Хэвлэх DOC Татаж авах
ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 26 ДУГААР БҮЛГИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН

ТОГТООЛ

 

2010 оны 5 дугаар                                                                                                                                                                                                                                              Улаанбаатар

сарын 19-ний өдөр                                                                                                       Дугаар 15                                                                                                                               хот

 

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 26 ДУГААР БҮЛГИЙН ЗАРИМ

ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

 

Захиргааны журмын эсрэг гэмт хэргийн талаар заасан Эрүүгийн хуулийн 26 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ НЬ:

1.Эрүүгийн хуулийн /цаашид хуулийн гэх/ 230 дугаар зүйлийн 230.1-д заасан “олон нийтийн байцаагч” гэж тухайн нутаг дэвсгэрт нийгмийн хэв журам сахиулахаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу томилогдсон иргэнийг хэлнэ.

Мөн зүйл хэсэгт заасан “хууль бус үйлдэл хийлгэхээр албадсан” гэдэгт хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийн дагуу олгогдсон бүрэн эрх, үндсэн чиг үүрэгт нь илтэд харш үйлдэл гүйцэтгүүлэхээр тулган шаардахыг ойлгоно.

2.Хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1-д заасан “олны өмнө” гэдгийг Улсын Дээд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 40 дүгээр тогтоолын 1.4-т заасантай адилтган ойлгож хэрэглэнэ.

3.Хуулийн 232 дугаар зүйлийн 232.2-т заасан “олон нийтийн сонгуультан” гэж нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дураараа эвлэлдэн нэгдсэн, төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар үйл ажиллагаагаа явуулдаг төрийн бус байгууллагаас сонгуулиар үүрэг хүлээсэн иргэнийг хэлнэ.

Мөн зүйл, хэсэгт заасан “иргэний журамт үүрэг”-т Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон үүргүүдийг хамааруулан үзэхээс гадна, хүний төрөлх чанараас уламжилсан ёс суртахууны хэм хэмжээгээр тодорхойлогддог зан үйлийн шаардлагыг ойлгоно.

4.Хуулийн 233 дугаар зүйлийн 233.1-д заасан “хувийн бусад баримт бичиг”, 234 дүгээр зүйлийн 234.1-д заасан “хувийн бусад чухал баримт бичиг” гэдэгт хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн болон эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон, бүхий л төрлийн төлбөр, тооцоо хийснийг баталсан зэрэг зориулалт нь тухайн хүний эрх, үүрэгтэй салшгүй холбоотой албан ёсны эсхүл эх бичвэр баримтыг хамааруулан үзнэ.

5.Хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1, 234.2-т тус тус заасан “хувийн бусад сэдэлт” гэдэгт энэ зүйл, хэсгүүдэд тодорхойлсон өс хонзонгийн болон шунахайн сэдэлтээс гадна бусдын захиалгаар, өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор, хэн нэгэнд туслахаар эсхүл атаархсан, албан тушаал дэвшихийг санаархсан гэх мэт ойлголтууд хамаарна.

6.Хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан “төрийн архивын сан хөмрөг”-т Архивын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т заасан баримтууд хамаарна.

7.Хуулийн 236 дугаар зүйлийн 236.1-д заасан дураараа аашлах гэмт хэргийг хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн тохиолдолд үүний улмаас учирсан хор уршгийг харгалзан Эрүүгийн хуулийн аль тохирох зүйлээр давхар зүйлчилнэ.

8.Хуулийн 237 дугаар зүйлийн 237.1-д заасан “цэргийн жинхэнэ албаны ээлжит татлагаас зайлсхийсэн”, мөн зүйлийн 237.2-т заасан “дайчилгаагаар татагдахаас зайлсхийсэн” гэдэгт Монгол Улсын Иргэний Цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3, 30 дугаар зүйлийн 1-д тус тус заасны дагуу эрх бүхий албан тушаалтнаас товлон зарласан хугацаанд цэрэг татлагын байранд мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 3-т заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүйг ойлгоно.

 9. Хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д заасан “албан журмын бусад үүрэг”-т Дайны байдлын тухай хуулийн 21, 22 дугаар зүйлд заасан үүргийг тус тус хамааруулан үзнэ.

10.Хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1-д заасан “эрхийн баримт бичиггүй” гэж Монгол Улсад хүчин төгөлдөр бус болсон хуурамч баримт бичигтэй, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр гадаад паспорт буюу түүнийг орлох хууль ёсны баримт бичиггүй, түүнчлэн дээрх баримт бичигтэй боловч Монгол Улсын эрх бүхий байгууллагаас оршин суух зөвшөөрөл аваагүй эсхүл мөн хуулийн 28 дугаар зүйлийн 1-д заасан “Монгол Улсад оршин суух үнэмлэх”-гүй байх зэргийг хэлнэ.

Мөн зүйл, хэсэгт заасан “хүчингүй баримт бичиг” гэдэгт Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгосон буюу буцаан авсан, гадаад паспорт буюу түүнийг орлох хууль ёсны баримт бичгийн хугацаа дууссан, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан визний хугацаа хэтэрсэн, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 1-д заасан байнга оршин суух, цагаачлах зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон зэргийг хамааруулан үзнэ.

11.Хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1-д заасан “хууль бусаар ашигласан” гэдгийг Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11,12 дугаар зүйлийг зөрчсөнөөс гадна мөн хуулийн 14,15 дугаар зүйлд зааснаас бусад зориулалтаар “Улаан загалмай” нэр, бэлгэ тэмдгийг хэрэглэснийг ойлгоно.

12.Хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасан “хүнд хор уршиг”-т хүний амь нас хохирсон, бие махбодид нь хүнд гэмтэл учирсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон, хэд хэдэн хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл болон бусдын эд хөрөнгөд онц их хэмжээний хохирол учирсан зэргийг хамааруулж үзнэ.

13.Хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан “хуулиар хориглосон мөрийтэй тоглоом (казино)” гэдэгт ашиг хонжоо олох зорилгоор мөнгө буюу түүнийг орлогч металл (токенс) хэрэглэн тоглодог электрон хэрэгсэл, слот машин, мөн тоглоомын үйл ажиллагаанд мөнгийг орлуулан хэрэглэх зориулалтын тусгай хуванцар зоос (чип) буюу шоо, хөзөр, тэдгээрт зориулсан тоглоомын тусгай ширээ зэрэг казиногийн зориулалтаар өрөө, тасалгаа, тоног, төхөөрөмжийг ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог бүхий л тоглоом хамаарна.

14.Хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1-д заасан “зохих зөвшөөрөлгүйгээр” гэдгийг төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан бичгийн хэлбэртэй, албан ёсны шийдвэргүйгээр гэж ойлгоно.

Бусдын эд хөрөнгө, мөнгө, үнэт зүйлсийг битүүмжлэх эрх төрийн байгууллага, түүний албан тушаалтанд зөвхөн хуулиар олгогдсон байх ёстойг анхаарвал зохино.

 

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      С.БАТДЭЛГЭР

 

                                                                                                                     ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Д.БАТСАЙХАН