A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • АГААРЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ /Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
Бүлэг: 1979

/Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2010 оны 6 дугаар сарын 24-ний өдөр

Улаанбаатар хот

АГААРЫН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь хүрээлэн байгаа агаарыг хамгаалах, бохирдохоос урьдчилан сэргийлэх, агаар бохирдуулах бодисын хаягдлыг бууруулж хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Агаарын тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Агаарын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

Хэвлэх

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."хүрээлэн байгаа агаар" гэж байгаль орчны бүрэлдэхүүн хэсгийн нэг болох хийн мандлын байгалийн төлвөөрөө байгаа хийн хольцыг;

3.1.2."агаарын бохирдол" гэж агаар бохирдуулах бодисын агууламж агаарын чанарын стандартаас хэтэрч, агаарын чанар доройтохыг;

/Энэ заалтыг 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3.1.3."агаарын чанар" гэж агаарын чанарын стандартад нийцэж байгаа эсэхийг илэрхийлэх агаарын физик, хими, биологийн цогц шинж чанарыг;

3.1.4."агаарын чанарын хяналт-шинжилгээ" гэж агаарын чанарын төлөв байдал, түүний өөрчлөлтөд байнгын ажиглалт, хэмжилт, судалгаа, шинжилгээ хийж үнэлэх үйл ажиллагааг;

3.1.5."агаар бохирдуулах бодис" гэж утаа, тортог, тоос, хог хаягдлын улмаас агаарыг бохирдуулж, хүний эрүүл, аюулгүй амьдрах орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа хийн хольц, тоосонцорыг;

/Энэ заалтыг 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3.1.6."аюултай бохирдуулах бодис" гэж байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан жагсаалтад орсон бохирдуулах бодисыг;

3.1.7."агаарын бохирдлын эх үүсвэр" гэж хатуу түлш болон хүрээлэн байгаа агаарт бохирдуулах бодис гаргадаг, эсхүл физикийн сөрөг нөлөө үзүүлдэг аливаа объектыг;

3.1.8."агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр" гэж хүрээлэн байгаа агаарт жилд 100 тонноос их аливаа нэг бохирдуулах бодис, эсхүл 5 тонноос их аюултай бохирдуулах бодис гаргадаг үйлдвэрлэл, үйлчилгээний болон бусад зориулалтын барилга байгууламжийг;

3.1.9."хөдөлгөөнт эх үүсвэр" гэж дизель түлш, шатахуунаар ажилладаг бүх төрлийн автотээврийн хэрэгсэл, өөрөө явагч болон зөөврийн хөдөлгөөнт хэрэгслийг;

3.1.10."агаарын чанарын стандарт" гэж хүрээлэн байгаа агаар дахь бохирдуулах бодисын хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх хүлцэх хэм хэмжээг стандартын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталгаажуулсныг;

3.1.11."бохирдуулах бодисын хаягдлын стандарт" гэж агаарын бохирдлын эх үүсвэрээс үргэлжилсэн хугацааны турш хүрээлэн байгаа агаарт гаргаж болох бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээг стандартын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталгаажуулсныг;

3.1.12."агаарын бохирдлын төлбөр" гэж түүхий нүүрс олборлогч, органик уусгагч үйлдвэрлэгч ба импортлогч, автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч болон агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр ашиглах зөвшөөрөл эзэмшигч, агаарын бохирдлын эх үүсвэр хэрэглэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэний агаарт бохирдуулах бодисыг бохирдуулах бодисын хаягдлын стандартад заасан хэмжээнд гаргасан тохиолдолд төлөх төлбөрийг;

3.1.13."агаарын бохирдлын нөхөн төлбөр" гэж хүрээлэн байгаа агаарт бохирдуулах бодисыг бохирдуулах бодисын хаягдлын стандартад заасан хэмжээнээс хэтрүүлэн гаргасан тохиолдолд төлөх төлбөрийг;

3.1.14."зөвшөөрөгдөх хаягдал" гэж агаарын чанарын стандартаас хэтрэхгүй байхаар агаарын бохирдлын эх үүсвэрийн хувьд тогтоосон бохирдуулах бодисын хүрээлэн байгаа агаарт гаргаж болох дээд хэмжээг;

