A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • САМАР ЭКСПОРТЛОХЫГ ХОРИГЛОХ ТУХАЙ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар тушаалаар хүчингүй болсон.
Бүлэг: 1979

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар тушаалаар хүчингүй болсон.

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

САМАР ЭКСПОРТЛОХЫГ ХОРИГЛОХ ТУХАЙ

2009 оны 10 дугаар сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 286

Хуш модны самрыг түүж бэлтгэх үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах, хуш модыг гэмтээх, ойн түймэр гарах сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор ойн дагалт нөөц хуш модны самрыг зохистой, хяналттай ашиглуулах зорилгоор "Байгаль орчныг хамгаалах тухай хууль"-ийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2, 15.1.4 дэх заалт, "Ойн тухай хууль"-ийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2, 12.1.5 дах заалт болон 2006 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Засгийн газрын хуралдааны 28 дугаар тэмдэглэл, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2009 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 01/2652 тоот албан бичгээр ирүүлсэн дүгнэлтийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

Нэг. Хуш модны самрыг экспортын зориулалтаар түүж бэлтгэх, экспортлохыг хориглосугай.

Хоёр. Дотоодын хэрэгцээнд үйлдвэрлэлийн зориулалтаар хуш модны самрыг бэлтгэх зөвшөөрлийг хууль тогтоомжийн дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн, xушны самар бэлтгэх, боловсруулах, ашиглах эрх бүхий мэргэжлийн байгууллагад олгохыг холбогдох сум, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Гурав. Энэхүү шийдвэрийг холбогдох байгууллага, хүмүүст хүргэн, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар /Д.Энхбат/, Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газар /Д.Дагвадорж/, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Ойн газар /М.Тунгалаг/, Гаалийн ерөнхий газар /Ж.Цэвээнжав/, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар /Ц.Шийрэвдамба/ нарт тус тус даалгасугай.