Хэвлэх DOC Татаж авах
ӨМЧ ХУВЬЧЛАХ ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ӨМЧ ХУВЬЧЛАХ ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


1993 оны 7 дугаар сарын 16-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 68



Өмч хувьчлах тухай хууль тогтоомжийн биелэлт,төрийн өмчид байгаа эд хөрөнгийг хувьчлах ажлын явцыг Засгийн газарт шалгаж танилцсан дүнг хэлэлцээд Монгол улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.Дараахь арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасугай:


1)өмч хувьчлах ажлын талаар Засгийн газар болон Засгийн газрын Өмч хувьчлах комиссоос гаргасан тогтоол шийдвэр, хөтөлбөрийн биелэлт, түүнчлэн бүх шатны өмч хувьчлах комиссын хувьчлалын сангийн зарцуулалт болон Монголын хөрөнгийн бирж, түүний харъяа брокерийн пүүсүүдийн санхүүгийн ажиллагаанд баримтын шалгалт хийж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгаж дүнг 1993 оны 4 дүгээр улиралд Улсын Их Хуралд танилцуулах;


2)өмч хувьчлалын тухай хууль тогтоомжийг зөрчсөн, төрийн болон хөдөө аж ахуйн нэгдлийн өмчийг хууль бусаар ашиглан завшсан, эзэнгүйдүүлж үрэгдүүлсэн явдлыг шалгаж буруутай этгээдэд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх асуудлыг хууль хяналтын болон холбогдох бусад байгууллагаар шийдвэрлүүлэх;


3)өмч хувьчлалын явцтай уялдуулан уг ажлыг хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр хийж дуусгах хугацааг шинэчлэн тогтоох.


2.Бүх шатны шүүхийн шүүгчдийг аж ахуйн эрх зүйн чиглэлээр мэргэшүүлэх арга хэмжээ авахыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгасугай.


3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавих, Өмч хувьчлалын тухай хуульд Засгийн газар болон Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын тогтоол, шийдвэр хэрхэн нийцэж байгааг хянаж дүгнэлтээ 1993 онд багтаан Улсын Их Хуралд танилцуулахыг эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороонд даалгасугай.


ДАРГА Н.БАГАБАНДИ ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.РИНЧИНДОРЖ