Хэвлэх DOC Татаж авах
ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 24 ДҮГЭЭР БҮЛГИЙН  ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН

 ТОГТООЛ

 

2006 оны 5 дугаар                                                                                                                                                                                                                                              Улаанбаатар

сарын 29-ний өдөр                                                                                                          Дугаар 27                                                                                                                           хот

 

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 24 ДҮГЭЭР БҮЛГИЙН

ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

 

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчдэд хүлээлгэх хариуцлагыг тодорхойлсон Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлгийн зарим зүйл, заалтыг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаанд нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор  Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн нэг дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5 дах хэсгийг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ НЬ:

1.Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирох, бие махбодид нь хүндэвтэр, хүнд гэмтэл, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үлэмж, их, онц их хэмжээний эд хөрөнгийн хохирол зэрэг хүнд хор уршиг учирдаг тул хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг нэг бүрчлэн тогтоож, түүнийг арилгуулах талаар хуульд заасан арга хэмжээ авч байвал зохино.

2.Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдэгчдэд шүүхээс үндсэн болон нэмэгдэл ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55, 56 дугаар зүйлүүдэд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлаас гадна гэмт хэргийн улмаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан эд хөрөнгийн буюу эд хөрөнгийн бус хохирлын хэр хэмжээ, шинж чанар, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын талаарх хууль, тогтоомжийн зөрчлийн шинж чанар, гэмт этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан үзэх нь зүйтэй.

3.Хуулийн 215, 217-222 дугаар зүйлүүдэд заасан хүний бие махбодид учирсан гэмтлийн зэргийг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр заавал тогтоосон байвал зохино.

4.Хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан “жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих” гэдэгт Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг гэм буруутайгаар зөрчсөнийг ойлгоно.

5.Хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан “үлэмж хэмжээний хохирол” гэдэгт тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан эд хөрөнгийн шууд хохирол нь мөн хуулийн 29 дүгээр зүйлд заасан мөнгөн илэрхийлэлд оруулснаар гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавиас дээш нэг зуун хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх, 215 дугаар зүйлийн 215.2, 217, 218, 219 дүгээр зүйл, 220 дугаар зүйлийн 220.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт тус тус заасан “их хэмжээний хохирол” гэдэгт эд хөрөнгийн шууд хохирлыг мөнгөн илэрхийлэлд оруулснаар нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун хорин таваас дээш хоёр зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх, 215 дугаар зүйлийн 215.3, 220 дугаар зүйлийн 220.2, 221 дүгээр зүйлийн 221.2, 222 дугаар зүйлийн 222.2 дах хэсэгт тус тус заасан “онц их хэмжээний хохирол” гэдэгт эд хөрөнгийн шууд хохирлыг мөнгөн илэрхийлэлд оруулснаар нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуугаас дээш дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй хохирол тус тус учруулсан байхыг хэлнэ.

6.Тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийн хэмжээг тодорхойлохдоо түүний эд ангийн элэгдэл хорогдлыг хасч, эвдэрч гэмтсэнийг засаж сэргээхэд шаардагдах эд анги, бусад материалын үнийг оруулан тооцно.

Харин тээврийн хэрэгслийн эвдэрч гэмтсэнийг засаж сэргээхэд гарсан ажлын хөлсийг тухайн этгээдийн гэм буруутай эсэхийг хэлэлцэх хохирлын хэмжээнд оруулан тооцохгүй бөгөөд үүнтэй холбоотой зардлыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлж болно.

Мөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэрэг шалгагдаж байх хугацаанд тухайн тээврийн хэрэгслээр олох байсан орлого, цалин хөлсийг хохирлын хэмжээнд оруулахгүй.

7.Хуулийн 215 дугаар зүйлийн тайлбарын “өөрөө явагч бусад машин” гэдэгт зам, барилга, хөдөө аж ахуйн болон тусгай зориулалт бүхий бүх төрлийн өөрөө явдаг машин механизм, тэдгээрийн ажлын тоног төхөөрөмж зэргийг ойлгоно.

8.Тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд замын хөдөлгөөнд оролцохдоо нийтийн хэрэгцээний замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн энэ бүлэгт заасан гэмт хэргийн аль тохирох зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээнэ.

