A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • УЛС ОРНЫ ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЗОРИЛТЫН ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗРЫН ИЛТГЭЛИЙГ ХЭЛЭЛЦСЭН ДҮНГИЙН ТУХАЙ
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

УЛС ОРНЫ ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЗОРИЛТЫН ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗРЫН ИЛТГЭЛИЙГ ХЭЛЭЛЦСЭН ДҮНГИЙН ТУХАЙ

1994 оны 10 дугаар сарын 11-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 73

Улс орны эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал, цаашдын зорилтын тухай Засгийн газрын илтгэлийг Монгол Улсын Их Хурал хэлэлцээд тэмдэглэх нь:

Төрийн байгууллагын шинэ тогтолцоог төлөвшүүлэх, улс орны эдийн засгийг зах зээлийн харилцаанд шилжүүлэх орчин нөхцөл, эрх зүйн үндсийг бүрдүүлэх алхам хийгдэж, эдийн засагт өмчийн олон хэлбэр бий болж, чөлөөт үнэ, тарифын тогтолцоонд шилжих зорилт хэрэгжиж байна. Эдийн засаг жолоодлогогүй инфляциас сэргийлэгдэж, гадаад өр төлбөр хөнгөрч, улсын валютын ба нэн чухал материалын нөөц бий болж байна.

Улс орны эдийн засгийн амьдралд нааштай эхлэл гарч байгаа боловч Монгол Улсын эдийн засаг, нийгмийн байдал хүнд хэвээр байна.

Нийгмийн хэрэглээ, хуримтлалын харьцааг оновчтой өөрчлөх, үйлдвэрлэлийг сэргээх, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх зорилт шаардлагын түвшинд хэрэгжихгүй байна.

Эдийн засгийн макро болон микро түвшинд хөрөнгө, санхүүгийн тэнцвэржилт алдагдсан хэвээр байна. Санхүү, мөнгө, зээлийн механизмыг үйлдвэрлэлийн өсөлтийг хангах зорилгод үр өгөөжтэй ашиглаж чадахгүй байна.

Ажилгүйчүүдийн тоо өсч, хүн амын ядуурал ихэсч, санхүүгийн гачигдлын улмаас нийгмийн хүрээний арга хэмжээ бүрэн хэрэгжихгүй байна.

Хууль, Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийг Засгийн газар хангалтгүй зохион байгуулж, энэ талаар Улсын Их Хурлаас тавих хяналт сул байна. Нийгэмд сахилга, дэг журам суларч, төрийн байгууллагын ажилтан, албан тушаалтны харицлагагүй байдал газар авах хандлагатай байна.

Улс орны эдийн засаг, нийгмийн өнөөгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, Засгийн газрын үйл ажиллагааг цаашид эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:

1/"Монгол Улсын үндэсний эдийн засгийн хөгжлийн үзэл баримтлал", "Монгол Улсын экологийн хөтөлбөр"-ийн төсөл боловсруулж Улсын Их Хурлын 1995 оны хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр өргөн барих;

2/шинжлэх ухаан технологийн хөгжлийн хөтөлбөрийн төслийг боловсруулж энэ онд багтаан Улсын Их Хуралд өргөн барих;

3/зах зээлийн дэд бүтэц болон микро эдийн засгийн зохицуулалтын механизмыг тууштай зүгшрүүлж, аж ахуй хоорондын, ялангуяа хөдөө аж ахуй-аж үйлдвэр, үйлдвэрлэгч хэрэглэгч хоорондын зохистой харилцааг бүрдүүлэх;

4/үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор түүхий эд, сэлбэг худалдаж авахад зориулсан зээлийн тусгай сан бий болгох, үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ борлуулах зах зээл олоход нь тус дөхөм үзүүлэх;

5/үндэсний үйлдвэрлэлийг сэргээх талаар авах арга хэмжээний тухай санал боловсруулж энэ оны 11 дүгээр сард багтаан Улсын Их Хуралд танилцуулах;

6/гадаадын зээл, тусламжийн хөрөнгийн ашиглалтыг хянан үзэж, цаашид зээл тусламж авч ашиглах улсын нэгдсэн бодлого боловсруулж энэ онд багтаан Улсын Их Хуралд танилцуулах;

7/үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт идэвхжих тааламжтай орчин бүрдүүлэх зорилгоор шаардлагатай гэж үзвэл гааль, татварын бодлогод өөрчлөлт оруулах тухай саналыг боловсруулж энэ онд багтаан Улсын Их Хуралд танилцуулах, тарифын бус зохицуулалтын механизмыг ашиглах талаар хууль тогтоомжоор олгогдсон эрх хэмжээгээ хэрэгжүүлэх үр нөлөөг дээшлүүлэх;

8/эрчим хүчний үйлдвэрүүдийн өр авлагын асуудлыг шийдвэрлэж, тэдгээрийн найдвартай ажиллах нөхцөлийг бүрдүүлж дүнг энэ онд багтаан Улсын Их Хуралд танилцуулах;

9/аймаг, сум, суурин газрын эрчим хүчний сүлжээг төвлөрсөн эх үүсвэрт холбох, усан станц байгуулах, нар салхиар ажилладаг жижиг оврын цахилгаан үүсгүүрээр хөдөөг хангахад зарцуулах хөрөнгийн гадаад, дотоод эх үүсвэрийг 1995 оноос эхлэн жил бүрийн төсөв, төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлэх;

10/хөдөөгийн талаар төрөөс баримтлах бодлогын үндсэн чиглэл, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж буй хувийн өмчтөнтэй харилцах харилцааны зарчмыг тогтоох асуудлыг боловсруулж энэ онд багтаан Улсын Их Хуралд танилцуулах;

