хортой ба хэрэглээний бус үүлдэр бий болох г.м.) намагшсан буюу хужиршсан газар үүссэн зэргийн улмаас мөн “их хэмжээ”-ний хохирол учирсан байхыг ойлгоно.

Нэн ховор ан амьтан, шувуу, загас хоёр буюу түүнээс дээш тоогоор үхсэнийг мөн ойлголтод хамааруулж үзнэ.

7.Хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д заасан “Ургамлын өвчин” гэдгийг Ургамал хамгааллын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар ойлгоно.

Мөн зүйл, хэсэгт заасан “Хортон амьтан” гэдэгт Ургамал хамгааллын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.1.6-д заасан шавьж, мэрэгчид тус тус хамаарна.

8.Хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д заасан “Хамгаалалтын болон ашиглалтын бүсийн ой” гэдгийг Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1-д тус тус зааснаар ойлгоно.

Мөн зүйл, хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр” гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэх буюу ойн дагалт нөөцийг ашиглахдаа эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авч, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг хэлнэ.

9.Хуулийн 212 дугаар зүйлийн 212.1-д заасан “Нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр эрхтэн”-ийг Байгалийн ургамалын тухай хуулийн хавсралт болон уг хуулийн 3 дугаар зүйлийн 4-т зааснаар Засгийн газраас батласан жагсаалтаар тодорхойлно.

10.Хуулийн 213 дугаар зүйлийн 213.1, 213.3-т тус тус заасан “Бусад хүнд хор уршиг” гэдэгт хүний бие махбодид хүнд гэмтэл учирсны улмаас байнгын тахир дутуу, сэтгэл мэдрэлийн эдгэршгүй өвчтэй болсон, эрхтнээсээ хагацсан, хараа, сонсголгүй болсон, хөдөлмөрийн чадвараа бүр мөсөн алдсан, хэд хэдэн хүний бие махбодид хүнд эсхүл хүндэвтэр гэмтэл учирсан зэргийг ойлгоно.

11.Хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1-д заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэж эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, 4.1.6-д тус тус заасан үйл ажиллагааг явуулахыг хэлнэ.

Мөн зүйл, хэсэгт заасан “Үлэмж хэмжээний хохирол”-ыг зөвхөн байгаль орчин, түүний баялагт учруулсан байна.

12.Мөн зүйлийн 214.3-т заасан “Нөхөн сэргээлтийн ажил хийгээгүй” гэдэгт хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 38, 39 дүгээр зүйлд тус тус заасан үүргийг биелүүлээгүй байхыг ойлгоно.

13.Хуулийн 2141 дүгээр зүйлийн 2141.1-д заасан “Химийн хорт болон аюултай бодис” гэдгийг Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2-т тус тус зааснаар ойлгоно.

Эдгээр бодисын ангилалыг мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар байгаль орчин, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлана.

14.Хуулийн 2141 дүгээр зүйлийн 2141.2-т заасан “Хүнд хор уршиг” гэдэгт хүний бие махбодид хүнд гэмтэл эсхүл хэд хэдэн хүний биед хүндэвтэр гэмтэл учирсан, байгаль орчны тэнцэл алдагдаж, ан амьтан, загас, шувуу олноор үхсэн зэргийг хамааруулан ойлговол зохино.

15.Эрүүгийн хуулийн 23 дугаар бүлэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг байгаль орчин, түүний баялагт учруулсан шууд хохирол болон бусдын хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль орчны алдагдсан тэнцэл, байгалийн баялгийг нөхөн сэргээх, хүн амыг нүүлгэх, мал, амьтныг тухайн нутаг дэвсгэрээс шилжүүлэхэд гарсан зардлын нийлбэрээр тооцож тогтооно.

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      С.БАТДЭЛГЭР

 

                                                  ШҮҮГЧ                                          С.НЯМЖАВ