Хэвлэх DOC Татаж авах
ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 60 ДУГААР ЗҮЙЛИЙГ  ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН

ТОГТООЛ

 

2006 оны 03 дугаар                                                                                                                                                                                                                                            Улаанбаатар

сарын 20-ны өдөр                                                                                                           Дугаар 09                                                                                                                             хот

 

 ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 60 ДУГААР ЗҮЙЛИЙГ

ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

 

“Гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн буюу завдсан үйлдэлд ял оногдуулах” тухай Эрүүгийн хуулийн 60 дугаар зүйлийн заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

Эрүүгийн хуулийн 60 дугаар зүйлийг дараах байдлаар тайлбарласугай:

1.Эрүүгийн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийн “гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн, ...завдсан” гэдгийг мөн хуулийн 31, 32 дугаар зүйлд тус тус зааснаар тодорхойлох бөгөөд “гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт санаагаа хэрэгжүүлсэн хэр хэмжээ” нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлд заасан гэмт хэргийн ангилалаас хамаарна. Мөн зүйл, хэсгийн “... гэмт хэргээ туйлд нь хүргэж чадаагүй нөхцөл байдлыг харгалзана” гэдгийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн явцад тухайн этгээд гэмт үйлдлээ туйлд нь хүргэж чадаагүйн шалтгаан нөхцлийг тогтоож, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байхыг ойлгоно.

2.Эрүүгийн хуулийн 60 дугаар зүйлийн 60.2, 60.3 дахь хэсэгт заасан “...аль хүнд төрлийн ял ...” гэдэгт мөн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан сонгомол ялын аль хүнд төрлийн ялыг ойлгоно.

Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан сонгомол ялын аль хүнд төрлийн ялыг тодорхойлохдоо шүүх зөвхөн үндсэн ялын чанартай хэрэглэдэг торгох, албадан ажил хийлгэх, баривчлах, хорих ялын хүрээнд, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасан дарааллыг баримтлана.

Харин Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт сонгомол ял байхгүй тохиолдолд мөн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.2, 60.3 дахь хэсэгт заасныг журамлан хувилж тухайн зүйл, хэсэгт заасан ялын доод хэмжээнд тохируулан ял шийтгэнэ.

3.Эрүүгийн хуулийн 60 дугаар зүйлийн 60.2, 60.3 дахь хэсэгт заасан “...төгссөн гэмт хэрэгт оногдуулахаар заасан аль хүнд төрлийн ялын хоёрны нэгээс, .... гуравны хоёроос хэтрэхгүй байна” гэдгийг мөн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан торгох, албадан ажил хийлгэх, баривчлах, хорих ялын дээд хэмжээнээс хувилан тооцож хэрэглэнэ.

Гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн, завдсан этгээдэд оногдуулах ял нь гэмт хэргийг төгс үйлдсэн этгээдэд оногдуулсан ялаас ямагт бага байвал зохино.

4.Эрүүгийн хуулийн 60 дугаар зүйлийн 60.2, 60.3 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн, завдсан этгээдэд оногдуулах ялын дээд хязгаарыг “хоёрны нэг, гуравны хоёроос хэтрэхгүй байна” гэж тогтоосон учраас “торгох” ялын доод хэмжээг мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний хэмжээг тав дахин нэмэгдүүлснээс, “албадан ажил хийлгэх” ялын доод хэмжээг мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т заасан 100 цагаас, “баривчлах” ялын доод хэмжээг мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2-т заасан нэг сараас, “хорих” ялын доод хэмжээг мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасан нэг жилээс доош байж болохгүй гэж ойлгоно.

5.Эрүүгийн хуулийн 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсэгт “Онц хүнд гэмт хэрэгт бэлтгэсэн буюу завдсан этгээдэд 15 жилээс дээш хугацаагаар хорих буюу цаазаар авах ял оногдуулахгүй” гэж заасан тул онц хүнд гэмт хэрэгт бэлтгэсэн буюу завдсан этгээдэд мөн зүйл, хэсгийг журамлан 15 буюу түүнээс доош хугацаагаар хорих ял оногдуулж болно.

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      С.БАТДЭЛГЭР

 

                                                         ШҮҮГЧ                                     Б.ДОРЖГОТОВ