A

A

A

Бүлэг: 1979

/НЗД-ын 2018 оны А/227 дугаар захирамжаар хүчингүй болсон/

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2004 оны 6 дугаар

сарын 11-ний өдөр Дугаар 287 Улаанбаатар хот

ИРГЭДЭЭС САНАЛ ХҮСЭЛТ, ГОМДОЛ МЭДЭЭЛЛИЙГ ТЕЛЕФОН УТСААР ХҮЛЭЭЖ АВАХ ҮЙЛЧИЛГЭЭ АЖИЛЛУУЛАХ

Монгол Улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь заалт, “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай” хуулийн 6.4, 17 дугаар зүйлд заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

Нэг. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан тушаалтан, албан хаагчдаас иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээний чанар, хөнгөн шуурхай байдлыг сайжруулах, түүнд оршиж байгаа хүнд суртлыг багасгах зорилгоор иргэдээс санал хүсэлт, гомдол мэдээллийг телефон утсаар хүлээж авах үйлчилгээг 2004 оны 6 дугаар сарын 21-ны өдрөөс эхлэн ажиллуулсугай.

Хоёр. Иргэдээс санал хүсэлт, гомдол мэдээллийг телефон утсаар хүлээж авах үйлчилгээ ажиллуулах журмыг хавсралт ёсоор баталсугай.

Гурав. Энэхүү захирамжийг нийт ажилтнууддаа танилцуулахыг нутгийн захиргааны бүх байгууллагуудын удирдлагуудад, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ц.Болдсайхан/ -т үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА М.ЭНХБОЛД

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

Дугаар А/227

2018 оны 03 сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

Захирамж хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 68 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Үндэслэл болгосон хууль хүчингүй болсон, тухайн харилцааг өөр эрх зүйн хэм хэмжээний актаар зохицуулсны улмаас хэрэгцээ шаардлага, ач холбогдолгүй болсон, хууль тогтоомжид нийцэхгүй зэрэг үндэслэлээр дараахь захирамжуудыг хүчингүй болгосугай.

1.1. "Журам батлах тухай" Нийслэлийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 523 дугаар захирамж;

1.2. "Журам батлан төлбөрийн хэмжээ тогтоох тухай" Нийслэлийн Засаг даргын 2004 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 49 дүгээр захирамж;

1.3. "Улсын төсвийн хөрөнгөөр нийслэлийн хүн амын хэрэгцээнд нөөцөлсөн махыг борлуулах тухай" Нийслэлийн Засаг даргын 2004 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 123 дугаар захирамж;

1.4. "Иргэдээс санал хүсэлт, гомдол, мэдээллийг утсаар хүлээж авах үйлчилгээ ажиллуулах тухай" Нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 287 дугаар захирамж.

2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасны дагуу хүчингүй болсон эрх зүйн актуудыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангаас хасуулах арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ С.БАТБОЛД