Хэвлэх DOC Татаж авах
ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2010 оны 5 дугаар сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот

ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХ ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/



НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, цагдаа, тагнуул, онцгой байдлын болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бие бүрэлдэхүүнээс энхийг дэмжих ажиллагаанд оролцох, түүнд хамаарах сургалт, дадлага, хангалттай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

/Энэ хэсэгт 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан, 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

Хэвлэх

2 дугаар зүйл. Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хууль тогтоомж

2.1.Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай хууль, энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

2.3.Энхийг дэмжих ажиллагаан дахь Монгол Улсын оролцоо нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад чиглэсэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлийн шийдвэр, хоёр талын болон олон улсын гэрээтэй зөрчилдөхгүй байна.

Хэвлэх

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн нэр томъёог дараахь утгаар ойлгоно:

3.1.1.“энхийг дэмжих ажиллагаа” гэж олон улсын болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах, зэвсэгт мөргөлдөөнийг таслан зогсоох, түүний хор уршгийг арилгах зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн дагуу Аюулгүйн зөвлөлөөс гаргасан шийдвэрээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын, эсхүл бүс нутгийн холбогдох байгууллага, аливаа улсын удирдлага, зохион байгуулалтын дор явагдаж байгаа олон үндэстний үйл ажиллагааг;

3.1.2.“бие бүрэлдэхүүн” гэж энхийг дэмжих ажиллагаанд оролцохоор томилогдсон зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, цагдаа, тагнуул, онцгой байдлын болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдыг;

/Энэ заалтад 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан, 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар  нэмэлт оруулсан/

3.1.3.“зэвсэгт хүчний цэргийн баг” гэж энхийг дэмжих ажиллагаанд оролцохоор томилогдсон зохих бүтэц, орон тоо, зэвсэглэл, тоног төхөөрөмж, хангалтын эд зүйлс бүхий бие бүрэлдэхүүнийг;

3.1.4.“сургалт, дадлага” гэж олон улсын холбогдох байгууллага, аливаа улсын санаачилгаар зохион байгуулж байгаа энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх бие бүрэлдэхүүнд мэдлэг, чадвар олгоход чиглэсэн төрөл бүрийн үйл ажиллагааг.

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОГЧ, ТҮҮНИЙ ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ

4 дүгээр зүйл. Энхийг дэмжих ажиллагаанд оролцогч

4.1.Энхийг дэмжих ажиллагаанд оролцох бие бүрэлдэхүүн нь цэргийн алба хаагч, зэвсэгт хүчний цэргийн баг байна.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.2.Энхийг дэмжих ажиллагаанд оролцохоор томилогдсон бие бүрэлдэхүүн нь сайн дурын үндсэн дээр сонгогдож, уг ажиллагааны өмнөх тусгай сургалтад хамрагдсан байна.

Хэвлэх

5 дугаар зүйл. Энхийг дэмжих ажиллагаанд гүйцэтгэх үүрэг

5.1.Монгол Улсаас энхийг дэмжих ажиллагаанд дараахь төрлийн үүрэг гүйцэтгүүлэхээр зэвсэгт хүчний цэргийн багийг оролцуулна:

5.1.1.гал зогсоох гэрээний биелэлтэд хяналт тавих;

5.1.2.мөргөлдөгч талуудыг тусгаарлах, зэвсэг хураах;

5.1.3.зэвсэгт мөргөлдөөний хор уршгийг арилгах;

5.1.4.инженерийн болон бүтээн байгуулалтын бусад ажил гүйцэтгэх;

5.1.5.дүрвэгсдийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх;

5.1.6.эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх;

5.1.7.аюулгүй байдлыг хангах байгууллагын бие бүрэлдэхүүнийг сургах;

5.1.8.Нэгдсэн Үндэстний Байгууллагаас тогтоосон бусад үүрэг.

Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

6 дугаар зүйл. Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрх

6.1.Монгол Улсын Засгийн газар нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.1.1.Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн зэвсэгт хүчний цэргийн багийг энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах, эгүүлэн татах шийдвэр гаргах;

6.1.2.энхийг дэмжих ажиллагаанд оролцох асуудлаар Нэгдсэн Үндэстний Байгууллага, бүс нутгийн холбогдох байгууллага, бусад улстай гэрээ, хэлэлцээр байгуулах;

6.1.3.бие бүрэлдэхүүнийг энхийг дэмжих ажиллагаанд оролцуулахтай холбогдсон санхүүгийн нөөцийг жил бүрийн улсын төсөвт тусган Улсын Их Хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх;

6.1.4.бие бүрэлдэхүүнийг энхийг дэмжих ажиллагаанд оролцуулахтай холбогдсон нэмэлт санхүүгийн нөөц шаардагдсан тохиолдолд тухай бүр хэлэлцэн шийдвэрлэх;

6.1.5.энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагыг өөрийн оронд зохион байгуулах, энэ төрлийн арга хэмжээнд зэвсэгт хүчний цэргийн багийг оролцуулах;

6.1.6.Монгол Улсаас хилийн чанадад энхийг дэмжих ажиллагаа, сургалт, дадлагад оролцохоор томилогдсон бие бүрэлдэхүүн болон өөрийн оронд зохион байгуулах энэ төрлийн сургалт, дадлагад оролцох гадаад орны бие бүрэлдэхүүн, тэдгээрийн зэвсэглэл, тоног төхөөрөмж, хангалтын эд зүйлсэд хил, гаалийн шалгалт хийх, навигацийн болон бусад үйлчилгээний журмыг тогтоох;

6.1.7.энхийг дэмжих ажиллагаанд оролцох бие бүрэлдэхүүний бүтэц, зохион байгуулалт, зэвсэглэл, тоног төхөөрөмж, хангалтын эд зүйлсийн төрөл, хэмжээг тогтоох;

6.1.8.энхийг дэмжих ажиллагаанд оролцсон бие бүрэлдэхүүний сэтгэл зүй, бие бялдрыг нөхөн сэргээх, сувилах зардлыг санхүүжүүлэх журмыг тогтоох;

6.1.9.энхийг дэмжих ажиллагаанд бэлтгэх, оролцох асуудлыг зохицуулах үүрэг бүхий зөвлөлийг мэргэжлийн байгууллагын төлөөлөлтэйгээр шаардлагатай үед байгуулж, ажиллах журмыг тогтоох.

Хэвлэх

7 дугаар зүйл. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх

7.1.Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.1.1.Монгол Улсаас оролцох боломжтой энхийг дэмжих ажиллагаа, энэ талаархи сургалт, дадлага, тусламж, дэмжлэгийн асуудлыг Засгийн газрын холбогдох гишүүнтэй хамтран судалж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх;

7.1.2.Монгол Улсаас энхийг дэмжих ажиллагаа, энэ талаархи сургалт, дадлагад оролцуулах болон хангалт, үйлчилгээтэй холбогдсон асуудлаар Нэгдсэн Үндэстний Байгууллага, холбогдох улс, бүс нутгийн байгууллагатай харилцаж, зохицуулах;

7.1.3.энхийг дэмжих ажиллагаа, энэ талаархи сургалт, дадлагад оролцож байгаа бие бүрэлдэхүүний эрхийг хамгаалах;

7.1.4.энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа бие бүрэлдэхүүнийг Монгол Улсын болон тухайн улсын хууль тогтоомж, Нэгдсэн Үндэстний Байгууллага, олон улсын гэрээгээр тогтоосон дүрэм, журам зөрчсөн буюу эрүүл мэндийн байдал, ар гэрийн шалтгаанаар үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд энэ хуулийн 8.1.3-т заасны дагуу холбогдох байгууллагын саналыг үндэслэн эгүүлэн татах асуудлыг шийдвэрлүүлэх.

