Хэвлэх DOC Татаж авах
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2007 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2007 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТУХАЙ


2007 оны 02 сарын 06 өдөр


Төрийн ордон. Улаанбаатар хот


Дугаар 28



Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Байнгын хороодоос ирүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.Монгол Улсын Их Хурлын 2007 оны хаврын ээлжит чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэхээр тогтоосугай:


1/Монгол Улсын 2006 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай;


2/Монгол Улсын 2008 оны төсвийн хүрээний мэдэгдлийг зөвшөөрөх тухай;


3/Монгол Улсын татварын ерөнхий хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/ болон бусад холбогдох хуулийн төсөл;


4/Гаалийн тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/, Гаалийн тарифын тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/;


5/Төсвийн тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/;


6/Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;


7/Барилгын тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/;


8/Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;


9/Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах тухай хуулийн төсөл;


10/Эрдэс баялагийн салбарыг 2015 он хүртэл хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл;


11/Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн төсөл, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;


12/Бичил уурхайгаас ашигт малтмал олборлох тухай хуулийн төсөл;


13/Хийн хангамжийн тухай хуулийн төсөл;


14/Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/;


15/Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/;


16/Хот байгуулалтын тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/;


17/Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/;


18/Хязгаарлагдмал казиногийн тухай, Хязгаарлагдмал казиногийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон үүнтэй холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;


19/Нийгмийн хөгжилд хүүхэд, өсвөр үеийнхний оролцоог дэмжих талаар Монгол Улсын төрөөс баримтлах бодлогыг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл;


20/Донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах талаар төрөөс баримтлах бодлогыг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;


21/Биоаюулгүй байдлын тухай хуулийн төсөл;


22/Төмөр замын тухай, Төмөр замын тээвэрлэлтийн тухай хуулийн төсөл;


23/Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;


24/Ойн тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/;


25/Далай ашиглах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;


26/Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;


27/бусад.


2.Улсын Их Хурлын 2006 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөгдөж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг Улсын Их Хурлын 2007 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэхээр тогтоосугай.


3.Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр энэ тогтоолд дурдаагүй хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хууль санаачлагчдаас 2007 оны 3 дугаар сарын 15-ны дотор өргөн мэдүүлбэл энэ хаврын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулахыг Улсын Их Хурлын даргад зөвшөөрсүгэй.


4.Улсын Их Хурлын 2007 оны хаврын ээлжит чуулганы явцад өргөн мэдүүлсэн бусад хууль, Улсын Их Хурлын шийдвэрийн төслийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухайн үед нь шийдвэрлэж байхаар тогтоосугай.


5.Улсын Их Хурлын 2007 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Засгийн газар, Байнгын хороодын дарга нар болон Тамгын газар /Н.Лувсанжав/-т тус тус даалгасугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