3.1.15."агаарт үзүүлэх физикийн сөрөг нөлөөлөл" гэж хүрээлэн байгаа агаарын дулаан, энерги, долгион, цацраг зэрэг физик шинж чанарыг өөрчилж улмаар хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа дуу чимээ, чичиргээ доргио, ионжуулагч цацраг, цахилгаан соронзон долгион зэрэг физикийн бусад хүчин зүйлийн үйлчлэлийг;

3.1.16."физикийн сөрөг нөлөөллийн стандарт" гэж физикийн нөлөөллийн хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх хүлцэх хэм хэмжээг стандартын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталгаажуулсныг;

3.1.17."физикийн сөрөг нөлөөллийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ" гэж физикийн сөрөг нөлөөллийн стандартаас хэтрэхгүй байхаар тооцож агаарын бохирдлын эх үүсвэрийн хувьд тогтоосон хүрээлэн байгаа агаарт үзүүлж болох физикийн сөрөг нөлөөллийн хэм хэмжээг;

3.1.18."озоны үе давхарга" гэж дэлхийн гадаргаас дээш орших хийн мандлын озоны давхаргыг;

3.1.19."хүлэмжийн хий" гэж хэт улаан туяаг шингээн авч буцаан туяаруулах шинж чанартай байгалийн буюу хүний үйл ажиллагааны гаралтай хийн мандлын бүрэлдэхүүн хэсгийг.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
АГААРЫГ ХАМГААЛАХ ТАЛААРХИ ТӨРИЙН БОЛОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА, ИРГЭНИЙ НИЙТЛЭГ ЭРХ, ҮҮРЭГ

4 дүгээр зүйл.Засгийн газрын бүрэн эрх

Хэвлэх

4.1.Засгийн газар хүрээлэн байгаа агаар /цаашид "агаар" гэх/-ыг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

4.1.1.агаарыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөрийг батлах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах;

4.1.2.Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцийг /цаашид "Конвенци" гэх/ хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, экологийн эмзэг байдлыг бууруулахтай холбогдсон арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий орон тооны бус Уур амьсгалын үндэсний хороог байгуулах;

4.1.3.хуульд заасан бусад бүрэн эрх.

5 дугаар зүйл.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

Хэвлэх

5.1.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид "төрийн захиргааны төв байгууллага" гэх/ агаарыг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.1.1.агаарыг хамгаалах талаархи төрийн бодлого, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

5.1.2.агаарыг хамгаалахтай холбогдсон дүрэм, журам, аргачлал, зааврыг баталж, хэрэгжилтийг хангах;

5.1.3.энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан стандартыг боловсруулж эрх бүхий байгууллагаар батлуулах;

5.1.4.агаарыг хамгаалах талаархи энэ хуулийн 8.1-д заасан агаарын чанарын мэргэжлийн албаны болон ажлын энэ хуулийн 19.1-д заасан Уур амьсгалын өөрчлөлтийн албаны дүрмийг баталж, үйл ажиллагааг удирдлагаар хангах;

5.1.5.агаарын чанарын хяналт-шинжилгээний ажлыг зохион байгуулан хяналт-шинжилгээний арга зүйг баталж, мэргэжлийн удирдлагаар хангах;

5.1.6.агаарын талаархи мэдээллийн сан бүрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавих;

5.1.7.озон задалдаг бодисын хэрэглээг үе шаттайгаар бууруулах, хязгаар тогтооход хяналт тавих;

5.1.8.агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэрийг ашиглах зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, цуцлах, хүчингүй болгох, суурин эх үүсвэрээс агаарт гаргах зөвшөөрөгдөх хаягдлын хэмжээг, түүнчлэн агаарын чанарын мэргэжлийн албаны дүгнэлт гаргуулах ажиллагааны үйлчилгээний хөлс, хураамжийн хэмжээг тогтоох;

5.1.9.аюултай бохирдуулах бодисын жагсаалтыг батлах;

5.1.10.хуульд заасан бусад бүрэн эрх.