Хэрэв уг этгээд хэдийгээр тээврийн хэрэгсэл жолоодож явсан боловч уул уурхай, зам, барилга, ачиж буулгах, засвар үйлчилгээ хийх зэрэг тодорхой нэг ажил үйлдвэрлэл явуулах дүрэм, заавар болон хөдөлмөр хамгааллын журам зөрчиж хор уршиг учруулсан байвал энэ нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг болохгүй учир уг үйлдлийг Эрүүгийн хуулийн аль тохирох зүйл, хэсгээр зүйлчилнэ

9.Тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн хэд хэдэн хэсгүүдэд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг буй болгосон бол тухайн зүйлийн хамгийн хүнд ялтай хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

10.Тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид яаралтай тусламж үзүүлээгүй, осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдээгүй, эсхүл хэргийн газраас зугтаасан бол Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлд зааснаар давхар зүйлчилнэ.

Харин жолоочтой цуг явсан этгээд осол болсныг болон хохирогчийн биед гэмтэл учирсныг мэдсээр байж түүнд яаралтай тусламж үзүүлээгүй, эсхүл тусламж үзүүлэх шаардлагатайг зохих байгууллагад мэдэгдээгүй бол Эрүүгийн хуулийн 107 дугаар зүйлийн аль тохирох хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

11.Хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасан “хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлээгүй” гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд зам тээврийн осол гаргасны дараа хохирогчид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай болсныг мэдсэн бөгөөд туслах бололцоо байсан атлаа түүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлээгүй, түргэн тусламж дуудаагүй, осол болсон газарт ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгсэлээр хүргэх арга хэмжээ аваагүй зэргийг хамааруулан ойлгоно.

Мөн зүйл, хэсгийн “хэргийн газраас зугтаасан” гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд зам тээврийн осол гаргасан үйлдлээ нуух, хариуцлагаас зайлсхийх зорилгоор ослын газрыг тээврийн хэрэгслээр, эсхүл явганаар санаатай орхиж явсан үйлдлийг хэлнэ.

Харин ослын улмаас тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд өөрөө гэмтсэн учраас хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлж чадаагүй, осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх боломжгүй байсан бол түүнд Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй.  

12.Хүнийг санаатай алах, бие махбодид нь гэмтэл санаатай учруулах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгийг устгах, гэмтээх зорилгоо хэрэгжүүлэхдээ гэмт этгээд тээврийн хэрэгслийг зэвсэг, хэрэгсэл болгон ашигласан бол хор уршгийн байдлыг харгалзан түүний үйлдлийг хүний амь бие, эрүүл мэндийн буюу өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн аль тохирох зүйл, хэсгээр зүйлчилнэ.

13.”Бүрэн бус тээврийн хэрэгсэл” гэдэгт Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвөөс батлан гаргасан “Авто тээврийн хэрэгслэлийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” болон “Замын хөдөлгөөний дүрэм”-ээр тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлагыг хангаагүй тээврийн хэрэгсэлийг ойлгоно.

14.“Жолоодох эрхийн үнэмлэхгүй этгээд” гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх аваагүй, мөн захиргааны шийтгэлийн журмаар болон шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй боловч тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүмүүс хамаарна .

15.“Согтуурсан буюу мансуурсан этгээд” гэдэгт Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заан тодорхойлсон согтууруулах ундаа болон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хэрэглэснээс өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон этгээдийг ойлгоно.

Согтуурлын хэмжээг зориулалтын төхөөрөмж болон бусад шинжилгээгээр, мансуурлын байдлыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр заавал тогтоосон байвал зохино.

16.“Өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон байдал” гэдэг нь хүрээлэн байгаа юмс үзэгдлүүдийг зөв тусгах ба танин мэдэх  сэтгэцийн үйл ажиллагаа алдагдан, тэдгээрийг гаж буруугаар, хий хоосноор, хувирч өөрчлөгдсөнөөр тусгах, тэдгээрийн хоорондын харилцаа холбоог саланги, тасархай, авцалдаагүй байдлаар хүлээж авах, буруу ойлгох зэрэг хэвийн бус байдлыг хэлнэ.

