Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООГ МӨНХӨД ЭРХЭМЛЭН ДЭЭДЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
 

2004 оны 2 дугаар сарын 18-ны өдөр                                                                       Дугаар 23                                                                                             Улаанбаатар хот

 

 

МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООГ МӨНХӨД ЭРХЭМЛЭН ДЭЭДЛЭХ ТУХАЙ

Монголын ард түмэн олон зууныг өртөөлсөн үндэсний соёлын гайхамшигт өв санг бүрдүүлсний дотор ном судрыг эрдмийн дээд эрдэнэ хэмээн сүслэн бүтээж, үнэт эдээр баринтаглан өргөө гэрийнхээ хойморт залж, үр удмаараа гэгээрч боловсрон ,дээдлэн хадгалж ирсэн гэгээн уламжлалтай билээ.
Монголын нууц товчоо бол Монголын их хаадын угсаа гарвал, монголчуудын ахуй амьдрал, үндэсний түүх, хэл бичиг ,утга соёл, ардын аман зохиол, бөө мөргөл, зан заншилын их нэвтэрхий толь, монгол хэлний үгийн урлагийн сонгодог бүтээл, нүүдэлчний соёлын үл давтагдах хосгүй шинж чанараараа ижилгүй товойж, үеийн үед гайхагдсаар эрин зууныг эзэлсэн их туульс, тал нутгийн анхилам үнэр нэвт шингэсэн түүх, он цагийн дарааллын бичиг мөн.

Монголын бичмэл түүхэн сурвалжийн ууган дээж бичиг, эртний монгол уран зохиолын гайхамшигт дурсгал энэхүү өв тэгш тууривалыг даяр олноороо мөнх эрхэмлэн, үндэсний бахархалын эрх дархтайгаар дээдлэх зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх заалтын 3, Монгол Улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1,12 дугаар зүйлийн 12 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БУУЛГАХ НЬ:

1.Шижир алт, цалин цагаан мөнгөөр чимэглэсэн, эрдэний чулуун шигтгээт хосгүй нэг хувь Монголын нууц товчоог урлан бүтээж төрийн хүндэтгэлийн өргөөний хойморт залсугай.

2.Монголын нууц товчоог айл өрх бүр өргөө гэрийнхээ хойморт залж, сүслэн дээдэлж байхыг Монголын нийт ард иргэдэд зөвлөсүгэй.

3.Монголын нууц товчоогцогц хандлагаар эрчимтэй судалж, бүх шатны боловсролын байгууллагын суралцагсдад үе шаттай судлуулахыг нийт эрдэмтэд, судлаачид, багш сурган хүмүүжүүлэгчдэд уриалсугай.

4.Төрийн хүндэтгэлийн өргөөний хойморт залах Монголын нууц товчоог урлан бүтээхийг Засгийн газарт чиглэл болгосугай.

 

 

 

                                                             МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ                                         Н.БАГАБАНДИ                                                                                  

 

                                                             МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД                                       Н.ЭНХБАЯР