Хэвлэх DOC Татаж авах
ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 93 ДУГААР ЗҮЙЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ, САНАА СЭТГЭЛ НЬ ГЭНЭТ ХҮЧТЭЙ ЦОЧРОН ДАВЧИДСАН ҮЕД БУСДЫГ САНААТАЙ АЛАХ ГЭМТ ХЭРГИЙГ ХҮНИЙГ САНААТАЙ АЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС ЯЛГАЖ, ЗӨВ ЗҮЙЛЧЛЭХ ТАЛААР

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН

ТОГТООЛ

 

2008 оны 3 дугаар                                                                                                                                                                                                                                             Улаанбаатар

сарын 26-ны өдөр                                                                                                         Дугаар 14                                                                                                                              хот

 

 

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 93 ДУГААР ЗҮЙЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ,

САНАА СЭТГЭЛ НЬ ГЭНЭТ ХҮЧТЭЙ ЦОЧРОН ДАВЧИДСАН ҮЕД БУСДЫГ САНААТАЙ АЛАХ

ГЭМТ ХЭРГИЙГ ХҮНИЙГ САНААТАЙ АЛАХ

ГЭМТ ХЭРГЭЭС ЯЛГАЖ, ЗӨВ ЗҮЙЛЧЛЭХ ТАЛААР

 

Эрүүгийн хуулийн 93 дугаар зүйлийг нэг мөр ойлгох, санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үед бусдыг санаатай алах гэмт хэргийг хүнийг санаатай алах гэмт хэргээс ялгаж, зөв зүйлчлэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

Нэг.Эрүүгийн хуулийн 93 дугаар зүйлийн зарим заалтыг дор дурдсанаар тайлбарласугай:

1.1.“Хүчээр дарлагдсан” гэдэгт бие махбодийн болон сэтгэл санааны аливаа хүчирхийлэлд өртсөнийг ойлгоно.

Энэ нь хүч хэрэглэн бие махбодид нь халдахаас гадна айлган сүрдүүлэх, заналхийлэх, хүсэл зоригийнх нь эсрэг үйлдэл хийлгэхээр албадах, тулган шаардах зэргээр үг яриа, үйл хөдлөл, үйлдлийн алинаар ч илэрч болно.

1.2.“Хүндээр доромжлох” гэж нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааны болон ёс суртахууны шаардлагын хэм хэмжээ, үндэсний зан заншил, уламжлалд харшилсан, тухайн хүний нэр төр, алдар хүндийг ичгүүр сонжуургүйгээр гутаасан үйлдлийг хэлнэ.

Энэ нь хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, хөрөнгө чинээ, эрүүл мэнд, гадна төрх, хөгжлийн бэрхшээлтэй болон гэр бүлийн байдалтай нь холбогдуулан үг, үйлдэл, бичгээр, дохио зангаагаар, зураг дүрсээр гутаасан зэргээр илэрнэ.

1.3.“Хууль бус бусад үйлдэл” гэдэгт гэм буруутай этгээд буюу түүний ойр дотных нь хүмүүсийн эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн, хүчээр дарлах, хүндээр доромжлохоос бусад хууль бус үйлдлүүдийг хамааруулан ойлгоно. Тухайлбал, эд хөрөнгийг нь авахаар далайлган сүрдүүлэх, устгах гэмтээх, хүний төрөлхийн болон жам ёсны эрхийг хязгаарлах, хориглох, дураараа аашлах, гүтгэх гэх мэт.

1.4.“Ойр дотны хүмүүс” гэдэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.11-д заасан гэр бүлийн гишүүд хамаарна.

1.5.“Хүнд хор уршиг учирсан” гэдэгт хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас эд хөрөнгийн хувьд хохирол учирсан, гэм буруутай этгээд болон түүний гэр бүлийн гишүүд нь сэтгэцийн болон бусад хүнд өвчнөөр өвчилсөн, бие эрхтэнд нь хүнд гэмтэл учирсан буюу амь нас хохирсон зэрэг үр дагавар бий болсныг ойлгоно.

1.6.“Хүнд хор уршиг учирч болох байсан” гэдгийг хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас тухайн нөхцөл байдалд ямар үр дагавар гарах байсныг шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтын хэмжээнд үнэлж дүгнэнэ.

1.7.“Санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан” гэж хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал алдагдан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон байдлыг хэлнэ.

Энэхүү нөхцөл байдал нь хохирогчийн зүгээс хийсэн нэг эсхүл хэд хэдэн удаагийн хууль бус үйлдлийн улмаас үүссэн байж болно.

1.8.Санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидах нь сэтгэцийн өвчин биш тул энэ тохиолдолд гэмт этгээдийг хэрэг хариуцах чадваргүй гэж үзэхгүй.

Харин гэмт этгээд хэргийнхээ үйлдлийг тайлбарлах, түүнийг хариуцах чадвартай эсэхэд эргэлзээ төрвөл түүний сэтгэцийн байдлын талаар дүгнэлт гаргуулахаар сэтгэцийн эмгэг судлалын шинжилгээ хийлгэж болно.

1.9.Санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үед бусдыг санаатай алсан хэргийн талаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах, шүүхээр хянан шийдвэрлэхэд хохирогчийн зүгээс хүчээр дарласан, хүндээр доромжилсон, эсхүл хууль бус бусад ямар үйлдэл хийсэн, эдгээрийн улмаас гэм буруутай этгээдэд өөрт нь буюу ойр дотных нь хүмүүст ямар хор уршиг учирсан, эсхүл учирч болох байсан зэргийг заавал нотолсон байвал зохино.

Хоёр. Санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үед бусдыг санаатай алах хэргийг хүнийг санаатай алах гэмт хэргээс ялгаж, зөв зүйлчлэх талаар

2.1.Санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үед бусдыг санаатай алах гэмт хэргийн сэдэлт нь хохирогчийн хууль бус үйлдэлтэй шууд холбоотой байдаг бол хүнийг санаатай алах гэмт хэргийн бүрэлдэхүүний хувьд энэ нь субьектив талын заавал байх шинж биш болохыг анхаарвал зохино.

2.2.Санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үед бусдыг алах санаа гэнэт, хоромхон зуур төрдөг бол хүнийг санаатай алах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хүсэж үйлдсэн буюу уг хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн шууд болон шууд бус санаатай байдгаараа ялгагдана.

2.3.Өс хонзонгоор хүнийг санаатай алах гэмт хэрэг нь урьдчилан бэлтгэж, төлөвлөсөн байдаг бол санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үед бусдыг санаатай алах гэмт хэргийн бүрэлдэхүүний хувьд ийм шинжийг агуулдаггүйгээрээ ялгагдана.

2.4.Хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэнээс хойш санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үедээ бусдыг санаатай алсан бол Эрүүгийн хуулийн 91, 93 дугаар зүйлээр давхар зүйлчлэх бөгөөд энэ тохиолдолд хүнийг санаатай алах гэмт хэргийг давтан үйлдсэн гэж үзэхгүй.

2.5.Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтыг өөрийн үйл ажиллагааг бүрэн удирдаж, өөртөө хяналт тавьж хийдэг бол санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үед сэтгэхүйн хэвийн байдал алдагдаж, дээр дурдсан чадваргүй болдгоороо ялгагдана.

 

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      С.БАТДЭЛГЭР

                                                        ШҮҮГЧ                                          Б.ДОРЖГОТОВ