A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 12 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 191

Улаанбаатар хот

"УЛААНБААТАРЫН ДУЛААНЫ Ү ЦАХИЛГААН СТАНЦ"-ЫГ БАРИХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 5.1.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт Ургах наран хорооллын урд талын авто зам болон төмөр замын хооронд Хөлийн голын хөндийд 43 га газрыг чөлөөлж, "Улаанбаатарын дулааны Ү цахилгаан станц"-ыг барих зориулалтаар уг газрыг олгохыг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд даалгасугай.

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан газарт "Улаанбаатарын дулааны Ү цахилгаан станц"-ыг барихтай холбоотой судалгаа, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийж, баталгаажуулахыг Эрчим хүчний сайд М.Сономпил, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нарт даалгасугай.

3. "Улаанбаатарын дулааны Ү цахилгаан станц"-ыг барьж ашиглахад шаардагдах ус хангамж, нүүрсний тээвэр, үнс зайлуулахтай холбогдсон асуудлыг судалж, санал боловсруулан шийдвэрлүүлэх үүрэг бүхий хамтарсан Ажлын хэсэг байгуулж ажиллахыг Эрчим хүчний сайд М.Сономпил, Зам, тээврийн сайд А.Гансүх, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нарт даалгасугай.

4. Концессын хуулийн дагуу уралдаант шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөл, шаардлагыг баримтлан "Улаанбаатарын дулааны Ү цахилгаан станц"-ыг барихаар шалгарсан хуулийн этгээдтэй хэлцээг үргэлжлүүлэн хийж, концессын гэрээг зохих журмын дагуу байгуулан баталгаажуулах ажлыг зохион байгуулан 2013 оны III улиралд багтаан барилгын ажлыг эхлүүлэх арга хэмжээ авахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Эрчим хүчний сайд М.Сономпил нарт даалгасугай.

5. "Улаанбаатарын дулааны Ү цахилгаан станц"-ыг барих ажлын явцын талаар Засгийн газрын хуралдаанд улирал бүр танилцуулж байхыг Эрчим хүчний сайд М.Сономпилд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Эрчим хүчний сайд М.СОНОМПИЛ