6 дугаар зүйл.Нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын бүрэн эрх

Хэвлэх

6.1.Нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага агаарыг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.1.1.агаарын тухай хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан шийдвэрийн биелэлтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

6.1.2.агаарыг хамгаалах, бохирдлыг бууруулах арга хэмжээг төлөвлөн орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх;

6.1.3.агаарын чанарын улсын хяналт-шинжилгээний сүлжээний нэгжийн тасралтгүй ажиллагааг хангах;

6.1.4.агаар бохирдуулах бодисын хаягдал, агаарт үзүүлэх физикийн сөрөг нөлөөлөл, тэдгээрийн эх үүсвэрийн тооллогыг агаарын чанарын мэргэжлийн албаны орон нутаг дахь салбартай хамтран нутаг дэвсгэртээ зохион байгуулах;

6.1.5.агаарын чанар, бохирдуулах бодисын хаягдал болон түүний эх үүсвэрийн тоо бүртгэл, тооллогын мэдээг агаарын чанарын мэргэжлийн албанд бүрдүүлж өгөх;

6.1.6.нутаг дэвсгэрийнх нь тодорхой хэсэгт төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмын хэрэгжилтийг зохион байгуулах;

6.1.7.хуульд заасан бусад бүрэн эрх.

7 дугаар зүйл.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эрх, үүрэг

Хэвлэх

7.1.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн дараахь эрх, үүрэгтэй:

7.1.1.агаарыг хамгаалах тухай хууль тогтоомж, нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллага, Засаг даргын шийдвэр, улсын байцаагчийн шаардлагыг биелүүлэх;

7.1.2.агаарыг хамгаалах талаархи дүрэм, журам, бохирдуулах бодисын хаягдлын стандарт, хэм хэмжээний шаардлагыг хангах;

7.1.3.агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхдээ тухайн эх үүсвэрийн хаягдал, нөлөөллийг хянах дотоод хяналтын багаж хэрэгслээр тоноглох;

7.1.4.аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд тусгасан орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу дотоод хяналтыг явуулах;

7.1.5.аж ахуйн нэгж, байгууллага нь агаарын бохирдлын эх үүсвэрийн дотоод хяналтын болон холбогдох бусад тайлан, мэдээг энэ хуулийн 10.5-д заасан журмын дагуу агаарын чанарын мэргэжлийн албаны орон нутаг дахь салбарт гаргаж өгөх;

7.1.6.агаарыг хамгаалах талаар мэргэжлийн байгууллагаас арга зүйн туслалцаа, зөвлөгөө авах;

7.1.7.хуульд заасан бусад эрх, үүрэг.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТ, МЭДЭЭЛЭЛ

8 дугаар зүйл.Агаарын чанарын мэргэжлийн алба

Хэвлэх

8.1.Агаарын чанарыг тодорхойлох, хяналт-шинжилгээ хийх, холбогдох мэдээ, дүгнэлт гаргах үүрэг бүхий агаарын чанарын мэргэжлийн алба /цаашид "мэргэжлийн алба" гэх/-ыг төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулж ажиллуулна.

8.2.Мэргэжлийн албаны орон нутаг дахь салбар байгуулах асуудлыг тухайн нутаг дэвсгэрийн байгаль, цаг уурын онцлог, үйлдвэржилтийн түвшинтэй уялдуулан төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэж, тэдгээрийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана.

8.3.Мэргэжлийн албаны орон нутаг дахь салбар нь төрийн захиргааны төв байгууллагаас баталсан дүрмийн дагуу Засаг даргын удирдлага дор ажиллана.

8.4.Озоны үе давхаргыг хамгаалах талаархи олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэх, холбогдох үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг мэргэжлийн алба зохион байгуулна.

8.5.Мэргэжлийн албаны ажилтан хэмжилт, судалгаа, шинжилгээ хийхээр аж ахуйн нэгж, байгууллагад нэвтрэн орох эрхтэй.

9 дүгээр зүйл.Агаарын чанарын хяналт-шинжилгээ

Хэвлэх

9.1.Төрийн захиргааны төв байгууллага нь агаарын чанар, агаарт үзүүлэх физикийн сөрөг нөлөөлөл, хүчиллэг тунадас, давхраат мандлын озон, хүлэмжийн хийн агууламжийн өөрчлөлтөд байнгын ажиглалт, хэмжилт, судалгаа, шинжилгээ хийж үнэлгээ өгөх, мэдээллээр хангах зорилго бүхий хяналт-шинжилгээний улсын нэгдсэн сүлжээг зохион байгуулж ажиллуулна.

