Хэвлэх DOC Татаж авах
ЭДИЙН ЗАСАГ ДАХЬ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ САЙЖРУУЛАН ЧИГЛҮҮЛЭХ ТУХАЙ

БНМАУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ШИЙДВЭР

 

1991 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр                                                              Дугаар 222                                                                                                    Улаанбаатар хот

 

ЭДИЙН ЗАСАГ ДАХЬ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ САЙЖРУУЛАН ЧИГЛҮҮЛЭХ ТУХАЙ

 

Улс орны эдийн засгийн өөрийгөө хангах, нөхөн үйлдвэрлэх чадвар сул, санхүүгийн нөөц хүрэлцээгүй, технологи, техникийн түвшний хувьд ихээхэн хоцрогдолтойн зэрэгцээ шийдвэрлэх нөлөө бүхий гадаад нөхцөл байдал эрс өөрчлөгдсөний улмаас эдийн засгийн хямрал түргэн гүнзгийрч, зах зээлийн харилцаанд шилжих амаргүй үйл явцтай давхцаж байна. Энэ хүнд үед хүмүүсийг зах зээлийн эдийн засгийн нөхцөлд бие лаан ажиллаж амьдрах сэтгэхүйн бэлтгэл, арга ухаанд сургах ажил хангалтгүй, төрийн захиргааны байгууллагын зохион байгуулах чадвар сул байгаагаас нөөц бололцоогоо дээд зэргээр дайчилж чадаагүй, гаргасан шийдвэр нь тэр бүр үр дүнд хүрэхгүй байна.Энэ бүхэн нть эдийн засаг дахь төрийн зохицуулалтыг хүчтэй болгохыг шаардаж байгааг тэмдэглэж, БНМАУ-ын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн нэг дэх заалтыг баримтлан ТОГТООХ нь:

Нэг.Төрийн зохицуулалтыг сайжруулах талаар БНМАУ-ын Засгийн газар /Ерөнхий сайд Д.Бямбасүрэн/-т дараах зүйлийг чиглэл болгосугай:

1.Үнийн зохицуулалт, хяналт болон индексчлэлийг Засгийн газрын байнгын анхааралд авч үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, барааны хомсдлыг багасгах арга хэмжээ авах;

2.Үнийн өсөлтийг хязгаарлах болон мөнгөний ханш бууралтыг тогтоон барих, цаашид тогтворжуулах талаар авах арга хэмжээг 1991 оны 11 дүгээр сарын 1-ний наана Монголбанктай хамтран боловсруулж Улсын бага хуралд оруулан шийдвэрлүүлэх;

3.Олон улсын байгууллага, гадаад орны тусламжийн хөрөнгийг улс орны экспортын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, импортыг хорогдуулахад голлон зориулахын зэрэгцээ түүний тодорхой хэсгийг эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд зохицуулан зарцуулж байх;

4.Зах зээлийн нөхцөлд БНМАУ-ын эдийн засаг, нийгмийн удирдлагын схемийг, дэд систем, орон нутгийн удирдлагын схемийн хамт 1992 онд багтаан боловсруулах;

5.Улс ардын аж ахуйн дээд түвшний стратегийн төлөвлөлт болон жилийн төлөвлөгөө, үйлдвэрлэлийн нэгжийн өөрөө төлөвлөх тогтолцоог зах зээлийн эдийн засгийн зарчимд нийцүүлэн бий болгож дээд, дунд, доод түвшин болон орон нутгийн төлөвлөлтийг холбох, хэрэгжүүлэх арга замыг тогтоож түүнийг мэдээллээр хангах, бүртгэх, тайлагнах зарчмыг үзүүлэлтийн хамт боловсруулан 1992 оноос эхлэн мөрдүүлэх;

6.Эдийн засаг, үйлдвэрлэл, технологи, патентын талаар гадаадтай харилцах төслүүд боловсруулах, хяналт тавих, хэрэгжүүлэх болон экспорт импортын үйл ажиллагаатай холбогдсон мэргэжлийн туслалцааг үйлдвэр, аж ахуйн газар, өмчтөнд үзүүлэх,зуучлах үүрэг гүйцэтгэх ажлыг үр нөлөөтэй зохион байгуулан эрчимжүүлэх;

7.Төр, засгаас авах арга хэмжээний үндэслэлийг сайжруулахад онцгой анхаарч, эрдэмтэн мэргэжилтэн нарыг Засгийн газар болон түүний байгууллагуудад хавсран ажиллуулах, суурь судалгаа болон улс орны хэрэгцээ шаардлага, төр засгийн шийдвэр, хуультогтоомжийг шинжлэх ухааны арга зүй, мэргэжлийн хувьд үндэслэлтэй холбогдсон хавсарга судалгаар эрдэмтдийн нэр зааж, тэдэнтэй гэрээ байгуулан санхүүжүүлдэг журамд 1992 оноос эхлэн шилжих, шаардлагатай чухал асуудлаар эрдэмтэн, мэргэжилтэн, үйлдвэрлэлийн удирдагчдын зөвлөлгөөн хийж, саналыг авч тусгаж байх;

8.Зах зээлийн боловсон хүчин бэлтгэх, хөдөлмөрчдийн зах зээлийн харилцааны мэдлэгийг дээшлүүлэх, сэтгэл зүйн бэлтгэлийг хангах ажлыг зохион байгуулах;

9.Хуулийн биелэлтийг зохион байгуулах, хянан шалгах ажлыг эрчимжүүлэхэд төрийн захиргааны бүх шатны байгууллагын ажлыг чиглүүлж, хуулийг мөрдөх явцад гарч буй асуудлуудыг байнга судалж, түүнд шаардлагатай нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг Улсын бага хуралд оруулж байх;

10.Эдийн засгийн эсрэг чиглэсэн зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах.

Хоёр.БНМАУ-ын бага хуралд дараах зүйлийг зөвлөмж болгосугай:

1.Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг 1992 оны 1 дүгээр сарын 1-ний наана хэлэлцэн батлах;

2.“Шударга өрсөлдөөнийг дэмжих, дангаар ноёрхохыг хязгаарлах тухай” хуулыг энэ онд багтаан хэлэлцэн батлах.

Гурав.Орон нутгийн Ардын хурлын тэргүүлэгчид, гүйцэтгэх захиргаадад дараах зүйлийг чиглэл болгосугай:

1.Зах зээлд шилжих үйл явцыг төрийн захиргааны байгууллагын байнгын хяналтад авч, түүнийг зохицуулан зохион байгуулах асуудлыг эн тэргүүний үүргээ гэж үзэж ажиллах;

2.Бүс нутгийн цогцолбор хөгжлийн асуудлыг аймаг, хотууд бие даан буюу хамтран боловсруулж өөрсдийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэж байх.

 

 

БНМАУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ                                                                        П.ОЧИРБАТ