Хэвлэх DOC Татаж авах
ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 49 ДҮГЭЭР ЗҮЙЛ /ЭД ХӨРӨНГӨ ХУРААХ/-ИЙГ НЭГ МӨР ОЙЛГОЖ, ЗӨВ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ

 

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН

ТОГТООЛ

 

2006 оны 2 дугаар                                                                                                                                                                                                                                            Улаанбаатар

сарын 20-ны өдөр                                                                                                             Дугаар 01                                                                                                                         хот

 

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 49 ДҮГЭЭР ЗҮЙЛ

/ЭД ХӨРӨНГӨ ХУРААХ/-ИЙГ НЭГ МӨР

ОЙЛГОЖ, ЗӨВ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ

 

Эд хөрөнгө хураах ялын тухай Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн заалтыг нэг мөр ойлгох, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5 дахь заалтыг удирдлага болгон Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйл /Эд хөрөнгө хураах/-ийг дараах байдлаар тайлбарласугай. Үүнд:

1.Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсгийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн “ … хувьд ногдох эд хөрөнгө … “ нь Иргэний хуулийн 99 дүгээр зүйлийн 99.3 дахь хэсэгт дурьдсан тухайн этгээдийн өөрт нь өмчлөгдсөн иргэний эд хөрөнгө, дундын өмчлөлийн эд хөрөнгийн түүнд ногдох хэсгээс бүрдэнэ. Дундаа хэсгээр өмчлөгчийн түүнд ногдох хэсгийг Иргэний хуулийн 108, 129 дүгээр зүйлд зааснаар тус тус тодорхойлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.7-д заасан үндэслэлийг баримтлаж гаргуулна.

2.Мөн зүйл, хэсгийн “ … хувьд ногдох эд хөрөнгийг бүгдийг буюу заримыг үнэ төлбөргүйгээр албадан гаргуулах … ” гэснийг Эрүүгийн хуулийн тусгай ангид гэм буруутай этгээдийн эд хөрөнгийг хураахаар заасан байвал түүнд ногдох бүх эд хөрөнгийг, зарим хэсгийг хураахаар заасан байвал түүнд ногдох эд хөрөнгийн тодорхой хэсгийг буюу тодорхой эд зүйл, эсхүл түүний үнийг хариу төлбөргүйгээр өмчлөгч этгээдийн хүсэл зоригоос үл хамааран шүүхийн шийтгэх тогтоолд заасан хэмжээгээр хураан авч, төрийн өмчлөлд шилжүүлнэ гэж ойлгоно.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн зарим зүйл, хэсэгт заасан “эд хөрөнгийг хурааж” гэдгийг гэм буруутай этгээдийн хувьд ногдох бүх эд хөрөнгийг шүүх заавал албадан гаргуулна гэж ойлгоно.Харин “эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр” гэснийг гэм буруутай этгээдийн хувьд ногдох эд хөрөнгийг хураах ял хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэж ойлговол зохино.

Эд хөрөнгийн заримыг хураахдаа тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн арга, орон цаг, гэм буруутай этгээдийн хувийн болон гэр бүл, эд хөрөнгийн байдлыг харгалзан хураах эд хөрөнгийн нэр төрөл, хэмжээ, түүний үнийг тогтооно.

4.Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувьд ногдох эд хөрөнгө мөн боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйл /Төлбөр гаргуулж болохгүй эд хөрөнгө/-д заасан зайлшгүй хэрэгцээт хоол хүнс, гал тогооны хэрэгсэл, төлбөр төлөгч болон түүний гэр бүлийн гишүүний улирал бүрийн нэг ээлжийн хувцас, хүйтний улиралд хэрэглэх түлээ түлш, мал аж ахуй болон газар тариалан эрхэлдэг бол амьжиргааны наад захын хэрэгцээг хангах тооны мал, тариалах үр, төлбөр төлөгч-иргэн мэргэжлийнхээ ажил, үйлдвэрлэл явуулахад зайлшгүй шаардагдах эд юмсыг хураан авахаар шүүх шийдвэрлэж болохгүй.

5.Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсгийн “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ” гэдэгт гэм буруутай этгээд нь Эрүүгийн хуульд заасан тодорхой гэмт хэрэг үйлдэх явцдаа хууль бусаар олж авсан эд юмс, тэдгээрийн зах зээлийн үнэлгээг ойлгоно.

Харин зах зээлийн үнэлгээнээс өндөр үнээр худалдан борлуулсан бол үнэлгээг худалдан борлуулсан үнээр тооцно.

6.Мөн зүйл, хэсгийн гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн “ … зэвсэг … ” гэдэгт Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсгийн зарим заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 3 дугаар тогтоолын 1 дэх хэсэгт заасан иж бүрдэл, бүтцийн хувьд амьд болон бусад биетийг устгах, гэмтээх, мөн бие хамгаалах болон дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулна.

