A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2004 оны 3 дугаар сарын 4-ний

Дугаар 29

Улаанбаатар хот

ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН, АЖИЛЛАХ ЖУРАМД ЗАРИМ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

"Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай" Монгол Улсын хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь заалтыг баримтлан ЗАРЛИГ болгох нь:

Нэг.Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2001 оны 25 дугаар зарлигийн 1 дүгээр хавсралтаар баталсан "Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүн"-д дор дурдсан нэмэлт, өөрчлөлт оруулсугай.

1.Зөвлөлийн бүрэлдэхүүнд "Улсын мэргэжлийн хяналтын газрын дарга", "Гамшгаас хамгаалах ерөнхий газрын дарга" гэж шинээр нэмэх

2.Зөвлөлийн бүрэлдэхүүнд байгаа "Төрийн хянан шалгах хорооны ерөнхий нарийн бичгийн дарга" гэснийг "Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч", "Хилийн цэргийг удирдах газрын дарга" гэснийг "Хил хамгаалах ерөнхий газрын дарга", "Гэмт хэргийн шалтгаан нөхцөл судлах хүрээлэнгийн захирал" гэснийг "Хууль тогтоомж, шүүх эрх мэдлийн эрдэм шинжилгээ, сургалт мэдээлэл, сурталчилгааны үндэсний төвийн захирал", "Монголын залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга" гэснийг "Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч" гэж тус тус өөрчлөх. /1, 2 дахь хэсгийг Ерөнхийлөгчийн 2005 оны 23-р зарлигаар хүчингүй болсон/

Хоёр.Мөн зарлигийн 2 дугаар хавсралтаар баталсан "Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажиллах журам"-д дор дурдсан нэмэлт, өөрчлөлт оруулсугай.

1.Журмын "Нийтлэг үндэслэл" бүлэгт "9. Зөвлөл нь үйл ажиллагаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдад жил бүр тайлагнаж байна" гэж, "Зөвлөлийн үүрэг, эрх" бүлэгт "6. Зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга нь Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4-т заасны дагуу төрийн захиргааны албан хаагчийн тэргүүн түшмэл байна." гэж, "Зөвлөлийн үйл ажиллагааны санхүүжилтийн тухай" бүлэгт "4. Засгийн газар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын хууль, бусад хууль, Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан хөтөлбөрүүдэд заасны дагуу эдгээр хууль, хөтөлбөрийн биелэлтийг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг Зөвлөлийн төсөвт жил бүр тусган санхүүжүүлнэ" гэж тус тус шинээр нэмэх.

2.Журмын "Нийтлэг үндэслэл" бүлгийн 7-д "албан бичгийн хэвлэмэл хуудас" гэсний дараа "тамга" гэж, "Зөвлөлийн үүрэг, эрх" бүлгийн 2 дахь хэсгийн 4-т "Шаардлагатай гэж үзвэл гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зориулсан хөрөнгийн зарим хэсгийг Зөвлөлийн мэдэлд төвлөрүүлж, улсын хэмжээний эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлыг хөнгөрүүлэхэд чиглэсэн тодорхой арга хэмжээнд зарцуулах;" гэж, мөн бүлгийн 4 дэх хэсгийн "в"-д "Зөвлөлийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавих" гэсний дараа "холбогдох асуудлаар захирамж, албан даалгавар гаргах;" гэж тус тус нэмэх,

3.Журмын "Зөвлөлийн үүрэг, эрх" бүлгийн 4 дэх хэсгийн "б"-г "Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай Монгол Улсын хуулийн 12 дугаар зүйлийн 1-д заасны дагуу Зөвлөлийн ажлын албаны бүтэц, нийлүүлэх бүтээгдэхүүн, түүний санхүүжитийн хэмжээг тогтоож, эрхлэх асуудлын хүрээний яам, агентлаг, байгууллагуудын орон тоо, цалингийн сангийн хязгаарт багтаан орон тоог нь зохицуулах, албаны дүрэм, ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг баталж, албаны дарга, ажилтныг томилох чөлөөлөх" гэж; "Зөвлөлийн үйл ажиллагааны санхүүжилтийн тухай" бүлгийн 3-ыг "Зөвлөл үйл ажиллагаа явуулахад шаардагдах төсөв, хөрөнгийг Засгийн газрын Хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн гишүүний эрхлэх асуудлын хүрээний төсвийн багцад жил бүр бие даалган төлөвлөж, санхүүжүүлнэ. Хууль зүй, дотоод хэргийн яам Зөвлөлийг ажлын байраар хангаж, ажлаа хэвийн явуулах бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлнэ" гэж; "Аймаг, нийслэл, сум, дүүргийн салбар зөвлөл" бүлгийн 4-ийг "Орон нутгийн салбар зөвлөлөөс холбогдох хууль тогтоомж, хөтөлбөрийн биелэлтийг зохион байгуулах арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар аймаг, нийслэл, сум, дүүргийн төсөвт тусгайлан тусган санхүүжүүлж байна. Салбар зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааны зардлыг тухайн ИТХ, Засаг даргын Тамгын газрын төсөвт жил бүр тусган санхүүжүүлнэ" гэж тус тус өөрчлөх.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАГАБАНДИ