A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2006 оны 06 сарын 15-ний өдөр

Дугаар 54

Улаанбаатар хот

ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний тухай Хүний эрхийн Үндэсний Комиссын 2006 оны илтгэл, Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхий прокурорын мэдээллийг тус тус хэлэлцээд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 45.7 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Хуулийн байгууллагуудын хараат бус ажиллах баталгааг сайжруулах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөөг зөрчигдөхөөс сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /М.Энхболд/-т даалгасугай:

1/ нийгмийн хор аюул багатай эрүүгийн хэргийг байцаан шийтгэх ажиллагааг хялбаршуулах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагааны явцад гарч байгаа зарим хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх, цагдан хорих үндэслэлийг тодорхой болгох, хугацааг богиносгох, эрүүдэн шүүхийн эсрэг олон улсын гэрээ, конвенцид нийцүүлэх чиглэлээр Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

2/ эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэгтгэн дүгнэх, гэмт хэргийн дүн мэдээ, шалтгаан, эрүүгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зохион байгуулах боломжийг бүрдүүлэх зорилгоор эрүүгийн гэмт хэргийн дүн бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох;

3/ төрөөс орон сууцны талаар баримтлах бодлогын хүрээнд шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдыг 2006-2016 онд орон сууцаар бүрэн хангах хөтөлбөр боловсруулж, эхний ээлжинд хөдөө орон нутагт томилогдон ажиллаж зочид буудал болон хувь хүнээс орон сууцны өрөө, байр түрээслэн амьдарч байгаа шүүгч, прокурор, мөрдөн байцаагч, хэсгийн төлөөлөгч нарыг гэр, орон сууцтай болгох арга хэмжээг нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагатай хамтран хэрэгжүүлэх, 2007 оноос орон сууц худалдан авах зардлыг тухайн байгууллагын төсөвт тусган, орон сууцыг урт хугацааны зээлээр олгож эхлэх;

4/ Өвөрхангай, Увс, Ховд аймгийн цагдаагийн хэлтсийг газар болгон зохион байгуулсантай холбогдон 2006 оны сүүлийн хагас жилд нэмж шаардагдах 200 сая төгрөгийг шийдвэрлэх, энэ тогтоолын хавсралтад заасан арга хэмжээнд шаардагдах зардлыг Монгол Улсын 2007 оны улсын төсөвт тусган хэрэгжүүлэх.

2.Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний тухай 2006 оны илтгэл, Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаархи мэдээлэл, Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүдээс гаргасан санал, дүгнэлтийн мөрөөр дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч /С.Батдэлгэр/, Улсын ерөнхий прокурор /М.Алтанхуяг/ нарт зөвлөж, Хууль зүй, дотоод хэргийн сайд /Д.Одбаяр/-д үүрэг болгосугай.

1/ цагдан хорих байранд хоригдож байгаа этгээдэд хэрэг хүлээлгэх, мэдүүлэг авах зорилгоор сэтгэл санаа, бие махбодид нь дарамт, гэмтэл учруулах, өрөө дамжуулан хорих зэргээр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөөг зөрчиж байгаа байдалд дүгнэлт хийж, зөрчлийг арилгуулан, зөрчил гаргасан төрийн албан хаагчид хариуцлага тооцож ажиллах;

2/ эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд хууль ёсыг сахих, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн хүний халдашгүй байх эрхийг хангах, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоох зарчмыг шүүгч, прокурор, мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнуудын үйл ажиллагаанд бүрэн төлөвшүүлэх;

3/ сэжигтнийг баривчлах, цагдан хорих ажиллагаа нь хуульд заасан үндэслэл, хуулиар тогтоосон нөхцөл, журамд нийцэж байгаа эсэхэд тавих прокурорын хяналтыг сайжруулах;

4/ хүний эрхийг хамгаалах чиглэлээр Хүний эрхийн Үндэсний Комисс, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах.

3.Шүүх эрх мэдлийн байгууллагуудын үйл ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийн байгууллагуудын ажилтны цалин хангамж, нийгмийн асуудлыг судлан санал боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллуулж, дүнг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахыг Хууль зүйн байнгын хороо /Ц.Мөнх-Оргил/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