A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

1995 оны 5 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 119

Улаанбаатар хот

ХҮҮХДИЙН СОЁЛ, ХҮМҮҮЖИЛ, ХАЛАМЖИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Хүүхдийг амьдралд бэлтгэх, шинийг эрэлхийлсэн бүтээлч ухаанд сургах, үндэсний бахархал, зан үйл, нандин уламжлалаа өвлөн хөгжүүлэх, шударга хөдөлмөрийг эрхэмлэн дээдлэх зан чанар төлөвшүүлэх нь манай орны төр, олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн гол зорилт болж байгааг харгалзан Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгох нь:

1.Хүүхдэд зориулан соёл урлагийн үйлчилгээ явуулдаг байгууллагыг аль болохоор төрийн ивээлд байлгаж, хүүхдийн хөгжил, хүмүүжил, гоо зүйн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, тэдний нас, сэтгэхүйн онцлогт тохирсон ном хэвлэл, уран бүтээлийг олшруулах, чанарыг нь сайжруулах зорилгоор дор дурдсан нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг судалж шийдвэрлэсүгэй:

а/Монгол телевизэд хүүхдийн нэвтрүүлгийн студи байгуулах, суваг шинээр нээх, радиогийн нэвтрүүлгийн цагийг нэмэгдүүлэх;

б/улсын хүүхдийн төв номын санг зориулалтын байраар хангах;

в/сургуулийн өмнөх насны болон сургуулийн бага, дунд, ахлах насны хүүхдэд зориулсан "Оюун түлхүүр", "Залгамжлагч" сэтгүүл, "Хойчийг залгамжлагч" сонинг хэвлэхэд төсвөөс дэмжлэг үзүүлэх;

г/хүүхдийн театр-киноны хүрээлэн, Хүүхэлдэйн театр, номын сан, Радио, телевизийн нэвтрүүлгийн редакц зэрэг соёл урлагийн байгууллагын техник хэрэгсэл, төхөөрөмжийн хангамжийг сайжруулах;

д/хүүхдэд зориулсан уран зохиол, шинжлэх ухаан, танин мэдэхүйн болон орчуулгын ном, хүүхдийн уран сайхны ба баримтат кино, мультфильм, дүрс бичлэгийн кино,драмын, хүүхэлдэйн, телевиз, радиогийн жүжиг здэрэг мэргэжлийн урлагийн байгууллагын бүтээлүүдийг улсын захиалгын дагуу Соёл, урлаг хөгжүүлэх сангаас санхүүжүүлж байх;

е/хүүхдэд зориулсан соёл, урлагийн байгууллагуудад ажиллах мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, гадаадын ижил төрлийн байгууллагатай хамтарч олон улсын арга хэмжээ зохион байгуулах ажлыг төвлөрсөн болон орон нутгийн төсөвт тусган хэрэгжүүлж байх.

2.Цэцэрлэгийн насны хүүхэд болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд байгаль орчноо танин мэдэх, хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах,нөхөн сэргээх арга ажиллагаа, дадлага, туршлага, мэргэжлийн баримжаа олгох сургалтыг тогтмол зохион байгуулж байх, түүнчлэн хүн амын дунд байгаль орчныг хамгаалах сурталчилгааны ажил явуулах арга хэмжээг Монголын байгаль орчныг хамгаалах сурталчилгааны ажил явуулах арга хэмжээг Монголын байгаль орчныг хамгаалах холбоо, "Байгаль эх" төв зэрэг олон нийтийн болон бусад байгууллагатай хамтран авч ажилласугай.

3.Эцэг, эхийн хараа хяналтаас гарсан хүүхдийг халамжлан хүмүүжүүлэх, тэднийг амьдралд бэлтгэх, ажил мэргэжлийн баримжаа олгох зорилгоор Хүүхдийн сургалт, хүмүүжил-үйлдвэрлэлийн төв зохион байгуулж ажиллуулахын хамт гэр орон, эцэг эхээсээ удаан хугацаагаар дайжсан, тодорхой хаяггүй хүүхдийг эрүүл мэндийн даатгалд хамруулах, тэдэнд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон асуудлыг судалж шийдвэрлэсүгэй.

4.Хүүхдийн амралт, чөлөөт цагийг бүтээлч хэлбэрээр зохион байгуулах, тэдний авьяас чадварыг нээн хөгжүүлэх, мэргэжлийн чиг баримжаа эзэмшүүлэхэд чиглэсэн хүүхдийн соёл, хүмүүжлийн ажлын материаллаг баазын ашиглалтыг сайжруулах, өргөтгөх, шинээр бий болгох арга хэмжээ авахын хамт хүүхдэд зориулсан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих, урамшуулах арга хэмжээ авсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ П.ОЧИРБАТ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД П.ЖАСРАЙ