A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2007оны 7 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 183

Улаанбаатар хот

СУВАРГА ХАЙРХАН УУЛ, ХАН ХӨХИЙ УУЛ, СУТАЙ ХАЙРХАН УУЛЫГ ТӨРИЙН ТАХИЛГАТАЙ БОЛГОХ ТУХАЙ

Монголчууд бидний өвөг дээдэс хүн байгалийн амин холбоо, харилцан шүтэлцээний утга учир, зүй тогтлыг сэтгэлгээний өндөр түвшинд ухааран мэдэрсний үндсэн дээр эх болсон байгалиа хайрлан хамгаалах, аргадан тайтгаруулах өвөрмөц соёл, арга ухааныг нүүдэлчдийн амьдралын хэв маяг, аж төрөх ёсноо нийцүүлэн хэрэгжүүлж ирсэн билээ. Түүхэн нэг тод жишээ бол уул овоогоо тахин шүтэж, аргадан биширч, хайрлан хамгаалж, төрийн болон орон нутгийн хэмжээнд тахилгын ёслолыг эртнээс нааш үйлдэж ирсэн монголчуудын заншил, уламжлал юм.

Монгол Улсад өдгөө хүрээлэн буй байгаль орчин, газар шороо, уул, устайгаа зүй зохистой, зөв харьцаж нөөц, баялгийг нь ариг гамтай ашиглан, унаган төрх, онгон дагшин байдлыг нь хадгалан үлдээж хамгаалан өвлүүлэхэд төр засгийн болон иргэн бүрийн үүрэг, хариуцлага чухал болж буй нь улам бүр мэдрэгдэх боллоо.

Уул ус, газар нутгаа үе дамжин шүтэж, хайрлан хамгаалж ирсэн төрт ёс, ард түмнийхээ язгуурын уламжлалыг өртөөлүүлэн уул, овооны тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг үйлдэх талаар ард иргэд, иргэний нийгэм, орон нутгийн төр засгийн байгууллагуудаас ирүүлсэн санал, санаачлагыг харгалзан үзэж Монгол Улсын Үндсэн хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн ЗАРЛИГ БУУЛГАХ НЬ:

1.Суварга хайрхан уул, Хан хөхий уул, Сутай хайрхан уулыг төрийн тахилгатай уул болгож, уулын тэнгэрийг тайх төрийн ёслолыг 4 жилд нэг удаа үйлдсүгэй.

2.Энэхүү зарлиг буулгасантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2004 оны 57 тоот зарлигаар баталсан "Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам"-ын 1 дүгээр зүйлийн 1-дэх хэсэгт "Бурхан халдун уул" гэсний дараа "Суварга хайрхан уул, Хан хөхий уул, Сутай хайрхан уул" хэмээн нэмж оруулсугай. 3.Суварга хайрхан уул, Хан хөхий уул, Сутай хайрхан уулаа тахин шүтэж хайрлан хамгаалах талаар тодорхой арга хэмжээ авч ажиллахыг тус тусын нутгийн удирдлагын байгууллагуудад болон нийт иргэдэд уриалсугай.

3.Суварга хайрхан уул, Хан хөхий уул, Сутай хайрхан уулаа тахин шүтэж хайрлан хамгаалах талаар тодорхой арга хэмжээ авч ажиллахыг тус тусын нутгийн удирдлагын байгууллагуудад болон нийт иргэдэд уриалсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЭНХБАЯР