A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТӨРӨӨС ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр

Дугаар 121

Улаанбаатар хот

ТӨРӨӨС ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Төмөр замын тээврийн тухай хуулийн 6.2, 9.1.1, 9.1.2, Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолын 2.2, "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого"-ын 2.2.3, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны 35/32, 2012 оны 07/04 дүгээр зөвлөмжийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого"-ын 3.2.2-т заасан эхний үе шатанд барьж эхлэх төмөр замын суурь бүтэц, 3.2.4-т заасан 2 дахь үе шатанд барьж эхлэх төмөр замын суурь бүтцийг улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой төмөр замын суурь бүтэц гэж үзсүгэй.

2. Улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдол бүхий төмөр замын суурь бүтцийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалттайгаар цогцоор нь барьж байгуулах зорилгоор энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан Зүүнбаян-Ханги, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замаас бусад төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг "Монголын төмөр зам" ТӨХК-д олгосугай.

(Энэ заалтад Засгийн газрын 2022 оны 108 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

3. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын I болон II үе шатанд барих төмөр замын суурь бүтцийг барих төслийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчтай хамтарсан тусгай зориулалтын компани байгуулах замаар хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг "Монголын төмөр зам" ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Батзаяа)-д даалгасугай.

4. 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр "Дорнын төмөр зам" ХХК болон "Монголиантранс Лайн" ХХК-тай байгуулсан "Сайншанд-Тавантолгой" чиглэлд төмөр замын суурь бүтэц барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээг, "Энержи Ресурс" ХХК болон "Энержи Ресурс Рэйл" ХХК-тай байгуулсан "Ухаахудаг-Гашуунсухайт" чиглэлд төмөр замын суурь бүтэц барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээг тус тус цуцлах арга хэмжээ авахыг Зам, тээврийн сайд А.Гансүх, Төрийн өмчийн хороо (Ц.Нанзаддорж)-нд даалгасугай.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан "Дорнын төмөр зам" ХХК болон "Монголиантранс Лайн" ХХК, "Энержи Ресурс" ХХК болон "Энержи Ресурс Рэйл" ХХК, сонирхсон бусад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийж төслийг хамтран хэрэгжүүлэх бүтэц, хөрөнгө оруулалтын хэмжээ, нөхцөлийг тохирох, энэ тогтоолын 4 дүгээр зүйлд заасан компаниудын төмөр замын төсөлд оруулсан хөрөнгө оруулалтын зардлыг 3 дугаар зүйлд заасан тусгай зориулалтын компанид оруулах хөрөнгө оруулалтад тооцож хувьцаа эзэмшүүлэх, эсхүл буцаан олгох талаар хэлэлцээ хийхийг Зам, тээврийн сайд А.Гансүхэд даалгасугай.

6. Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлд төмөр замын суурь бүтэц барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээ байгуулаад байсан хуулийн этгээдийн уг чиглэлийн төмөр замын суурь бүтцийг ашиглан жилд тээвэрлэх ачааны хэмжээ бүхий тээврийн эрхийг олгох, одоогийн байдлаар ажил гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүдийг цаашид үргэлжүүлэн ажиллуулах асуудлыг судалж шийдвэрлэхийг Зам, тээврийн сайд А.Гансүхэд даалгасугай. 7. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төмөр замын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2012 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 93 дугаар тогтоол, "Төмөр замын суурь бүтцийг барих концессын гэрээний тухай" Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 161 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Зам, тээврийн сайд А.ГАНСҮХ