17.Зам тээврийн ослын улмаас учирсан эрүүл мэндийн болон эд хөрөнгийн хохирлын хэр хэмжээ, шинж чанар нь Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг буй болгоогүй боловч тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд мөн хуулийн 216 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд эд хөрөнгийн хохирол хүлээсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг иргэний нэхэмжлэгчээр заавал тогтоож, хохирлын асуудлыг нь эрүүгийн хэрэгтэй нь нэг мөр шийдвэрлэж байвал зохино.

18.Түүнчлэн ослын улмаас учирсан эрүүл мэндийн болон эд хөрөнгийн хохирлын хэр хэмжээ, шинж чанар нь гэмт  хэргийн бүрэлдэхүүнийг дангаар бий болгох үндэслэлгүй байвал тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдтэй холбоотой зөрчлийн асуудлыг эрх бүхий албан тушаалтан Захиргааны хариуцлагын тухай хуульд зааснаар шийдвэрлэх бөгөөд харин хохирогч өөрт учирсан эд хөрөнгийн хохирлоо иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлж болно.

19.Зам тээврийн ослын улмаас хүний бие махбодид хөнгөн гэмтэл, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлд заан тодорхойлсон үлэмж хэмжээнээс бага хэмжээний эд хөрөнгийн хохирол учирсан нь гэмт хэргийн бүрэлдэхүүнийг дангаар бий болгохгүй тул ослын улмаас эдгээрээс өөр хор уршиг учруулсанд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа бол дээр дурдсан хохирол хүлээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг иргэний нэхэмжлэгчээр заавал тогтоож, тэдгээрт учирсан эд хөрөнгийн хохирлыг эрүүгийн хэрэгтэйн нэг мөр шийдвэрлэж байх нь зүйтэй.

Энэ тохиолдолд гэмт хэрэгт тооцохгүй болсон хүний бие махбодид хөнгөн гэмтэл, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үлэмж хэмжээнээс бага хэмжээний эд хөрөнгийн хохирол учруулсныг гэмт этгээдийн гэм буруутай эсэхийг хэлэлцэх хохирлын хэр хэмжээ, шинж чанарт оруулан тооцохгүй.

20.Хуулийн 220, 221 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъект нь аж ахуйн нэгж, байгууллагын тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, ашиглалтын аюулгүй ажиллагаанд албаны хувьд хяналт тавих үүрэг бүхий ажилтан байна.

21.Хуулийн 223 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив тал нь бусдын өмчлөлд байгаа тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэл байх бөгөөд субъектив талын шинж нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр илэрнэ. Энэ гэмт хэргийн сэдэлт нь тухайн тээврийн хэрэгслийг өөрийн өмч болгох гэсэн зорилгогүй, түр зуур унах, дүрсгүйтэх, зугатаах, оргох зэрэг хэлбэртэй байдгаараа бусдын эд хөрөнгийг хулгайлах, булаах, дээрэмдэх, гэмт хэргээс ялгаатай.

Тээврийн хэрэгслийг хадгалах, хамгаалах, үүрэг бүхий этгээд тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн авч явсан бол Эрүүгийн хуулийн 223 дугаар зүйлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Харин тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч, түүнийг нь бусдад худалдсан, арилжсан, эд ангиар нь салгаж сэлбэгээр ашигласан бол  тухайн тээврийн хэрэгслийг авсан арга, хэлбэрийг нь харгалзан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн аль тохирох зүйл, хэсгээр зүйлчилнэ.

22.Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийн үнэлгээ, хэмжээг хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй иргэн, хуулийн этгээдээр тогтоолгоно.

23.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2, 498.5 дах хэсэг, 499 дүгээр зүйл болон мөн хуулийн 52 дугаар бүлгийн бусад зүйл, хэсэгт заасан гэм хорыг арилгах талаар эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гаргасан бол холбогдох иргэн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар тогтоон, байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулан уг асуудлыг нэг мөр хянан шийдвэрлэж байвал зохино.

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  С.БАТДЭЛГЭР

                                                                                                         

                                                                                                         ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         Д.БАТСАЙХАН