Хэвлэх DOC Татаж авах
УЛСЫН БАГА ХУРЛЫН 1991 ОНЫ 36 ДУГААР ТОГТООЛЫН БИЕЛЭЛТИЙГ ХЭЛЭЛЦСЭН ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

УЛСЫН БАГА ХУРЛЫН 1991 ОНЫ 36 ДУГААР ТОГТООЛЫН БИЕЛЭЛТИЙГ ХЭЛЭЛЦСЭН ТУХАЙ


1994 оны 7 дугаар сарын 8-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 66



Улсын Бага Хурлын 1991 оны 36 дугаар тогтоолын биелэлтийн талаар Засгийн газрын сонсголыг хэлэлцээд уг тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг Засгийн газар хангалтгүй зохион байгуулж, албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах бэлтгэл хангагдаагүйг тэмдэглэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.Монгол улсад албан хэргийг кирилл монгол бичгээр үргэлжлүүлэн хөтөлж явуулсугай.


2.1994-1995 оны хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн сургалтыг албан хэрэг хөтөлж байгаа бичгээр явуулах нь зүйтэй гэж үзсүгэй.


3.Монгол бичгийн талаар сүүлийн 3 жилд хийсэн ажлыг цаашид үргэлжлүүлж, уйгаржин монгол бичгийн сургалтыг суурь боловсролын агуулгад багтаан зохион байгуулж, бүх нийтийг сургах, түүнийг хэрэглэх орчин бий болгох зорилгоор "Уйгаржин монгол бичгийн үндэсний хөтөлбөр" боловсруулан батлуулахыг Засгийн газарт даалгасугай.


4.Холбогдох эрх зүйн актуудыг энэхүү тогтоолд нийцүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газарт, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байнгын хороонд тус тус даалгасугай.


ДАРГА Н.БАГАБАНДИ