Зэвсэг нь галт, хүйтэн болон хийн, мөн үйлдвэрийн эсхүл гар хийцийн аль нь ч байж болно гэж ойлгоно.

7.Мөн зүйл, хэсгийн гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн “тээврийн болон бусад хэрэгсэл” гэдэгт гэм буруутай этгээд тухайн гэмт хэргийг үйлдэхдээ учруулж болох хор аюулын хэмжээг ихэсгэх, гэмт үйлдлээ түргэсгэх, олж авсан эд зүйлийг зөөж тээвэрлэх, гэмт хэргийн газраас зугтах зорилгоор хэрэглэсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан бүх төрлийн тээврийн хэрэгсэл, гэмт үйлдлээ хялбар болгох, хохирогчийн эсэргүүцлийг няцаах, учирч болох саадыг арилгахын тулд ашигласан төрөл бүрийн тэсэрч дэлбэрэх болон түргэн шатамхай буюу түргэн хордуулах бодисууд, хориотой үйлдвэрлэл, үйлчилгээ явуулсан техник, тоног төхөөрөмж, хэрэгсэл, барилга байгууламж зэргийг хамааруулна.

8.Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн болон бусад хэрэгслийг тухайн этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхээр заасан эсэхийг үл харгалзан эд хөрөнгө хураах ялаас гадуур Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсгийг журамлан заавал хураана.

9.Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, техник болон бусад хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг үнэ, төлбөргүйгээр улсын орлого болгох буюу уг зэвсэг, хэрэгслийн онцлогийг харгалзан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нийцүүлэн устгана.

Харин хадгалалт, тээвэрлэлтийн тусгай нөхцөл шаардагддаг, хадгалах хугацаа богино, амархан муудаж чанараа алддаг болон гэмтэх зүйлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт зааснаар нэн даруй борлуулж, үнийг улсын орлого болгох буюу зохих эзэнд нь олгоно.

Мөнгөн ус, нитроглицерин, нитрогликоль, пироксилин, тротил, дарь, динамит, оксиликвит, азотын хүчилтэй нитробензолын уусмал, нүүрс, ус төрөгчийн нийлбэр, хийтэй металл зэрэг эгшин зуурт өөрөө тархах буюу химийн урвалд ордог тэсэрч дэлбэрэх бодисууд, зайлшгүй шаардлагатай үед эмч, мэргэжилтний хатуу хяналттай хэрэглэдэг бөгөөд өчүүхэн төдий тун хэтэрвэл амьд организм, ургамал, газар шороог үхүүлэх буюу хордуулах үйлчилгээтэй хорт бодисуудыг түүний онцлогийг харгалзан устгах, зохих байгууллагад шилжүүлж устгуулах, эсхүл хэрэглээнийх нь дагуу холбогдох байгууллагад нь шилжүүлж байвал зохино.

Гэм буруутай этгээд нь бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтанд байсан эд хөрөнгийг гэмт хэрэг үйлдэх явцдаа олж авсан, зэвсэг, тээврийн болон бусад хэрэгслийг хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, улмаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан нь тогтоогдсон бол тэдгээрийг хурааж, жинхэнэ өмчлөгч, эзэмшигч, ашиглагчид нь шүүхийн шийтгэх тогтоолоор олгож байвал зохино. Мөн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг зөөж, тээвэрлэж буйгаа мэдээгүй тээврийн хэрэгсэл эзэмшигчийн тээврийн хэрэгслийг хурааж болохгүй.

10.Тээврийн хэрэгслийн жолооч нь тээврийн хэрэгслээ гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, эсхүл ашиглуулсан болохоо мэдсэн эсэхийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд заавал тогтоосон байвал зохино.

11.Шүүх эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсгийг, мөн хуулийн тусгай ангийн зохих зүйл хэсэгтэй, харин гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн болон бусад хэрэгслийг хураахдаа зөвхөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсгийг тус тус баримтлана.

12.Хэрэв Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэгт эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэхээр заасан бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийн энэ тайлбарын 1 дэх хэсэгт заасан өмчлөлийн эд хөрөнгийн нэр төрөл, хэмжээ, үнэлгээг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд нэг бүрчлэн тогтоож, төрийн өмчид хураан авах боломжийг хангах арга хэмжээ авна.

13.Шүүх эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулахдаа хураах эд хөрөнгийн нэр төрөл, хэлбэр, тоо хэмжээ, түүний үнэлгээг мөнгөн илэрхийлэлд оруулж шийтгэх тогтоолдоо нэг бүрчлэн заасан байна.

14.Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний зах зээлийн хийгээд борлуулсан үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн болон бусад хэрэгслийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд нэг бүрчлэн тогтоож, зохих журмын дагуу битүүмжилсэн, эсхүл хураан авсан байвал зохино.

15.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх тухай” Монгол Улсын Дээд шүүхийн 1994 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 30 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

                                                                                                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      С.БАТДЭЛГЭР

                                                                                                                                    ШҮҮГЧ                                     С.НЯМЖАВ