A

A

A

Бүлэг: 1979

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

Засаг даргын 2012 оны 04 сарын 19-ний  өдрийн а/194 дүгээр захирамжаар хүчингүйд тооцсон.

АРЦ ХАМГААЛАХ ТУХАЙ

2004 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Дананзадгад





Дугаар 115

Аймгийн байгаль цаг уурын нөхцөл байдлыг тодорхойлж, унах хур тундас, чийгшилтийн хэмжээг нэмэгдүүлэх, цөлжилтийг сааруулж, элсний нүүлт, шороон шуурганы дэгдэлтийг багасгахад эерэгээр нөлөөлж байдаг Говь гурван сайхан уулын бүс нутаг дахь экологийн тэнцвэрт байдлыг хангадаг олон талын ач холбогдол бүхий арцыг сийлбэр, урлал хийж бизнесийн зорилгоор, оршуулга болон түлшинд зүй бусаар ашиглаж ирсний улмаас нөөц нь ихээр хомсдож, устах аюулд тулгараад байгааг тэмдэглээд “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 19 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
Нэг. Арцыг шашин шүтлэг, зан үйл, ариусгалын зориулалтаар тусгай зөвшөөрлийн дагуу ашиглахаас бусад тохиолдолд түүний үр, үндэс, навч, хожуулыг оршуулга, түлшний хэрэгцээнд ахуйн зориулалтаар болон бүтээгдэхүүн хийж борлуулахаар бизнесийн зориулалтаар ашиглахыг 2004 оны 05-р сарын 15-ний өдрөөс эхлэн хориглосугай.
Хоёр. Стратегийн төлөвлөлт, бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга /О.Бадарч/, Байгаль орчны албаны дарга /Д.Давааням/, Өмнөд говийн улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны дарга /Д.Алтангэрэл/, арц бүхий Даланзадгад, Баяндалай, Булган, Ханхонгор, Хүрмэн сумдын Засаг дарга нарт Даалгах нь:
1.Арц түүний ач холбогдол, ашиглаж ирсэн уламжлалт арга, ёс төр, зан үйл болон энэ захирамжийн зорилго, агуулгыг өргөн сурталчлах ажлыг тусгай төлөвлөгөөний дагуу зохион байгуулах, арцтай ам бүрийн эхэнд санамж, анхааруулга хийж тавих
2.Арцтай газар оршин суугч нутгийн уугуул иргэд, нөхөрлөл, хамт олныг арцыг хамгаалах, үр бэлтгэх, нөхөн сэргээж, тарьж ургуулах ажилд өргөнөөр татан оролцуулж, тэднийг идэвхтэн байгаль хамгаалагчаар ажиллуулан шаардлагатай цэгүүдэд хамтарсан үзлэг шалгалт хийж, байнгын эргүүл, харуул пост ажиллуулж хэвшүүлэх
3.Шашин шүтлэг, зан үйл, ариусгалын зориулалтаар арцыг ашиглах, зөвшөөрөл олгох, худалдах тусгай журам гарган мөрдөж ажиллах.
4.Арц бүхий нутгийн иргэд, айл өрх бүрийг хорголын зуух, хийн плетка, нар салхины сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах, шахмал түлш үйлдвэрлэх хөдөлгөөн өрнүүлэх
5.Аймгийн уулархаг нутаг болон Даланзадгад хот, сумдын төв, суурин газрууд, усалгаатай тариалангийн талбайнуудад арцыг тарьж ургуулах, нутагшуулах ажлыг туршин хэрэгжүүлэх
Гурав. Тус аймагт НҮБ-ын Даян дэлхийн байгаль хамгаалах сангийн дэмжлэгтэйгээр арцыг нөхөн сэргээх, шинээр тарьж ургуулах зорилготой “Арц” төсөл үйл ажиллагаагаа эхэлж байгааг сайшаан дэмжсүгэй.
Дөрөв. Уг төслийг цаашид удаан хугацаагаар үргэлжлүүлж, хамрах хүрээг өргөжүүлэхийн зэрэгцээ арц орчныхоо байгаль цаг уурт үзүүлэх нөлөөллийг судлах, бусад холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллахыг “Арц” төслийн удирдагч /Д.Даргахүү/-д санал болгосугай.
Тав. Арц бүхий нутагт мониторингийн цэг байгуулах, нарийвчлан судлах, дүгнэлт гаргах, орчин үеийн техник хэрэгслээр иж бүрэн хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга /Г.Дуламцоо/-д даалгасугай.
Зургаа. Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд байнгын хяналт тавьж, хэрэгжилтийг жил бүр Засаг даргын зөвлөлд танилцуулж байхыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Стратегийн төлөвлөлт, бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэс /О.Бадарч/-т даалгасугай.


ЗАСАГ ДАРГА С.СУМЪЯА


                                                                                   2004 оны 6 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэлийн 2474 дүгээрт бүртгэсэн