A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2011 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 30

Төрийн ордон, Улаанбаатар хот

Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээр нэмэгдсэн өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгоход зориулан 100 /нэг зуун/ тэрбум төгрөгийн, хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд 2011 онд төрөөс олгох мөнгөн урамшуулалд болон ноос боловсруулах үндэсний үйлдвэрлэгчдэд 50 /тавин/ тэрбум төгрөгийн, жижиг, дунд үйлдвэрийг дэмжихэд зориулан 150 /нэг зуун тавин/ тэрбум төгрөгийн, нийт 300 /гурван зуун/ тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 5 жилийн хугацаатай үнэт цаасыг гаргаж, арилжаалахыг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т зөвшөөрсүгэй.

2.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай:

1/малчин, мал бүхий этгээдийн бэлтгэж, үндэсний боловсруулах үйлдвэрт тушааж, татварын цахим төлбөрийн баримтын системд бүртгэгдэж баталгаажсан хонины ноосны килограмм тутамд 1000 төгрөг, тэмээний ноосны килограмм тутамд 2000 төгрөг, сарлагийн хөөврийн килограмм тутамд 10000 төгрөгийн урамшуулал олгох;

/Энэ заалтад 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 87 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

/Энэ заалтад 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан/

2/2011 онд хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд олгосон мөнгөн урамшуулал болон энэ тогтоолын 3 дахь заалтад заасан Монголбанкны урьдчилан төлсөн хүүгийн зөрүүг буцаан олгохтой холбогдсон зардлыг 2012 оны улсын төсөвт тусгаж, цаашид мөнгөн урамшуулал болон үнэт цаасны хүүгийн зөрүүг жил бүрийн улсын төсөвт тусгаж байх;

3/хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох, хонины болон тэмээний ноос бэлтгэлд мөнгөн урамшуулал олгоход тавигдах шаардлага, Засгийн газрын үнэт цаасны санхүүгийн эх үүсвэрийн болон түүхий эд бэлтгэлийн үйл ажиллагааны шат дарааллын бүдүүвчийг тогтоосон холбогдох журмын төслийг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороонд танилцуулж, өгсөн чиглэлийн дагуу 2011 оны эхний хагаст багтаан батлан мөрдүүлэх;

4/мал аж ахуйн гаралтай бусад түүхий эдийн дотоодын бэлтгэл болон энэ чиглэлийн үндэсний үйлдвэрүүдийг дэмжихтэй холбогдсон асуудлыг боловсруулан Улсын Их Хурлын 2011 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх.

3.Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан үйлдвэрлэгчид олгох зээлийн хүүг жилийн 7 хувиас илүүгүй байхаар тооцож, 2011 оны хүүгийн зөрүүг урьдчилан төлөхийг Монголбанк /Л.Пүрэвдорж/-нд үүрэг болгосугай.

4.''Хоршооны гишүүн" гэсэн тодотголыг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

/Энэ заалтад 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолоор өөрчлөлт оруулсан/

5.Энэ тогтоолыг 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