Хэвлэх

8 дугаар зүйл. Батлан хамгаалахын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх

8.1.Батлан хамгаалахын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.1.1.зэвсэгт хүчний цэргийн багийг энхийг дэмжих ажиллагаа, энэ талаархи сургалт, дадлагад оролцуулах асуудлыг Засгийн газрын холбогдох гишүүнтэй хамтран Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх;

8.1.2.цэргийн мэргэжлийн удирдлагын төв байгууллагын сонгож санал болгосноор энхийг дэмжих ажиллагаа, сургалт, дадлагад оролцуулах бие бүрэлдэхүүнийг томилох;

8.1.3.энэ хуулийн 7.1.4-т заасан шалтгааны улмаас бие бүрэлдэхүүнийг эгүүлэн татах;

8.1.4.энхийг дэмжих ажиллагаанд оролцох бэлтгэлийг хангах бодлого боловсруулж хэрэгжүүлэх;

8.1.5.Монгол Улсаас энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа байдлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газарт мэдээлэх;

8.1.6.энхийг дэмжих ажиллагаанд оролцсоны нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасны дагуу зарцуулах;

8.1.7.цэргийн мэргэжлийн удирдлагын төв байгууллагын санал болгосноор энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах бие бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх, сонгох, үүрэг гүйцэтгэх үед дагаж мөрдөх дүрэм, журмыг батлах.

Хэвлэх


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

9 дүгээр зүйл. Энхийг дэмжих ажиллагаанд оролцох бие бүрэлдэхүүний эрх зүйн байдал

9.1.Энхийг дэмжих ажиллагаанд оролцохоор томилогдсон бие бүрэлдэхүүний эрх зүйн байдал нь уг ажиллагааг зохион байгуулахтай холбогдуулан эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр болон Нэгдсэн Үндэстний Байгууллага, бүс нутгийн байгууллага, тухайн ажиллагаа явагдаж байгаа улстай байгуулсан гэрээгээр тодорхойлогдоно.

9.2.Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа бие бүрэлдэхүүн тухайн ажиллагааг удирдахаар Нэгдсэн Үндэстний Байгууллага, бүс нутгийн байгууллага, аливаа улсын шийдвэрээр байгуулагдсан олон үндэстний цэргийн хүчний командлалд захирагдах бөгөөд энэ нь бие бүрэлдэхүүн энхийг дэмжих тухайн ажиллагааны бүсэд байх хугацаанд хамаарна.

9.3.Бие бүрэлдэхүүн нь Монгол Улсын зэвсэгт хүчний дүрэмт хувцас, цолны болон ялгах тэмдэгтэй байх бөгөөд тухайн ажиллагааг удирдаж байгаа эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрээр тусгай таних тэмдэг нэмж хэрэглэж болно.

9.4.Бие бүрэлдэхүүн энхийг дэмжих ажиллагаанд оролцохдоо эрх зүйн зөрчил, гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.

Хэвлэх

10 дугаар зүйл. Энхийг дэмжих ажиллагаанд оролцохтой холбогдох зардал

10.1.Энхийг дэмжих ажиллагаанд оролцохтой холбогдох зардал нь сургалт, бэлтгэл, хангалт, оролцох үеийн зардлаас бүрдэх бөгөөд уг зардлыг жил бүрийн улсын төсвийн батлан хамгаалах арга хэмжээний зардалд тусгасан байна.

10.2.Энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа бие бүрэлдэхүүний цалин хангамж, эдийн засгийн бусад баталгааг төр хариуцна.

10.3.Бие бүрэлдэхүүний урьд эрхэлж байсан албан тушаалыг хэвээр хадгалж, өөрөө зөвшөөрсөн тохиолдолд цалин, нэмэгдлийг итгэмжлэгдсэн этгээдэд олгож болно.

10.4.Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх бие бүрэлдэхүүнийг амь нас, эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалд заавал хамруулсан байх бөгөөд даатгалтай холбогдон гарах зардлыг тухайн ажиллагааг удирдаж байгаа эрх бүхий байгууллага, аливаа улстай байгуулсан хоёр талын болон олон талт олон улсын гэрээнд тусгаагүй бол Засгийн газрын тусгай сангийн хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.

10.5.Энхийг дэмжих ажиллагаанд зэвсэгт хүчний цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын зардлын хэмжээг Засгийн газар тогтооно.

10.6.Бие бүрэлдэхүүнээс энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж яваад амь эрсэдсэн, хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

11 дүгээр зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

11.1.Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ДЭМБЭРЭЛ