A

A

A

Бүлэг: 1979

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ШИЙДВЭР

1997 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр

Дугаар 68

Улаанбаатар хот

ЭМНЭЛГИЙН ТӨЛБӨРТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР ЗАСГИЙН ГАЗАРТ ЧИГЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ

Хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоог аль болохоор хангаж эмнэлгийн үйлчилгээг сайжруулах нь засаг төрийн байгууллагуудын чухал үүрэг мөн билээ.

Засгийн газраас эмнэлгүүдэд төлбөрт үйлчилгээ нэвтрүүлэх арга хэмжээ авч байгаа нь зарчмын хувьд зүйтэй боловч "Иргэний эрүүл мэндийн даатгалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын хавсарсан тушаалаар эмнэлгийн зарим шинжилгээ, үйчилгээний тарифыг батлахдаа хүн амын орлого, төлбөрийн чадварыг зөв харгалзахгүйгээр төлбөрийн хэмжээг өндөр тогтоосноос иргэдийг ихээхэн чирэгдүүлж, эмнэлгийн зарим үйлчилгээг авч чадахгүйд хүргэж болзошгүй байгааг хянан үзэх шаардлагатай байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн нэгдүгээр хэсгийн 3 дахь заалтыг үндэслэн Засгийн газарт чиглэл болгох нь

1."Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Эрүүл мэнд, нийгмийн хамгаагаллын сайд, Сангийн сайдын 1997 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн А/104/91 тоот тушаалын 2, 3 дугаар хавсралтыг хүчингүй болгон, төлбөрт шинжилгээ, үйлчилгээний жагсаалт, төлбөрийн хэмжээг хянан үзэж бууруулах арга хэмжээг энэ оны 4 дүгээр сард багтаан авсугай;

Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бүрдүүлж төлөвшүүлэх ажил нэлээд бэрхшээл, зөрчилтэй тулгарч байгаа ч гэсэн аажмаар жигдрэх хандлагатай болсныг харгалзан хувийн хэвшлийн эрүүл мэндийн үйлчилгээний байгууллагуудыг уул тогтолцоонд хамруулж төрийн зүгээс дэмжих дэс дараатай арга хэмжээг авсугай;

3.Иргэний эрүүл мэндийн даатгал, эмнэлгийн үйчилгээний талаархи хууль тогтоомжийг иргэд, эмч, эмнэлгийн ажилтнуудад тайлбарлан таниулах ажлыг эрчимтэй зохион байгуулж, төлбөрт үйлчилгээтэй холбогдон эмнэлгийн байгууллагуудад гарч буй зөрчил, дутагдлыг арилгахыг даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ П.ОЧИРБАТ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД М.ЭНХСАЙХАН