Хэвлэх DOC Татаж авах
ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООТ ХӨГЖИЛ-“ХУРИМТЛАЛЫН БҮЛЭГ”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИЖ ОРОН ДАЯАР ӨРНҮҮЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

 

2010 оны 10 дугаар сарын 14-ний өдөр                                                             Дугаар 215                                                                                                Улаанбаатар хот

 



ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООТ ХӨГЖИЛ-“ХУРИМТЛАЛЫН БҮЛЭГ”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ

ДЭМЖИЖ ОРОН ДАЯАР ӨРНҮҮЛЭХ ТУХАЙ
 

Монгол Улс суурин соёл иргэншилд шилжиж, хотжих үйл явц эрчимтэй явагдаж байгаа өнөө үед иргэдийн өөрсдийн санал, оролцоон дээр тулгуурлан орчин тойрон, амьдрал ахуйгаа сайжруулах чиглэлээр хүчээ нэгтгэн ажиллаж, үр дүнд хүрч байгаа “Хуримтлалын бүлэг”-ийн үүсгэл санаачилгыг нийт иргэдэд түгээн дэлгэрүүлэх, олон нийтийн үйл хэрэг болгох зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1.Байгаль орчноо зөв зохистой ашиглах, хамгаалах, амьдарч буй орчноо тохижуулах, хамтарч ажиллан амьдрал ахуйгаа дээшлүүлэх зорилгоор “Хуримтлалын бүлэг” байгуулан ажиллах үүсгэл санаачилгыг орон даяар өрнүүлэхийг Монгол Улсын нийт ард иргэдэд уриалсугай.

2.Хамтын хүчний давуу талыг бий болгон амжилттай ажиллаж байгаа “Хуримтлалын бүлэг”-үүдийн санал санаачилгыг дотоод, гадаадын төсөл, хөтөлбөрт хамруулан бодит ажил болгох, бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэхийг Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрийн газар, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын удирдлагуудад зөвлөсүгэй.

 

 

 

                                                         МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ                                               Ц.ЭЛБЭГДОРЖ