11/хөдөө аж ахуйн үйлдвэрлэл тогтворжихгүй байгаад дүгнэлт хийж бүтээгдэхүүнийг үйлдвэрлэл, борлуулалтыг урамшуулах механизмыг салбарын өвөрмөц онцлогийг харгалзан буй болгож төлөвшүүлэх;

12/дотоодын гурилын үйлдвэрлэлийг тогтвортой болгох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор "Улаан буудай" хөтөлбөр боловсруулж эргэж төлөгдөх нөхцөлөөр ашиглагдах хөрөнгийн тусгай сан байгуулах асуудлыг шийдвэрлэж 1995 оноос эхлэн хэрэгжүүлэх;

13/төрийн удирдлагын бүх шатны байгууллага, тэдгээрийн аппаратын ажлын уялдаа холбоог сайжруулж, цомхон, чадварлаг бүтцийг бүрдүүлж, захиргааны шууд ба шууд бус зардлыг хэмнэх зохион байгуулалт хийж, энэ үндсэн дээр чөлөөлөгдөх хөрөнгөөр төрийн байгууллагад ажиллагсдын цалингийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх асуудлыг боловсруулж энэ оны 11 дүгээр сард Улсын Их Хуралд оруулах;

14/боловсрол, шинжлэх ухаан, соёл, эрүүл мэндийн байгууллагуудыг зах зээлийн харилцаанд үе шаттайгаар шилжүүлэх асуудлыг боловсруулж, эдгээр салбаруудын санхүүжилтийн төсвийн болон бусад эх үүвсэрийн зохистой харьцааг тогтоох, зарцуулалт, ашиглалтыг сайжруулах үндсэн дээр чөлөөлөгдөх хөрөнгийг тухайн салбарын материаллаг баакзыг бэхжүүлэх, ажиллагсдын нийгмийн баталгааг сайжруулахад ашиглах, хувийн эмнэлэг, сургууль, соёлын байгууллагыг дэмжих асуудлыг боловсруулж шийдвэрлэх;

15/хөдөлмөрийн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн актуудыг өнөөгийн шаардлагад нийцүүлэн шинэчлэн боловсруулах, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаанд тавих төрийн хяналтыг сайжруулах;

16/хүн амаас авч байгаа төрөл бүрийн хураамж, төлбөрүүд хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянан үзэж зөрчилгүй болгож, дүнг энэ онд багтаан Улсын Их Хуралд танилцуулах;

17/хуульд зааснаар олгогдсон байвал зохих цалин, тэтгэвэр, тэтгэмжийг энэ онд багтаан бүрэн олгох, тэдгээрийг тогтоосон хугацаанд нь олгож байх нөхцөлийг хангах;

18/хөдөөгийн эхчүүдийн төрөхийн өмнөх байрны үйл ажиллагааг сэргээх асуудлыг судлан шийдвэрлэх, эрүүл ахуй, халдвар судлалын байгууллагуудын материаллаг бааз, лабораторийн чадавхийг дээшлүүлэх;

19/ажилгүйдлийг багасгах, ядуурлыг бууруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төв, орон нутгийн байгууллагын гүйцэтгэх үүргийг тодруулж, нөөц хүчийг нь дайчлах;

20/нийгэмд сахилга, дэг журмыг бэхжүүлэх, хууль тогтоомжийг сурталчлах, биелэлтийг нь хангах ажлыг сайжруулах, төрийн удирдлагын бүх шатны байгууллагын боловсон хүчний мэдлэг, боловсрол, ажлын хариуцлагыг дээшлүүлэх, шүүх, прокурор болон хуулийн бусад байгууллагын зохион байгуулалт, үйл ажиллагаанд хийх шинэчлэлийг гүнзгийрүүлэх, тэдгээрийн материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчний хангамжийг сайжруулах;

2.Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар, Монголбанкинд даалгасугай:

1/зээл, хүүгийн уян хатан механизмаар дамжуулан үйлдвэрлэлийг дэмжих зорилтыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх;

2/гадаад орны зээлээр болон дотоодын хөрөнгө оруулалтаар 1992 оноос өмнө баригдсан, баригдаж эхэлсэн үйлдвэр, аж ахуйн газрын өнөөг хүртэл төлөгдөөгүй өрийг судалж энэ онд багтаан шийдвэрлэх.

3.Төрийн хяналтын тухай хууль, Компаний тухай хууль, Хоршооллын тухай хуулийн төсөл, Өмч хувьчлалын ажлын явц, өнөөгийн байдал, цаашдын зорилтын тухай сонсголыг энэ онд багтаан Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэлийг бүрэн хангахыг Улсын Их Хурлын зохих Байнгын хороодод даалгасугай.

4.1994 оны улсын төвлөрсөн төсвийн зарцууулалт, хуваарилалтын байдлыг Сангийн яаманд шалгах ажлыг зохион байгуулж 1995 оны улсын төвлөрсөн төсвийн тухай хуулийн төсөл хэлэлцэхийн өмнө Улсын Их Хуралд танилцуулахыг Төсөв, санхүү, мөнгө, зээлийн бодлогын байнгын хороонд даалгасугай.

5.Тус тусын эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын зохион байгуулах, хянан шалгах ажлын үр нөлөөг дээшлүүлж, энэ тогтоолын холбогдох заалтын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Байнгын хороодод даалгасугай.

6.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж дүнг нэгтгэн улсын Их Хурлын 1994 оны нхамрын болон 1995 оны хаврын чуулганд тус тус танилцуулахыг Улсын Их Хурлын дэд дарга /Ж.Гомбожав/-д даалгасугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