Хэвлэх DOC Татаж авах
УЛС ОРНОО ХӨГЖҮҮЛЭХЭД ӨӨРИЙН ХҮЧИЙГ ДЭЭД ЗЭРГЭЭР ДАЙЧЛАХ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ДЭМЖИХ ТУХАЙ

БНМАУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ШИЙДВЭР


1991 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр                                                             Дугаар 208                                                                                                       Улаанбаатар хот

 

УЛС ОРНОО ХӨГЖҮҮЛЭХЭД ӨӨРИЙН ХҮЧИЙГ ДЭЭД ЗЭРГЭЭР ДАЙЧЛАХ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ДЭМЖИХ ТУХАЙ
 


Нэг. Бидний монголчууд өөрийн хүчийг дайчлан, хичээнгүйлэх нь эдийн засгийн хямралыг гэтлэн давах, дэлхийн аж ахуйн хөгжил, шинжлэх ухаан-техникийн ололтыг нүүдлийн соёл иргэншлийнхээ дэвшилтэт бүхнийг өвлөн хөгжүүлэхтэй зөв хослох, байгалийн баялаг, оюун санааны үнэт сан, үе үеийнхнийхээ бүтээж бий болгосон үйлдвэрлэх хүчний чадавхийг үр ашигтай ашиглах, эдийн засгийн аюулгүй байдлыг улам бататгах үндсэн дээр хүн төрөлхтний соёл иргэншил, хөгжил дэвшлийн хандлагатай хөл нийлүүлэн алхах зорилтыг амжилттай шийдвэрлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэн МАХН-ын Төв Хорооны П бүгд хурлаас дэвшүүлсэн "Улс орноо хөгжүүлэхэд өөрийн хүчийг дээд зэргээр дайчлах үзэл баримтлал"-ийг дэмжсүгэй.

Хоёр. өөрийн хүчийг дайчлах асуудлыг аймаг, хот, дүүрэг, сум, хороо бүр өөр өөрийн онцлог, бололцоонд түшиглэн нутаг дэвсгэрийнхээ түвшинд цогцолбороор авч үзэж, үйлдвэр, албан байгууллага, хамт олон, айл өрх, иргэн нэг бүр хичээх үйлс болгох нь зүйтэй гэж үзсүгэй.

Гурав. Улс орноо хямралаас гаргаж, хөгжил дэвшлийн шинэ өндөрлөгт хүргэх, хотол даяар чинээлэг сайхан амьдрах үйл хэрэгт оюун ухаан, эрдэм чадал, эрч хүч, зүтгэл санаачилга, ариун хөдөлмөрөө дайчлан зориулж, эв нэгдэл, зохион байгуулалт, дэг журмыг эрхэмлэн ажиллаж амьдрахыг бүх нийтээр хичээгтүн.

 

 

                                                            БНМАУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ                                        П.ОЧИРБАТ