Хэвлэх DOC Татаж авах
ХҮНИЙ ДАРХЛАЛ ХОМСДОЛЫН   ВИРУСЫН ХАЛДВАР, ДАРХЛАЛЫН ОЛДМОЛ ХОМСДОЛООС СЭРГИЙЛЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
2012 оны 12 сарын 13 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

ХҮНИЙ ДАРХЛАЛ ХОМСДОЛЫН ВИРУСЫН ХАЛДВАР, ДАРХЛАЛЫН ОЛДМОЛ ХОМСДОЛООС СЭРГИЙЛЭХ ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/



НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх талаар төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас хэрэгжүүлэх үйл ажиллагаа, эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтэн, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх үүргийг тодорхойлж, уг вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой нь тогтоогдсон хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл.Хүний дархлал хомсдолын вирусын халдвар,  дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хууль тогтоомж

2.1.Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль,Эрүүл мэндийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хэвлэх

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“хүний дархлал хомсдолын вирус” гэж зөвхөн хүний биеийн дархлалын эсүүдийг сонгомлоор гэмтээдэг вирус /ретровирус/-ыг;

3.1.2.“дархлалын олдмол хомсдол” гэж хүний дархлал хомсдолын вирусын нөлөөгөөр хүний биеийн дархлалын эсүүд гэмтэж, дархлалын тогтолцоо алдагдсанаар өвчин, эмгэг илрэхийг;

3.1.3.“хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх” гэж хүний дархлал хомсдолын вирусын халдвар тархахад нөлөөлж байгаа нөхцөл, шалтгааныг арилгах, тархалтыг бууруулахад чиглэсэн эдийн засаг, нийгэм, эрх зүйн цогц арга хэмжээг.

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХҮНИЙ ДАРХЛАЛ ХОМСДОЛЫН ВИРУСЫН ХАЛДВАР, ДАРХЛАЛЫН ОЛДМОЛ ХОМСДОЛООС СЭРГИЙЛЭХ ТАЛААРХ ТӨРИЙН БОЛОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН ЭРХ,ҮҮРЭГ

4 дүгээр зүйл.Засгийн газрын бүрэн эрх

4.1.Засгийн газар хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх талаар дараах бүрэн эрхийг  хэрэгжүүлнэ:

4.1.1.хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулж, хяналт тавих;

4.1.2.хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх талаар улсын хэмжээнд баримтлах төрийн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх, эдийн засаг, санхүү, нийгмийн асуудлыг шийдвэрлэхтэй холбогдсон арга хэмжээ авах;

4.1.3.хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд зохицуулан зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хороо ажиллуулах;

4.1.4.энэ хуулийн 4.1.3-т заасан Үндэсний хорооны бүрэлдэхүүн, дүрмийг батлах.

4.2.Энэ хуулийн 4.1.3-т заасан Үндэсний хороо ажлын албатай байна.

Хэвлэх

5 дугаар зүйл.Төрийн  захиргааны төв байгууллагын  эрх, үүрэг

5.1.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх, талаар дараах  эрх, үүргийг  хэрэгжүүлнэ:

5.1.1.хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэхтэй холбогдсон бодлого боловсруулах, энэ асуудлаар гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

5.1.2.хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолтой холбогдсон албан ёсны мэдээ, мэдээллийн асуудлыг хариуцах;

5.1.3.энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан хүнд болон түүний эхнэр, нөхөр, гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч хамтын амьдралтай байгаа хүн, эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчид зөвлөгөө өгөх, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх журам батлан мөрдүүлэх;

5.1.4.хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагад мэргэжил, арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах;

5.1.5.хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан хүний хөдөлмөр эрхлэлт болон хөдөлмөрийн чадвар алдалтыг зохицуулсан журам батлах;

5.1.6.хүний дархлал хомсдолын вирусын халдвар илрүүлэх шинжилгээ хийх, энэ хуулийн 10.1.3-т заасан шинжилгээнд хамрагдах талаар зөвлөгөө өгөх журам батлах.

5.2.Энэ хуулийн 5.1-д зааснаас бусад төрийн захиргааны төв байгууллага хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх талаар дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

5.2.1.хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг салбарынхаа хэмжээнд зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих;

5.2.2.хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх сургалт, сурталчилгааны ажлыг холбогдох төрийн байгууллагатай хамтран зохион байгуулах, энэ ажилд салбарынхаа хэмжээнд  аж ахуйн нэгж, байгууллагыг татан оролцуулах;

5.2.3.энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан хүний эрхийг хангах эдийн засаг, санхүү, эрх зүйн болон хуулиар зохицуулагдаагүй нийгмийн бусад баталгааг бүрдүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авах.

