Хэвлэх DOC Татаж авах
ХХI ЗУУНЫГ УГТАЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ЕРӨНХИЙ ХӨТӨЛБӨР САНААЧЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

 

1999 оны 7 дугаар сарын 2-ны өдөр                                                                          Дугаар 114                                                                                          Улаанбаатар хот


 

ХХI ЗУУНЫГ УГТАЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ЕРӨНХИЙ ХӨТӨЛБӨР САНААЧЛАХ ТУХАЙ

 

Дэлхий дахины нийтийн он тооллын шинэ зуун, шинэ мянган давхцан эхлэхэд богино хугацаа үлдлээ. Улс орнууд эдгээр түүхэн үйл явдалд онцгойлон бэлтгэж байна.

Монголын ард түмэн туурга тусгаар улс орноо тээж нийт хүн төрөлхтөнтэй хөл нийлүүлэн эрх тэгшээр зуунаас зуун руу урамтай алхлан орох бахтай сайхан хувь заяа эдүгээ ажиллаж, амьдарч буй нийт иргэд, өтгөс буурлууд, залуучууд, нялх балчир үрсэд маань оногджээ.

Шинэ зуун эхлэхтэй холбогдуулан, ХХ1 зуунд олон улс гүрний дунд Монгол улсынхаа эзлэх байр суурь, нэр сүрийг улам бататган бэхжүүлж, улс орноо цэцэглүүлэн хөгжүүлэх нь монголын ард түмний ариун үйлс болж байгааг тэмдэглэж ЗАРЛИГ буулгах нь:

Нэг.Зуун молигдох цаг үеийг үндэсний эв нэгдэл, төр улс, түмэн олныхоо билэг дэмбэрэлд бодож, ХХ1 зууныг угтаж хэрэгжүүлэх Үндэсний Ерөнхий хөтөлбөрийг дор дурдсанаар багцлан төлөвлөж гүйцэтгэх нь зүйтэй гэж тогтоосугай.

l.ХХ зуунд Монголын төр, улс орондоо гавьяат үйлс бүтээсэн алдар цуутай хүндэтгэлт хүмүүсийн нэр гаргаж амьдрал үйлсийг нь судлан сурталчлах олон талт арга хэмжээ авах.

ll.1.ХХ зууны Монгол орны амьдрал, түүхэн замналыг харуулсан он дарааллын бичиг гаргаж, баримтат кино бүтээх.

ll.2.ХХ зууны Монголын шинжлэх ухаан, соёл, урлаг, уран барилгад гарсан шилдэг бүтээлүүдийн дээжийг салбар, төрөл зүйлээр нь эмхэтгэж хэвлэх, видео, аудио, СD-д буулгах.

ll.3."Монголын соёлын хотол чуулган ХХ зуун" хөтөлбөр хэрэгжүүлэх.

lll.ХХ1 зууны эхлэлд зориулсан үндэсний мөнгөн тэмдэгт зоос гаргах.

IY.Үндэсний түүх, соёлын өв болж үлдсэн барилга байгууламж, хөшөө дурсгал, сүм хийд, ном судрыг тодорхой төлөвлөгөө, дэс дараатайгаар сэргээн засварлах.

Ү.Энэ зарлигийн учир холбогдол болон ХХ1 зуунд Дэлхийн улс орнууд хэрхэн бэлтгэж, ямар ажил хийж байгаа талаар нийт иргэдэд сайтар тайлбарлан таниулж мэдээлж байхыг төрийн болон төрийн бус бүх шатны байгууллагуудын удирдлага, хэвлэл, мэдээллийн газруудад уриалсугай.

Хоёр.Үндэсний Ерөнхий хөтөлбөрийг 2000 оны 12 дугаар сарын 31-ний дотор багтаан биелүүлэх бүх талын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосугай.

 

                                                                   МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ                                                Н.БАГАБАНДИ

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД                                                      Ж.НАРАНЦАЦРАЛ