Хэвлэх DOC Татаж авах
БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /БНбД 81-94-12/, 81-95-12, 81-02-12, 83-29-12/

МОНГОЛ УЛСЫН ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

 

2012 оны 6 дугаар сарын 13-ны өдөр                                    Дугаар 181                                                   Улаанбаатар хот

 

БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Барилгын тухай Монгол Улсын хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 07 дугаар, 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаар хурлын тэмдэглэлийг үндэслэн ТУШААХ нь:

1.“Барилгын үнэ бүрдлийн үндсэн дүрэм”/БНбД 81-94-12/-ийг 1 дүгээр хавсралтаар, “Барилгын төсөв зохиох дүрэм” /БНбД 81-95-12/-ийг 2 дугаар хавсралтаар,/2-р хавсралтыг БХБС-ын 2020 оны 30 дугаар тушаалаар 2021.01.01-нээс эхлэн хүчингүй болгосон/ “Барилга, сантехникийн ажлын төсвийн суурь нормын нэмэлт №4”/БНбД 81-02-12/-ийг 3 дугаар хавсралтаар, “Барилга, сантехникийн ажлын хөдөлмөр зарцуулалтын жишиг нормын нэмэлт №1” /БНбД 83-29-12/-ийг 4 дүгээр хавсралтаар тус тус баталж, 2012 оны 9 дүгээр сарын 01-нээс эхлэн мөрдүүлсүгэй.

2.Өөрийн захиалгатай барилга байгууламжид барилгын зөвлөх үйлчилгээ авах, эсэхээ шийдэж, авах тохиолдолд зөвлөх үйлчилгээний зардлыг тухайн барилга байгууламжийн төсөвт тусгуулж байхыг барилгын захиалагч байгууллагын дарга нарт зөвшөөрсүгэй.

3.“Барилгын үнэ бүрдлийн үндсэн дүрэм”, “Барилгын төсөв зохиох дүрэм”-ийг хэрэглэхтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Газрын харилцаа,барилга, геодези, зураг зүйн газрын дарга /Ц.Ганхүү/-д даалгасугай. Үүнд:

а/Батлагдсан норм, дүрмүүдийг хөрөнгө оруулагч, захиалагч, гүйцэтгэгч болон барилгачдад танилцуулах, нийтэд сурталчлах, хэвлэж олшруулах, хэрэглэх ажлыг зохион байгуулах;

б/“Барилгын үнэ бүрдлийн үндсэн дүрэм”, “Барилгын төсөв зохиох дүрэм”-ийн талаарх нэгдсэн сургалт семинарыг Барилгын төсөвчдийн холбоотой хамтран энэ онд багтаан зохион байгуулах;

в/Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийхдээ барилгын төсөв, үнэ бүрдлийн норм, дүрэм, заавруудын хэрэгжилтийг шалгаж, илэрсэн зөрчлийг арилгаж барилга байгууламжийн төсөвт өртгийг зөв тодорхойлж байх;

г/Барилгын үнэ бүрдлийн үндсэн дүрэм, төсөв зохиох дүрмийн хэрэгжилтийн явц, үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулж 2013 оны 2 дугаар улиралд багтаан яаманд танилцуулах.

4.Энэ тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын газар /Б.Баасан/-т даалгасугай.

5.Энэ тушаал гарсантай холбогдуулан “Нэмэгдэл зардал, ашгийн жишиг норм тогтоох тухай” Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1998 оны 09 дүгээр тушаал, Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1995 оны 273 дугаар тушаалаар баталсан “Барилга байгууламжийн прейскурант боловсруулах, хэрэглэх дүрэм” /БНбД IY-14-89/, Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1998 оны 200 дугаар тушаалаар баталсан “Барилгын төсөв зохиох заавар” /БНбД (IY) 81-2-98,”Нэмэгдсэн өртгийн албан татварын эх үүсвэрийг төсөвт тусгах тухай” Барилга, хот байгуулалтын сайдын 2007 оны 31 дүгээр тушаал, “Жишиг нормд өөрчлөлт оруулах тухай” Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны 327 дугаар тушаал, Барилга, архитектур,техник хяналтын улсын хорооны 1985 оны12 дугаар тогтоолоор баталсан “Үндсэн дүрэм”/БНбДIY-1-85/,Улсын барилгын хорооны 1990 оны 04 дүгээр тогтоолоор баталсан “Барилгын төсөвт өртгийг тодорхойлох дүрэм” /БНбДIY-15-90/, Барилга, хот байгуулалтын комиссын 1992 оны 53 дугаар тогтоолоор баталсанБарилгын өртгийн хязгаар хэлцлийн үнэ зохиох аргачлал, гүйцэтгэлийн төсөв боловсруулах заавар”-ыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

САЙД                                                 Ц.ДАШДОРЖ

 

Улсын бүртгэлийн санд 2012 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 3338 дугаарт бүртгэв.

 

/БХБС-ын 2018 оны 09 дүгээр тушаалаар орсон нэмэлт, өөрчлөлтийг тусгав/