Хэвлэх

6 дугаар зүйл.Нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргын   эрх, үүрэг

6.1.Нутгийн өөрөө удирдах байгууллага нь харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх  үйл ажиллагаатай холбогдсон сургалт,  сурталчилгааны ажилд иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг татан оролцуулах, уг вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх үйл ажиллагаанд шаардагдах эдийн засаг, санхүү, нийгмийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авна.

6.2.Бүх шатны Засаг дарга хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавина.

Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

7 дугаар зүйл.Эрүүл мэндийн байгууллагын үүрэг

7.1.Эрүүл мэндийн байгууллага хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх талаар дараах үүрэгтэй:

7.1.1.хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолыг илрүүлэх, оношлох, уг вирусын халдвар авсан болон дархлалын олдмол хомсдолтой хүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, тархвар судлалын  арга хэмжээ авах;

    

7.1.2.харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээндээ энэ хуулийн 5.1.3-т заасан зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулах;

    

7.1.3.баталгаажаагүй цус, цусан бүтээгдэхүүн, эхийн сүү, донорын эс, эд эрхтэн болон зүү тариур, бусад багаж хэрэгслээр хүний дархлал хомсдолын вирусын  халдвар эмнэлэгт тархахгүй байх нөхцөл бүрдүүлэх;

/Энэ заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

7.1.4.эмнэлгийн  мэргэжилтэн ажлын байрандаа хүний дархлал хомсдолын вирусын халдварт өртөхөөс  сэргийлэх зайлшгүй нөхцөл бүрдүүлэх;

7.1.5.эмнэлгийн  мэргэжилтэн ажил үүргээ гүйцэтгэхдээ хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан, халдвар авах эрсдэлд өртсөн бол  өртөлтийн дараах сэргийлэлтийн арга хэмжээ нэн даруй авах.

7.2.Энэ хуулийн 7.1 дэх хэсгийн заалт өмчийн аль ч хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагад нэгэн адил хамаарна.

Хэвлэх

8 дугаар зүйл.Эмнэлгийн мэргэжилтний эрх, үүрэг

8.1.Эмнэлгийн мэргэжилтэн  хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх талаар дараах эрхтэй:

8.1.1.хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой нь тогтоогдсон, түүнчлэн хүний дархлал хомсдолын вирусын халдварын сэжигтэй хүний донорын цус, цусан бүтээгдэхүүн, эс, эд эрхтэн, эхийн сүүг эмчилгээний, эсхүл асаргаа  сувилгаа хийх зорилгоор бусад хүнд хэрэглэсэн бол тархвар судлалын мэдээллийг холбогдох байгууллага, ажилтан,  иргэнээс авах;

/Энэ заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

8.1.2.ажлын байрандаа халдвар авсан, халдвар авах эрсдэлд өртсөн бол өртөлтийн дараах сэргийлэлтийн арга хэмжээнд хамрагдах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах.

8.2.Энэ хуулийн 8.1.2 дахь заалт эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа бусад ажилтанд хамаарна.

       

8.3.Эмнэлгийн мэргэжилтэн  хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх талаар дараах үүрэгтэй:

8.3.1.хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолыг илрүүлсэн, оношилсон талаар харьяалах эрүүл мэндийн байгууллагад зохих журмын дагуу  мэдээлэх;

8.3.2.хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолыг илрүүлэх шинжилгээ өгөх талаар үйлчлүүлэгчид санал тавих;

8.3.3.холбогдох этгээдэд энэ хуулийн 5.1.3-т заасан зөвлөгөө өгөх;

8.3.4.хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой нь тогтоогдсон хүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээс татгалзахгүй байх;

8.3.5.хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой нь тогтоогдсон хүний талаарх мэдээллийг энэ хуулийн 11.3-т заасны дагуу задруулахгүй байх.

Хэвлэх

9 дүгээр зүйл.Иргэний эрх, үүрэг

9.1.Монгол Улсын иргэн хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх талаар дараах эрхтэй:

9.1.1.хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолыг илрүүлэх үзлэг, шинжилгээ, халдвар судлалын хяналт хийж байгаа этгээдээс уг үзлэг, шинжилгээ, хяналтыг хийх эрхтэй болохыг нь нотлох албан ёсны баримт бичгийг шаардах;

9.1.2.хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол хомсдолын талаар үнэн зөв, бодит мэдээлэл олж авах, хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх аргад суралцах.