9.2.Хяналт-шинжилгээний улсын нэгдсэн сүлжээ нь дараахь хэсгээс бүрдэнэ:

9.2.1.олон улсын хяналт-шинжилгээний сүлжээний Монгол Улс дахь нэгж;

9.2.2.улсын хяналт-шинжилгээний сүлжээ;

9.2.3.орон нутгийн хяналт-шинжилгээний нэгж;

9.2.4.агаарт бохирдуулах бодис гаргадаг, физикийн сөрөг нөлөөлөл үзүүлдэг аж ахуйн нэгж, байгууллагын дотоод хяналтын цэг.

9.3.Энэ хуулийн 9.2.1, 9.2.2-т заасан сүлжээ, нэгжийг хот, тосгон, бусад суурины хэмжээ, хүн амын нягтрал, газар нутгийн тогтоц, үйлдвэржилтийн түвшин зэргийг харгалзан төрийн захиргааны төв байгууллага тогтоож, тэдгээрийг байгуулж тоноглох болон ажиллуулах үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

10 дугаар зүйл.Агаарын чанарын тухай мэдээлэл

Хэвлэх

10.1.Мэргэжлийн албаны орон нутаг дахь салбар нь агаарын чанарын тухай мэдээг гаргаж зохих шатны Засаг дарга, мэргэжлийн албанд ирүүлнэ.

10.2.Мэргэжлийн алба нь агаарын чанарын тухай мэдээг нэгтгэн дүгнэж төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

10.3.Мэргэжлийн алба нь агаар бохирдуулах бодисын агууламж, физикийн сөрөг нөлөөллийн түвшин стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд холбогдох байгууллага, олон нийтэд шуурхай мэдээлнэ.

10.4.Аж ахуйн нэгж, байгууллага нь агаарын чанарт нөлөөлж байгаа өөрийн үйл ажиллагааны тухай болон дотоод хяналтын мэдээг гаргаж мэргэжлийн албаны орон нутаг дахь салбарт тогтоосон хугацаанд ирүүлнэ.

10.5.Агаарын чанарын мэдээ гаргах журмыг төрийн захиргааны төв байгууллага батална.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

АГААРЫГ ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭ

11 дүгээр зүйл.Агаарыг хамгаалахтай холбогдолтой хэм хэмжээ

Хэвлэх

11.1.Агаар бохирдуулах бодисын болон агаарт үзүүлэх физикийн сөрөг нөлөөллийн зөвшөөрөгдөх хэм хэмжээг тогтоох агаарын чанарын стандарт, физикийн сөрөг нөлөөллийн стандарт, хог хаягдлыг зориулалтын байгууламжид шатаах, устгах үйл ажиллагааны улмаас агаарт ялгарах хаягдлын стандартыг төрийн захиргааны төв байгууллага боловсруулж эрх бүхий байгууллагаар батлуулна.

11.2.Төрийн захиргааны төв байгууллага дараахь стандартыг холбогдох салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран боловсруулж эрх бүхий байгууллагаар батлуулна:

11.2.1.бүх төрлийн зуухнаас агаарт гаргах бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээг тогтоох агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэрийн хаягдлын стандартыг түлш, эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран;

11.2.2.агаарын бохирдлын хөдөлгөөнт эх үүсвэрээс агаарт гаргах бохирдуулах бодисын хаягдлын стандарт, хэмжилтийн аргачлалыг тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран;

11.2.3.нүүрсийг гүн боловсруулах замаар гаргах шинэ түлшний стандартыг түлшний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран;

11.2.4.автобензин, дизель, шингэрүүлсэн шатдаг хий зэрэг түлш, шатахууны стандартыг автотээврийн болон газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран.

11.3.Шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллага нь дангаараа, эсхүл холбогдох төрийн захиргааны байгууллагатай хамтран агаарын бохирдлыг бууруулах, хянах чиглэлээр бусад стандартыг боловсруулж батлуулна.

12 дугаар зүйл.Агаарын чанарыг сайжруулах бүс

Хэвлэх

12.1.Агаарын бохирдлыг бууруулах, агаарыг хамгаалах зорилгоор төрийн захиргааны төв байгууллага нь нутгийн захиргааны байгууллагатай хамтран агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоож болно.

12.2.Агаарын чанарыг сайжруулах бүсийн хилийн зааг, байршлыг харуулсан 1:25000-аас доошгүй масштаб бүхий газрын зургийг тухайн нутгийн захиргааны байгууллага үйлдэж олон нийтэд нээлттэй байлгана.

12.3.Агаарын чанарыг сайжруулах бүсэд авч хэрэгжүүлэх арга хэмжээг заасан тухайн бүсэд мөрдөх журмыг төрийн захиргааны төв байгууллага нутгийн захиргааны байгууллагатай хамтран батална.

12.4.Агаарын чанарыг сайжруулах бүсэд хамаарах газар нутгийн хэмжээнд аливаа бохирдуулах бодисын хамгийн их агууламж нь агаарын чанарын стандартаас хэтрэхгүй байвал зохино.

12.5.Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, тухайн бүсэд мөрдөх журмыг Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулиар зохицуулна.

/Энэ хэсгийг 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/

13 дугаар зүйл.Агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр ашиглах зөвшөөрөл

Хэвлэх

13.1.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр ашиглаж үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхдээ мэргэжлийн албаар дүгнэлт гаргуулан сум, дүүргийн Засаг даргаас зөвшөөрөл авна.

13.2.Энэ хуулийн 13.1-д заасан зөвшөөрөлд тухайн эх үүсвэрээс агаарт гаргах бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх хаягдал, үзүүлэх физикийн сөрөг нөлөөллийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг зааж, агаарыг хамгаалах талаар авах арга хэмжээ, хууль тогтоомжид заасан бусад шаардлагыг тусгана.

13.3.Энэ хуулийн 13.2-т заасан бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх хаягдлын хэмжээг тогтоох журмыг төрийн захиргааны төв байгууллага батална.

14 дүгээр зүйл. Агаарын бохирдол, физикийн сөрөг нөлөөлөл ноцтой нэмэгдсэн үед авах арга хэмжээ

Хэвлэх

14.1.Гэнэтийн аюул, үйлдвэрлэлийн осол болон бусад шалтгаанаар агаар дахь бохирдуулах бодисын агууламж, физикийн сөрөг нөлөөллийн түвшин нэмэгдэж, стандартад заасан хүлцэх хэм хэмжээнээс хэтэрсэн нь хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахаар болсон бол тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, мэргэжлийн алба энэ тухай аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, хүн амд шуурхай мэдэгдэнэ.

14.2.Агаарын бохирдол, физикийн сөрөг нөлөөлөл нэмэгдсэн шалтгааныг тогтоох, хохирлыг арилгах арга хэмжээг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, мэргэжлийн алба, бүх шатны Засаг дарга, холбогдох эрүүл ахуйн болон бусад байгууллага хамтран яаралтай авч хэрэгжүүлнэ.

14.3.Энэ хуулийн 14.1-д заасан аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, албан тушаалтан агаарын бохирдол, физикийн сөрөг нөлөөллийг багасгах зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагын ажилд тусгай горим тогтоох, тэдгээрийн үйл ажиллагааг түр зогсоох, шаардлагатай тохиолдолд хүн амыг хамгаалах, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг Гамшгаас хамгаалах тухай хуульд заасны дагуу авч хэрэгжүүлнэ.

15 дугаар зүйл.Агаарт бохирдуулах бодис гаргах, физикийн сөрөг нөлөөлөл үзүүлэхийг хязгаарлах

Хэвлэх

15.1.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн байгаль, цаг уурын нөхцөлөөс шалтгаалан агаарын бохирдол ихсэж болзошгүй тухай мэдээг мэргэжлийн албанаас хүлээн авмагц өөрийн эзэмшлийн агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэрээс агаарт гаргах бохирдуулах бодис, үзүүлэх физикийн сөрөг нөлөөллөө багасгах талаар энэ хуулийн 14.2-т заасан арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

15.2.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэний агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэрээс агаарт гаргаж байгаа бохирдуулах бодис, үзүүлж байгаа физикийн сөрөг нөлөөлөл нь тогтоосон стандартаас хэтэрсэн, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюул учруулах нөхцөл байдал бий болсон нь тогтоогдсон тохиолдолд байгаль орчны болон эрүүл ахуйн улсын байцаагч уг зөрчлийг арилгах хүртэл тухайн аж ахуйн нэгж, байгууллага, иргэний үйл ажиллагааг хязгаарлаж буюу түр зогсоож болно.

15.3.Агаарт стандартаас хэтрүүлэн бохирдуулах бодис гаргаж, физикийн сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа, хөдөлгөөнт эх үүсвэрийн ашиглалтыг байгаль орчны улсын байцаагч болон цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагч төрийн захиргааны төв байгууллага, холбогдох байгууллагатай хамтран тогтоосон журмын дагуу хязгаарлаж болно.

15.4.Агаар бохирдуулах бодисын хаягдлын стандарт, физикийн сөрөг нөлөөллийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ, зөвшөөрөлд заасан нөхцөл, шаардлагыг удаа дараа зөрчсөн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг зогсоох буюу үйлдвэрлэлийн чиглэлийг нь өөрчлөх саналыг байгаль орчны болон эрүүл ахуйн улсын байцаагч зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагад тавих бөгөөд уг саналыг эрх бүхий байгууллага 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.

15.5.Агаарыг хамгаалах зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, талбайд тодорхой төрлийн тээврийн хэрэгсэл нэвтрэн орохыг сум, дүүргийн Засаг даргын шийдвэрээр хориглож буюу хязгаарлаж болно.

15.6.Зориулалтын бус газарт хог хаягдал хаях, ил задгай шатаах болон хог хаягдал устгах стандартын шаардлага хангаагүй аливаа үйл ажиллагааг хориглоно.

16 дугаар зүйл.Барилга байгууламж барих, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд агаарыг хамгаалах талаар тавих шаардлага

Хэвлэх

16.1.Үйлдвэрлэл, үйлчилгээний болон бусад зориулалттай барилга байгууламжийн байршлыг сонгох, зураг төсөл зохиох, барих, өргөтгөл, шинэчлэл, засварын ажил гүйцэтгэх, ашиглалтад оруулах, технологи, тоног төхөөрөмж суурилуулах, тэдгээрийг өөрчлөх, шинэчлэхэд агаарын чанарын стандарт болон физикийн сөрөг нөлөөллийн стандартыг үндэслэнэ.

16.2.Агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэрийн барилга байгууламжийг барьж байгуулахад байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэнэ.

16.3.Агаарт онцгой хортойгоор нөлөөлж болзошгүй үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж барих асуудлыг зохих шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санал, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний дүгнэлтийг үндэслэн барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэнэ.

16.4.Суурин газрын агаарыг хамгаалах зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилга байгууламжид ариун цэврийн хамгаалалтын бүс тогтоож хүн амын суурьшлын бүсээс зааглах бөгөөд уг бүсийн хэмжээг үйлдвэрлэл, үйлчилгээний салбар, төрөл бүрээр тогтоосон жагсаалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

16.5.Агаарыг хамгаалах шаардлага хангаагүй техник, технологи нэвтрүүлэх, материал, бодис, бүтээгдэхүүнийг хэрэглэх, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл ашиглахыг хориглоно.

17 дугаар зүйл.Суурин газар барьж байгуулахад агаарыг хамгаалах талаар тавих шаардлага

Хэвлэх

17.1.Эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь хот, тосгон, бусад суурин газрын байршил, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа агаарын төлөв байдалд гарч болох өөрчлөлт, болзошгүй сөрөг нөлөөллийг харгалзана .

17.2.Энэ хуулийн 17.1-д заасан төлөвлөгөөг төрийн захиргааны төв байгууллагаар хянуулан зөвшөөрөл авна.

18 дугаар зүйл.Агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэрийг тоноглох

Хэвлэх

18.1.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхдээ эх үүсвэр нэг бүрээ хянах дотоод хяналтын багаж хэрэгсэл болон агаар бохирдуулах бодисыг саармагжуулах, цэвэрлэх, физикийн сөрөг нөлөөллийг бууруулах тоног төхөөрөмжөөр тоноглоно.

18.2.Агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэрийг энэ хуулийн 18.1-д заасан багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр тоноглох, тэдгээрийн ашиглалтын байдалд тухайн салбарыг харьяалах төрийн захиргааны төв байгууллага, сум, дүүргийн Засаг дарга, байгаль орчны улсын байцаагч хяналт тавина.

19 дүгээр зүйл.Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах

Хэвлэх

19.1.Конвенци болон холбогдох үндэсний хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицлын сан, цэвэр хөгжлийн механизмын төслийн үйл ажиллагааг зохицуулах, үнэлгээ өгөх, тайлан мэдээ гаргах үүрэг бүхий Уур амьсгалын өөрчлөлтийн ажлын алба /цаашид "ажлын алба" гэх/-ыг төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулж ажиллуулна.

19.2.Хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн улсын тооллогыг Конвенцийн талуудын бага хурлаар баталсан арга зүйн дагуу ажлын алба зохион байгуулж явуулна.

20 дугаар зүйл.Озоны үе давхаргыг хамгаалах

Хэвлэх

20.1.Озон задалдаг бодис, түүнийг агуулсан тоног төхөөрөмжийн жагсаалт болон тэдгээрийг импортлох, худалдах, ашиглах тусгай зөвшөөрөл олгох журмыг Засгийн газар батална.

20.2.Тухайн жилд импортлох озон задалдаг бодис болон түүнийг орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийн тоо хэмжээг төрийн захиргааны төв байгууллага жил бүр тогтоож, эдгээр бодис, тоног төхөөрөмжийг импортлох, худалдах, ашиглах зөвшөөрөл олгоно.

20.3.Энэ хуулийн 20.1-д заасан жагсаалтад орсон бодис, тоног төхөөрөмжийн импорт, худалдаа, үйлдвэрлэлийн тухай мэдээллийг гаалийн байгууллага болон үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэн энэ хуулийн 10.5-д заасан журмын дагуу мэргэжлийн албанд гаргаж өгнө.

20.4.Озон задалдаг бодисыг юүлэх, дахин боловсруулах, тоног төхөөрөмжийг дахин цэнэглэх үйл ажиллагааг төрийн захиргааны төв байгууллагаас эрх авсан мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ.

20.5.Озон задалдаг бодис, түүнийг агуулсан тоног төхөөрөмж болон хураагдсан бодисыг устгах, зайлуулах, нөөцөлж хадгалах журмыг төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

ТАВДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

21 дүгээр зүйл.Агаар бохирдуулах бодисын хаягдал, физикийн сөрөг нөлөөлөл, тэдгээрийн эх үүсвэрийн улсын нэгдсэн тоо бүртгэл

Хэвлэх

21.1.Агаар бохирдуулах бодисын хаягдал, физикийн сөрөг нөлөөлөл, тэдгээрийн эх үүсвэрийн төрөл, тоо, хэмжээг улсын нэгдсэн тоо бүртгэлд хамруулна.

21.2.Улсын нэгдсэн тоо бүртгэл, агаар бохирдуулах бодисын хаягдал, агаарт үзүүлэх физикийн сөрөг нөлөөлөл, тэдгээрийн эх үүсвэрийн улсын тооллогыг төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу мэргэжлийн алба гүйцэтгэнэ.

22 дугаар зүйл.Агаарын төлөв байдал, цаг уурын үзэгдэлд зориуд нөлөөлөх

Хэвлэх

22.1.Агаарын төлөв байдал, цаг уурын үзэгдэлд зориуд нөлөөлөх шаардлага гарсан тохиолдолд уг ажиллагааг гүйцэтгэх байгууллагад төрийн захиргааны төв байгууллага мэргэжлийн албаны дүгнэлтийг үндэслэн зөвшөөрөл олгоно.

22.2.Зориуд нөлөөлөх нь агаарын төлөв байдал, уур амьсгалд сөрөг нөлөөлөхгүй байвал зохино.

23 дугаар зүйл.Агаарын бохирдлын төлбөр

Хэвлэх

23.1.Агаарын бохирдлын эх үүсвэр бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэн агаарын бохирдлын төлбөр төлнө.

23.2.Энэ хуулийн 23.1-д заасан агаарын бохирдлын төлбөрийн хэмжээ, түүнийг төлөх журмыг хуулиар тогтооно.

24 дүгээр зүйл.Агаарын бохирдлын нөхөн төлбөр

Хэвлэх

24.1.Агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэрээс агаарт бохирдуулах бодисыг бохирдуулах бодисын хаягдлын стандартад заасан хэмжээнээс хэтрүүлэн гаргасан тохиолдолд мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн байгаль орчны байцаагч, холбогдох сум, дүүргийн Засаг дарга учирсан хохирлыг арилгуулж, хохирлын хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр агаарын бохирдлын нөхөн төлбөр ногдуулан, төлөлтөд нь хяналт тавина.

24.2.Агаарын бохирдлын нөхөн төлбөрийг холбогдох аж ахуйн нэгж, байгууллага, иргэн Цэвэр агаарын санд төлнө.

24.3.Гэм буруутай этгээд энэ хуулийн 24.1-д заасан хохиролд агаарын бохирдлын нөхөн төлбөр төлсөн нь түүнд зохих хууль тогтоомжийн дагуу эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

25 дугаар зүйл.Цэвэр агаарын сан

Хэвлэх

25.1.Цэвэр агаарын сангийн үйл ажиллагааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулна.

25.2.Цэвэр агаарын сангийн төсвийн ерөнхийлөн захирагч нь байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна.

25.3.Цэвэр агаарын сангийн үйл ажиллагааг зохицуулах олон талын оролцоог хангах орон тооны бус Удирдах зөвлөлтэй байна.

25.4.Энэ хуулийн 25.3-т заасан Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхий сайд томилно.

25.5.Цэвэр агаарын сангийн үйл ажиллагааг зохицуулах олон талын оролцоог хангах орон тооны бус Удирдах зөвлөлийн ажиллах журмыг Засгийн газар батална.

26 дугаар зүйл.Агаарын тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

26.1.Агаарын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хохирлыг нөхөн төлүүлж, шүүгч, эсхүл улсын байцаагч дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:

26.1.1.агаарын чанарт сөргөөр нөлөөлж байгаа өөрийн үйл ажиллагааны тухай болон озон задалдаг бодис, түүнийг агуулсан тоног төхөөрөмжийн импорт, үйлдвэрлэлийн тухай мэдээлэл, агаарын бохирдлын эх үүсвэрийн дотоод хяналтын мэдээг тогтоосон хугацаанд мэдээлээгүй буюу зориуд буруу мэдээлсэн, энэ хуульд заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг дөрвөөс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

26.1.2.бохирдуулах бодисын хаягдлын стандартаас хэтрүүлэн бохирдуулах бодис гаргадаг, физикийн сөрөг нөлөөлөл үзүүлдэг тээврийн хэрэгсэл, хөдөлгөөнт бусад эх үүсвэр ашиглан агаар бохирдуулж байгаа иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг зургаагаас долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

26.1.3.агаарыг хамгаалах шаардлага хангаагүй барилга байгууламж, тоног төхөөрөмжийг ашиглалтад оруулсан, техник, технологи нэвтрүүлсэн иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрвөөс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг наймаас ес дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

26.1.4.агаарт бохирдуулах бодис гаргах, физикийн сөрөг нөлөөлөл үзүүлэх талаар зөвшөөрөлд заасан хэмжээ, нөхцөл, шаардлагыг зөрчсөн, эсхүл агаарт гаргах бохирдуулах бодис, физикийн сөрөг нөлөөллийг багасгах, цэвэрлэх, хянах тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ашиглах журам зөрчсөн иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

26.1.5.хүн амын оршин суугаа орчны агаарыг бохирдуулан хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлсэн болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бохирдуулах бодис гаргадаг, физикийн сөрөг нөлөөлөл үзүүлдэг агаарын бохирдлын суурин эх үүсвэр ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж агаар бохирдуулсан бол хууль бусаар олсон орлогыг хурааж, түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

26.1.6.энэ хуулийн 24.1-д заасны дагуу гэм буруутай этгээдээр хохирлыг арилгуулаагүй, агаарын бохирдлын нөхөн төлбөр ногдуулаагүй албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг наймаас ес дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

26.1.7.энэ хуулийн 24.1-д заасан агаарын бохирдлын нөхөн төлбөрийг гэм буруутай этгээд төлөөгүй бол уг төлбөрийг төлүүлж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг есөөс арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