A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

УЛС ТӨРИЙН АЛБАН ТУШААЛ ЭРХЭЛДЭГ ЗАРИМ АЛБАН ХААГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ТУХАЙ

1996 оны 5 дугаар сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 37

Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Төрийн улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн болон албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай" Улсын Их Хурлын 1995 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 65 дугаар тогтоолын хавсралтын "Дүүргийн Засаг дарга, Сумын Засаг дарга, Хорооны Засаг дарга, Багийн Засаг дарга" гэснийг 1996 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

2."Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 1996 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуульд заасны дагуу тогтоох сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргын цалинг 1996 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нөхөн олгохыг Засгийн газарт зөвшөөрсүгэй.

ДАРГА Н.БАГАБАНДИ