9.2.Монгол Улсын иргэн хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх талаар дараах үүрэгтэй:

9.2.1.хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх талаар төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, эрүүл мэндийн болон холбогдох бусад байгууллага, аж ахуйн нэгжээс  зохион байгуулж байгаа арга хэмжээнд оролцох;

9.2.2.хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй, байх;

9.2.3.хүний дархлал хомсдолын вирусын халдвараас өөрийгөө болон бусдыг хамгаалах, халдвар авсан тохиолдолд дархлалын олдмол хомсдолоор өвчлөхөөс сэргийлэх.

9.2.4.энэ хуулийн  11.2-т заасныг зөрчихгүй байх.

9.3.Энэ хуулийн 9.1, 9.2 дахь хэсгийн заалт Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа болон дамжин өнгөрөгч гадаадын иргэн, харьяалалгүй хүнд нэгэн адил хамаарна.

           

Хэвлэх

10 дугаар зүйл.Аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг

10.1.Аж ахуйн нэгж, байгууллага хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх талаар дараах үүрэгтэй:

10.1.1.ажилтныг ажлын байрандаа хүний дархлал хомсдолын вирусын халдвар авах эрсдэлд өртөхөөс сэргийлэх хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангах;

10.1.2.ажилтныг хүний дархлал хомсдолын вирусын халдвар илрүүлэх шинжилгээнд сайн дураар хамрагдахыг дэмжих;

10.1.3.ажилтныг энэ хуулийн 10.1.2-т заасан шинжилгээнд албадан хамруулахгүй байх;

10.1.4.хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой нь тогтоогдсон хүний биеийн эрүүл мэндийн байдал нь хөдөлмөр эрхлэхэд саад болохооргүй буюу хөдөлмөрийн нөхцөл нь харшлахгүй бол түүнийг уг шалтгаанаар ажилд авахаас татгалзахгүй, эрхэлж байгаа ажлаас нь  халахгүй байх;

10.1.5.хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан, дархлалын олдмол хомсдолтой нь тогтоогдсон ажилтныхаа  нууцыг хамгаалах, түүний талаарх энэ хуулийн 11.3-т заасан мэдээллийг бусдад задруулахгүй  байх;

10.1.6.хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх чиглэлээр сургалт явуулж байх;

10.1.7.энэ хуулийн 10.1.1, 10.1.6-д  заасан арга хэмжээнд шаардагдах зардлыг төсөвтөө тусгаж, зориулалтаар нь зарцуулах;

10.1.8.энэ хуулийн  11.2-т заасныг зөрчихгүй байх.

Хэвлэх

11 дүгээр зүйл.Хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой хүний эрхийг хамгаалах

11.1.Хуульд өөрөөр заагаагүй бол хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой хүний эрх, эрх чөлөөг хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой гэсэн үндэслэлээр хязгаарлахыг хориглоно.

11.2.Хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой хүнийг гутаан доромжлох, ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг хориглоно.

11.3.Байгууллага, албан тушаалтан, иргэн нь хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой хүний талаарх мэдээллийг хуульд зааснаас бусад тохиолдолд задруулахыг хориглоно.

11.4.Энэ хуулийн 11.3-т заасан мэдээлэлд хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой нь тогтоогдсон хүний эцэг, эхийн нэр, өөрийн нэр, ажлын, сургуулийн болон байнга оршин суугаа газрын хаяг, онцлог тэмдэг, гэрэл зураг, утасны дугаар, шинжилгээний хариу хамаарна.

11.5.Хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой нь тогтоогдсон хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хэмжээг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 30 дугаар зүйл болон энэ хуулийн 5.1.5-д заасны дагуу тодорхойлно.

Хэвлэх

12 дугаар зүйл.Хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой хүний үүрэг

12.1.Хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой хүн дараах үүрэгтэй:

12.1.1.хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу  дархлалын олдмол хомсдолтой болсон нөхцөл, шалтгааны талаар эрүүл мэндийн байгууллагад үнэн зөв мэдээлэл өгөх;

12.1.2.цус, эхийн сүү, үрийн болон бусад эд эрхтний донор байхаас татгалзах;

12.1.3.хүний дархлал хомсдолын вирусын халдварыг бусдад халдаахгүй байх, халдааж болох аливаа үйлдлээс татгалзах, өөрийгөө болон бусдыг хамгаалах.

Хэвлэх

13 дугаар зүйл.Хэвлэл мэдээллийн байгууллага, төрийн  бус байгууллага, аж ахуйн нэгжийн  оролцоо

13.1.Хэвлэл мэдээллийн  байгууллага, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж нь хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх талаар зохиох сургалт, сурталчилгааны ажилд оролцоно.

13.2.Хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллага энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан хүний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл тухайн этгээдийн итгэмжлэлийн үндсэн дээр эрх бүхий байгууллагад гомдол гаргаж болно.

Хэвлэх

14 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

14.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

14.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД